ЦЕГ-ын статистик мэдээлэлд “залилах гэмт хэргийн 85.1 хувийг цахим орчинд үйлдсэн” гэсэн байна. Энэ нь иргэдийн мэдлэг ойлголт хангалтгүй, хуурамч мэдээлэл, залилангийн шинжтэй санаархлуудыг таньж мэдэхгүй байгаагаас үүдэлтэй юм. Тиймээс олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлж, хуурамч мэдээллийг таних, түүнд өртөхгүй байх ур чадвар суулгах нь зайлшгүй чухал асуудал болоод байна. Энэ чиглэлээр ажиллаж ирсэн Сэтгүүл зүйн инновац хөгжлийн Үүр төв (Nest center) ТББ-ын дэргэдэх Монголын баримт шалгах төвийн үйл ажиллагаа, судалгааны мэдээлэл, олон нийтэд хандсан арга хэрэгслүүдийн талаар мэдээлэл хүргэе.
Залиланд өртсөн бол бусдадаа анхааруулж, баримт шалгах төв рүү илгээж, цагдаад мэдэгдээрэй
2025 оны Дижитал тайланд “2025 оны эхээр Монгол Улсад 2.9 сая хүн интернэт ашиглаж байсан нь хүн амын 83 хувь нь цахим хэрэглээтэй гэсэн үг. Үүнээс 2.6 сая сошиал медиа хэрэглэгч байгаа нь нийт хүн амын 74.4 хувьтай тэнцэж байна” гэжээ. Гэхдээ үүний цаана давхардсан болон хуурамч хаягууд байгааг үгүйсгэхгүй бөгөөд, хуурамч мэдээллээр урхидан, залилан үйлддэг гол суурь болоод байна.

Монголын баримт шалгах төв нь хиймэл оюунаар сургасан “АСУУ” нэртэй чатбот ажиллуулдаг. Тус төвийн пэйж хаягийн мессенжер чат руу шалгуулахыг хүссэн мэдээллээ илгээх боломжтой бөгөөд баримтаар шалгах шалгуур хангасан мэдээллүүдийг шалгаж, олон нийтэд мэдээлэл хүргэж ажилладаг. Энэ онд гэхэд тус төвийн “АСУУ” чатботоор ирсэн дөрвөн хүсэлт тутмын нэг нь залиланд өртсөн талаарх мэдээлэл байжээ. Тэдгээр хэрэглэгчийн 90 гаруй хувь нь цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, мөн бага хэмжээний хохиролтой байдаг байна.

Тэгэхээр бага хэмжээний мөнгөн дүн шилжүүлсэн олон зуун хэрэглэгч хуурамч мэдээллээр урхидсан залилангийн хохирогч болсоор, түүнийгээ чимээгүйхэн үлдээж, залилагчдыг өөгшүүлсээр байна. Харин тухай бүрд нь хуурамч мэдээллийг нь таньж мэдээд, хариу үйлдэл үзүүлэхгүй, репорт хийж мэдээлдэг, бусдадаа анхааруулдаг хүмүүс олон болбол залилагчдын орон зай хумигдах юм.
2025 он гарсаар Монголын баримт шалгах төвөөс цахим залилангийн шинжтэй мэдээллүүдэд хийсэн баримт шалгалт, мөн сэрэмжлүүлж, урьдчилан сэргийлэх зорилготой контентуудыг хүргэсэн нь нийт сая орчим үзэлт, хандалт авсан байна.


Сэтгүүл зүйн инновац хөгжлийн Үүр төв ТББ нь хэвлэл мэдээллийн байгууллагуудыг олон нийтийн төлөөх мэргэжлийн үйл ажиллагаагаа ёс зүйтэй, нээлттэй эрхэлж, орлогын олон талын загвараар тогтвортой байдлыг нь хангах арга зүй, зөвлөмж хүргэж ажилладгийн зэрэгцээ нийгэмд харанга дэлдээд буй хуурамч мэдээллээр дамжуулан манипуляц хийх, эрүүл мэнд, эдийн засгийн хохирол учруулах, хүний эрхийг зөрчих гэх мэт сөрөг үр дагавруудыг бууруулахын төлөө ажилладаг. Энэ чиг үүргээ Монголын баримт шалгах төвөөр дамжуулан хэрэгжүүлдэг байна. Тус төв нь цахим залилангийн эсрэг мэдээллийн аянд нэгдэх болсон гол шалтгаан нь жил бүр залилангийн шинжтэй мэдээлэл 25-30 хувийг тогтмол эзэлдэг судалгаанд үндэслэсэн шийдвэр ажээ.
Аяны хүрээнд олон нийтэд цахим залиланг таньж мэдэх, таньсан хойноо юу хийх болон бусдадаа хэрхэн түгээж сэрэмжлүүлэх чиглэлээр цаад учир шалтгаан, залилагчдын ашиглаж буй технологийн ажиллагааны горим зэргийг тайлбарлан таниулах юм.
Та бүхэн аяны хүрээнд түгээх #ДансааБүүАшиглуул хаштаг ашигласан контентуудаас цахим залилангийн мэдээллүүдийг хэрхэн таних талаар мэдэж, цааш нь түгээж бусдадаа сэрэмжлүүлээрэй.


