Ковид болон томуугийн вирус хоорондоо нийлэгжихгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #393

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Постод “Урд хөршийн маань ковид улам л төвөгтэй болсоор байна Вирусын гаралтай томуутай BF7 нь нийлэгжиж флүроне гэх үхлийн аюултай мутант үүсгэж байна Манайд томуу ялангуяа хүүхдүүдэд их байгаа” гэж дурджээ

Баримт шалгалтын үр дүн

Covid-19 вирус болон томуугаар зэрэг өвчлөхийг л флю+корона=флюрона гэж нэрлэж буй хэрэг

2023 оны 01 дүгээр сарын 12-нд Tserenkhuu Ishtseden нэртэй хэрэглэгчийн хаягаар нийтэлсэн пост 2023 оны 01 дүгээр сарын 23-ны байдлаар 610 реакц, 70 сэтгэгдэл авч, 36 удаа цааш түгээсэн байна. Постод “Урд хөршийн маань ковид улам л төвөгтэй болсоор байна Вирусын гаралтай томуутай BF7 нь нийлэгжиж флүроне гэх үхлийн аюултай мутант үүсгэж байна Манайд томуу ялангуяа хүүхдүүдэд их байгаа” гэж дурджээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1.Флюрона нь 2022 оны эхээр олон нийтийн дунд тархсан үг хэллэг бөгөөд шинэ мутац биш юм. 

АНУ-ын Forbes агентлагийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны Флюроны тухай мэдээнд:
“Флюроны анхны тохиолдол бүртгэгдлээ гэх мэдээлэл хүчтэй тархаж байна. Мэдээж өмнө нь огт сонсож байгаагүй шинэ нэр томьёо танд аюултай санагдана. Томуу, томуу төст өвчний болон Covid-19 халдварын вирусүүд мутацид орсон мэт санагдуулам уг нэршил нь шинэ ойлголт биш. Covid-19 вирус болон томуугаар зэрэг өвчлөхийг л флю+корона=флюрона гэж нэрлэж буй хэрэг. 2020 оны эхээр ч флюроны тохиолдлууд гарч л байсан. Томуу болон Covid-19 өвчний халдвар өндөр идэвхтэй үед хоёр вируст өртөх нь байх үзэгдэл. Гол нь цар тахлын болон улирлын шинжтэй өвчин давамгайлж буй энэ үед хүмүүсийн сэтгэл зүй аливаа асуудалд илүүтэй мэдрэг хандаж, зарим мэдээллийг давсалж байна. SARS-CoV-2 болон томуугийн вирусийн хооронд төстэй талууд бий. Иймд уг хоёр вирус хоорондоо нийлэгжих боломжтой эсэх талаар Канадын Саскачеваны их сургуулийн Вакцин ба халдварт өвчний байгууллагын профессор Алисон Кэлвинээс тодрууллаа. Тэрээр бидэнд “Уг хоёр вирус нь тэс өөр геномын бүтэц, дараалалтай. Иймд томуу болон ковидын вирус хоорондоо нийлэгжиж Флюрона гэж цуураад буйтай ижил шинэ вирус үүсгэх бараг л боломжгүй” гэж хариулсан” гэсэн байна. 

Олон нийтийг төөрөгдүүлсэн Флюрона гэх нэршлийн талаар Time, NBC News зэрэг томоохон агентлагууд ч мөн мэдээлсэн байна.

Монгол улсад буй Covid-19 өвчин болон томуугийн халдварын талаар ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд мэдээлсэнийг 01 дүгээр сарын 10-нд өөрсдийн пэйжээр дамжуулжээ. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан:
“2023 оны нэгдүгээр долоо хоногт КОВИД-19-ийн нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос 50 хувиар буурсан дүн.
Хоногт батлагдаж байгаа тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд 10-аас бага болсон байна. 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрөөс хойш КОВИД-19-ийн шалтгаант нас баралт манай улсад бүртгэгдээгүй.
Өнөөдрийн байдлаар  34 хүн эмнэлэгт хэвтэж байна. Мөн 134 хүн гэрийн хяналтад байна.
Манай улсын хувьд энэ Омикроны дэд хувилбарыг үүсгэж байгаа BQ.1 хувилбар 92.5 хувь, BQ.1.1 2.5 хувь, BA.5 хувилбар 5 хувьтай байна” гэж мэдээлэв. Шалгаж буй мэдээлэлд дурдсан BF7 нь нийт тархалтын 5 хувийг бүрдүүлж буй BA.5 хувилбарийг өөрөөр нэрлэж буй хэлбэр юм.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа:
“2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог буюу “Улбар шар” түвшинд хүрчээ. Уг өвчин сүүлийн гурван долоо хоногт тогтвортой нэмэгдэж байна.
Томуугийн өвчлөлийг үүсгэж давамгайлан эргэлдэж буй вирус нь В, А, H1N1. А хүрээний вирус илүү голлож байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 30% нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа нь өнгөрсөн долоо хоногийнхоос 6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт.
Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 72%, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 85%, сэхээнд байгаа хүүхдүүдийн 76% нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. ХӨСҮТ-д 211 хүүхэд томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдлын хувьд маш хүнд хүүхэд байхгүй, 7% хүнд, 30% дунд, 60% хүндэвтэр ангилалтай” гэв. 

Нэмэлт мэдээлэл:

ХӨСҮТ-ийн пэйжид 01 дүгээр сарын 19-нд байршуулсан Тархвар судлаач эмч Ч.Уртнасангийн ярилцлагад:

“Хүйтэн улиралтай дэлхийн улс орнуудад хүн жилдээ дунджаар зургаан удаа халдварт өртдөг гэсэн ДЭМБ-ын судалгаа байдаг. Гэхдээ халдварт өртсөн хүн бүрд эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй, халдварласан хүн бүр хүндрэхгүй. Энэ нь тухайн хүний дархлааны систем, дадал хэвшилтэй холбоотой байдаг.

Түүнчлэн нэг вирусээр халдварласан хүн дахин өөр вирусээр халдварлаж ханиад, томуугаар өвдөх магадлалтай. Учир нь, би дээр дурдсан одоогоор манай улсад  томуу болон томуу төст өвчний найман өөр төрлийн вирус идэвхтэй орчилд байна. Ханиад, томуугаар өвдсөн хүүхэд болон том хүний дархлааны систем муудчихсан байдаг тул дараачийн вирусээр халдварлах магадлал өндөр болдог. КОВИД-19-ийн болон ханиадны вирусээр давхар халдварлах бүрэн боломжтой. Манайд одоогор  BF 1.2, 1.5 түгээмэл байна. Өвчлөлийн хувьд идэвхжил буурч байна. Гэхдээ халдвар бүрэн алга болоогүй. Томуу, томуу төст өвчин, КОВИД-19 аль аль нь амьсгалын замаар халдварладаг. Томуу, томуу төст өвчин болон КОВИД-ын халдварын үед илэрч буй шинж тэмдэг адил төстэй байгаа. Харин КОВИД-19-ийн Омикрон хувилбар нь бусад варианттай харьцуулахад хүндрэл багатай, тархалт өндөртэй байгаа. Омикрон хувилбарыг томуутай харьцуулахад хоолой өвдөх нь түгээмэл байсан” гэж дурджээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document