Зөрчил гаргасан пэйжүүд мэдээллээ баталгаажуулна уу гэх мэдээлэл #ХУДАЛ Цахим халдлагаас болгоомжил!

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #391

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Зохиогчийн эрхийн зөрчилтэй пэйжүүдийг дурдаж, мэдээллээ батаглаажуул гэх постыг спам байдлаар оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Meta платформд мэдэгдэл албан шуудан эсхүл платформын дотоод сүлжээнээс мэдэгдэл байдлаар ирдэг.

2023 оны 01 дүгээр сарын 20-ноос эхлэн 𝗥𝗲𝗰𝗲𝗶𝘃𝗲 𝗕𝘂𝘀𝘀𝗶𝗻ə𝘀.𝗡𝗼𝘁𝗶𝗳𝗲 нэртэй хаягаар 10 удаа “Таны бүртгэл зохиогчийн эрхийн зөрчлийн талаарх 𝗣𝗮𝗴𝗲𝘀 үйлчилгээний бодлогыг сэжигтэй зөрчсөн болохыг илрүүллээ.

Аюулгүй байдлын үүднээс доорх холбоос дээр дарж бүртгэлээ баталгаажуулна уу.

Хэрэв та баталгаажуулахгүй бол манай систем таны фэйсбүүк хаягийг автоматаар хааж, цаашид ашиглах боломжгүй болно. Манай үйлчилгээг сайжруулахад тусалсанд баярлалаа. Интеграцийн баг Зохиогчийн эрх” гэсэн тайлбартай, appupdatesrecove.start.page гэх тодорхой мэдээлэлгүй домайны холбоосыг хавсарган оруулсаар байна.

FACTCHECK: Энэхүү анхааруулга мэт нийтлэл нь худал бөгөөд хавсаргасан холбоос дээр дарж нэвтэрснээр хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй.

1. Хаяг, агуулгыг нягтлах

Мэдээлэл оруулсан хаягийг өнөөдөр буюу 01 дүгээр сарын 20-нд анх нээж, 2 цагийн дотор олон дагагчтай пэйжүүдийг үсгийн дарааллаар дурдсан 10 постыг дараалан оруулсан нь хуурамч мэдээллээр фишинг буюу цахим залилан хийх оролдлого гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Meta платформд баталгаажсан хаяг, пэйжүүд цэнхэр тэмдэглэгээтэй байдаг. Гэтэл шалгаж буй мэдээллийг байршуулсан пэйжийн нэр нь алдаатай бичигджээ. Facebook нь аливаа зурвас, нийтлэл хэл зүй, үг найруулгын алдаатай байх нь залилангийн нэг шинж тэмдэг гэж үздэг.

Пэйжийн дэлгэрэнгүй хэсэгт нь тодорхой мэдээлэл, холбогдох хаяг, үйл ажиллагааны чиглэл, ямар байгууллага төлөөлж буй зэрэг мэдээлэл байхгүй байна.

Хэдийгээр Facebook-ээр үргэлжлүүлэх гэх товч гарч ирж буй ч домайн холбоос нь facebook.com гэх утга агуулаагүй байна.

Үргэлжлүүлэх товчлуур дээр дарахад дахин өөр домайн руу шилжиж танаас нэвтрэх нэр, нууц үг шаардаж байгаа нь таны хувийн мэдээлэлд халдах гэсэн оролдлого байж болзошгүй.

Нэмэлт мэдээлэл: Зохиогчийн эрхийн зөрчил гаргасан тохиолдолд хэрэглэгчийн хаягийг устгадаггүй бөгөөд тухайн зураг, нийтлэлийг хязгаарлах арга хэмжээ авдаг.

Facebook платформын Спам болон залилангаас сэргийлэх зөвлөмжид зааснаар:
“-Танаас мөнгө, бэлэг сэлт нэхсэн эсхүл таны хаягийг хязгаарлана, устгана гэх мэтээр сүрдүүлсэн агуулгатай шуудан, зурваст итгэхгүй байх
-Таны хаягтай холбоотой шуудан зөвхөн fb.com, facebook.com, facebookmail.com зэрэг баталгаажсан домайнаас илгээгдэх тул бусад төрлийн шуудангаас ирсэн зурвасуудад хариу өгөхгүй байх
-Facebook-ийн нэрийг барьж илгээсэн сэжигтэй холбоос руу нэвтрэхгүй байх нь зүйтэй” гэсэн байна.

Facebook платформ Зохиогчийн эрхтэй холбоотой түгээмэл асуултад дараах байдлаар хариулжээ.

Зохиогчийн эрхийн зөрчил гаргасан үндэслэлээр миний нийтлэлийг устгажээ. Энэ тохиолдолд Facebook-ээс зөрчил гаргасан хэрэглэгчид ямар мэдэгдэл хүргүүлдэг вэ?
-Бид зохиогчийн эрхийн зөрчилтэй холбоотой гомдол хүлээн авсан даруйдаа тухайн нийтлэлийг устгадаг. Нийтлэлийг оруулсан хэрэглэгчид нийтлэг тохиолдолд дараах мэдээллийг хүргүүлдэг. Үүнд:
-Гомдол, саналын дугаар
-Зохиогчийн эрх эзэмшигчийн нэр
-Гомдол гаргасан этгээдийн хавсаргасан цахим шуудангийн хаяг
-Гаргасан гомдлын дэлгэрэнгүй мэдээлэл
-Гомдолд зарга үүсгэх заавар зэрэг багтана. Тухайн гомдлыг утас, факс, цахим шуудангаар бидэнд ирүүлсэн тохиолдолд нийтлэлийг оруулсан хэрэглэгчид зөвхөн гомдлын дугаар, холбогдох тайлбарыг хүргүүлдэг. Хэрэглэгч бидэнд хандаж, нэмэлт мэдээлэл хүсэх боломжтой

Дээр дурдсанчлан зохиогчийн эрхтэй холбоотой асуудлаар Facebook тан руу өөрсдийн албан шуудан, эсхүл платформын дотоод системээр мэдэгдэл хүргүүлдэг. Шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг танаас нэвтрэх нэр, нууц үг шаардахгүй.

Хэрэв та цахим залиланд өртөх магадлалтай байснаа мэдэж авсан бол бусад хүмүүсийг хамгаалах үүднээс тухайн хаягийг репорт хийж болно. Ингэхийн тулд хаягийн баруун дээд хэсэгт байрлах гурван цэг /…/ дээр дарж Find support or report гэснийг сонгож зааврын дагуу хийж болно.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document