Уулын сонгино өвдгөн дээрээ тавих нь үе, мөчний өвчинг эмчлэхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #413

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Уулын сонгиноор үе, мөчний өвчинг эмчлэх боломжтой гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Хэсэг хугацаанд өвчин намдсан мэт мэдрэмж төрүүлэх ч, эмчилгээ болохгүй.

2023 оны 01 дүгээр сарын 24-нд Нийслэлийн мэдээ нэртэй пэйжид “Монголд ажлаар ирсэн Солонгос эмч найзтайгаа Тэрэлж явсан” гэх гарчигтай мэдээллийг, уулын сонгинын зургийн хамт оруулсан нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний байдлаар 378 реакц, 30 сэтгэгдэл авч, 389 удаа цааш хуваалцсан байна.

Нийтэлсэн мэдээллийн гол агуулга нь:
“Хөл өвддөг хүн энэ сонгиныг жижиглээд бага зэрэг норгож яг өвдөж байгаа хэсгээ бооно .Өвчин намдана. Үе мөч өвдөхөө больно” гэсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. Өвдгөн дээр сонгино тавих нь үр дүнтэй эсэх талаар нотолгоо байхгүй

Сөүлийн үндэсний их сургуулийн Анагаах ухааны зөвлөмж хэсэгт үе мөчний өвчний үед эерэг нөлөөтэй хүнсний талаар мэдээллийг 2015 оны 08 дугаар сарынг 25-нд байршуулсан байна. Мэдээлэл нь:
“Үе мөч өвдөх нь маш олон шалтгаантай ч ихэнх тохиолдолд яс, мөн үе хоорондын холбогч эд гэмтэх, элэгдэх, сийрэгжсэнээс үүдэлтэй байдаг. Тиймээс үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хүнс хэрэглэх нь биед тустай. Их Британийн Эзэн хааны коллежийн эрдэмтэдийн 1000 хүний дунд хийсэн туршилтаар ногоон сонгино тогтмол хэрэглэх нь үе мөчний өвчнөөс багахан хэмжээнд сэргийлж байсныг тогтоожээ. Тэр тусмаа ногоон сонгино нь диаллил сульфид гэх үе хоорондын мөгөөрсийг гэмтээдэг энзимийн төлжилтийг дарангуйлдаг байна” гэжээ.

Солонгосын анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын нэг болох Kormedi төвийн 2021 оны 03 дугаар сарын 14-ний мэдээлэлд ч “Өөрийн амтлах мэдрэмжид тохируулан саримс, сонгино, ногоон сонгино идэж байх нь үе мөчний өвчнөөс сэргийлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг” гэсэн байна.

Баттай эх сурвалжууд сонгины төрлийн хүнсний ногоог идэж хэрэглэхийг зөвлөсөн байх хэдий ч шууд үе мөчин дээр тавих нь үр дүнтэй эсэх дээр ямар нэг зөвлөмж, эмчилгээний практик, клиник туршилтын үр дүн байхгүй байна.

2. Хүнсний ногоонд байх ашигт нэгдлүүд арьсны гүн давхаргыг нэвтэлж яс, холбогч эдүүдэд нөлөөлөх боломж хомс

АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Хэрэглэгчдийн гомдлыг мэдээлэх төвийн вэбсайтад 2022 оны 09 сарын 09-нд байршуулсан мэдээлэлд:
“Олон улсын үс шилжүүлэн суулгах мэс засалчдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Нилофер Фаржогийн хэлж буйгаар сонгиныг хуйх, арьсан дээр хэт удаавал арьсыг гэмтээх эрсдэлтэй. Түүнчлэн арьс, хуйх хагарснаар загатнаж, үрэвсэх ч боломжтой” гэсэн байна.

АНУ-ын Blissoma гоо сайхны брэндийн вэбсайтын зөвлөмжид “Арьсанд шингэх, арьсны гүнд нэвчих хоёр өөр. Гоо сайхны бүтээгдэхүүн, элдэв тос зэрэг нь ихэнхдээ арьсанд шингэнэ. Хэрэв арьсан дээр тавьсан юм болгон арьсны гүн давхаргыг нэвтэлж, цусанд орж байвал бид амьд байхгүй. Арьс бол маш хүчтэй хамгаалагч. Тиймээс ч арьсны гүнд нөлөөлөх зориулалттай бүтээгдэхүүнүүд нэвчих чанарыг сайжруулах нэмэлт бодис ашигладаг” гэсэн байна.

Цагаан гаа арьсан дээрээ тавьж ханиад эдгээдэг гэх мэдээлэлтэй холбоотой бидний өмнөх баримт шалгалтад Баруун Австралийн их сургуулийн Амьсгалын замын анагаах ухааны институтийн эмч, зөвлөх профессор Юбэн Мүүдлигийн “Цагаан гаанд буй ашигт бодисууд арьсанд нэвчин, цусанд шингэж, уушгинд очсоноор нөлөөгөө үзүүлж байвал үнэхээр гайхамшиг” гэж хэлснийг хавсаргасан байдаг. Мөн ногоон лоолиор судасны бүдүүрэл эмчлэхтэй холбоотой баримт шалгалтад ч “Лооль нь чийглэг, хүйтэн учраас жин тавих үед загатнаа, өвдөлтийг багасгадаг ч өөр ямар ч төрлийн хүйтэн жин ижил үйлчилгээг үзүүлэх боломжтой” болохыг онцолжээ. Иймд өвдөг, үе мөчний өвчний үед ногоон сонгиноор жин тавих нь түр хугацаанд өвчин намдсан мэт сэтгэгдэл төрүүлэх ч эмчилгээ болох боломжгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document