Олон улсын баримт шалгагчдыг дэмжих сангийн үйл ажиллагааг хянахад зөвлөх үүрэгтэй тусгай комисст Монголын баримт шалгах төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо шалгарлаа

2022 оны 11 дүгээр сарын 29-нд сэтгүүлзүйн чиглэлээр дэлхийд түүчээлэгч АНУ-д төвтэй Poynter ашгийн бус институтын дэргэдэх Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (IFCN) нь олон улсын баримт шалгагчдын санал, санаачилгыг дэмжих, худал мэдээллийн хор уршгийг бууруулах чиглэлд Google болон Youtube платформуудтай хамтран ажиллах болсноо зарласан.

Хамтралын хүрээнд Олон улсын баримт шалгагчдын санг байгуулснаар дэлхийн өнцөг булан бүрт буй баримт шалгах байгууллагуудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж мөнгөн тэтгэлэг олгох юм. Сонгон шалгаруулалтад IFCN-ийн гишүүд буюу 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг 154 байгууллага оролцох боломжтой.

Сангийн нийт хөрөнгө нь 12 сая ам.доллар бөгөөд:

  • Гарааны шатандаа яваа болон шинэ хэрэгжүүлэх төслүүдийг дэмжих зорилготой Бүтээ /Build/ шатанд шалгарсан байгууллагуудад 25’000 ам.доллар хүртэлх,
  • Дотоодын болон бүс нутгийн түвшинд өрсөлдөх чадвараа дээшлүүлж, хүчин чадлаа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх Хөгж /Grow/ шатанд шалгарсан байгууллагуудад 50’000 ам.доллар хүртэлх,
  • Шинэ зах зээл рүү өргөжин тэлж, шинэ технологи, хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь туслах зорилготой Харилц /Engage/ шатанд шалгарсан байгууллагуудад 100’000 ам.доллар хүртэлх хэмжээний тэтгэлэг олгох ажээ.

Бүтээ шатанд хамрагдах хүсэлтэй байгууллагуудын хүсэлтийг 05 дугаар сарын 15-нд авч дууссан байна. Тун удахгүй дараагийн шатны сонгон шалгаруулалт зарлагдах юм.

Тус сангийн үйл ажиллагааг хянахад зөвлөх үүрэгтэй тусгай комисс байгуулсан ба уг багт Монголын баримт шалгах төвийн харъяалагддаг Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв ТББ-ын тэргүүн Б.Дуламхорлоо шалгаран ажиллаж байна. Хяналт, зөвлөлийн комисс дараах бүрэлдэхүүнтэйгээр энэ оныг дуустал ажиллах юм.

  • Хуурамч мэдээллийн эсрэг Aos Fatos платформын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Тай Налон
  • Висконсин-Мадисоны их сургуулийн зөвлөх профессор Лукас Грэйвс
  • Хонг Конгийн их сургуулийн зөвлөх профессор Кажимото Масато
  • Сербийн Авилга, гэмт хэргийг мэдүүлэх сүлжээний зохицуулагч Хэлэна Васич
  • Factcheck.org сайтын захирал Южин Кели
  • Сэтгүүл Зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвийн үүсгэн байгуулагч, захирал Б.Дуламхорлоо
  • Гана дахь Сэтгүүл Зүйн инновац, Хөгжлийн төвийн Каролин Анипа
  • Jagran New Media агентлагийн гүйцэтгэх захирал Варат Гупта нарын нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй байна.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document