Хүн бүрийн өвчилсөн шалтгаан, биеийн байдал өөр тул зөвхөн нэг эм бүх хүнд ижил үйлчлэхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #405

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Ханиад, томуугийн хүнд, хөнгөн бүх нөхцөлд зөвхөн нэг эмээр эмчлэх боломжтой мэт агуулгыг илэрхийлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ханиад, томуу, томуу төст өвчин туссан эсэхээс хамааран биеийн байдалдаа тохирсон эмчилгээг эмчийн зөвлөсний дагуу хийлгэх нь зүйтэй.

2023 оны 01 дүгээр сарын 11-нд Monnews нэртэй пэйжид “Моносдоо баярлалаа. Энэ аймаар ханиадыг энэ эм дарж байна. Өндөр халуурна; хөлөрнө; үе мөч бүхэн өвдөнө толгой маш их өвдөнө; үсээ илэхэд хүртэл аймаар өвдөнө, эвгүй вирусний гаралтай ханиад байна” гэх постыг, Монос группийн Дармон эмийн зургийн хамт нийтэлсэн нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны байдлаар 1.4 мянган реакц, 261 сэтгэгдэл авч, 6.1 мянган удаа цааш хуваалцсан байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Дармон эм нь ханиалга намдаах эм тул хавсарга байдлаар уувал зохимжтой.

Бид уг эмийн талаар тодруулахаар 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монос группийн Хэрэглэгчийн зөвлөх эмч Б.Мөнхгэрэлтэй утсаар холбогдож тодрууллаа. Тодруулгад:
“Дармон эм нь чацаргана жимсний шахдас, чихэр өвс, үзэм, жүр үр, руда зэрэг байгалийн орцоос бүрдсэн эм. Ханиалга намдаах, гуурсан хоолой, уушгины үрэвсэл дарж, цэр ховхлох үйлчилгээтэй. Энэ эмийг 3-аас дээш насныханд зориулсан ба ханиадны үүсгүүрээс үл хамааран хавсран хэрэглэх боломжтой. Өөрөөр хэлбэл, бактерийн эсвэл вирусийн гаралтай аль ч өвчлөлд зовуурийг намдааж, өвчтөний өөрийн дархлааг дэмжих нөлөө үзүүлнэ. Гэвч дангаараа үндсэн эмчилгээг бүрэн орлоно гэж хэлэх боломжгүй. Маш хүндэрсэн ханиаданд эмчид хандалгүйгээр зөвхөн “Дармон” уугаад эдгэхгүй бол эм үйлчлэхгүй байна гэж дүгнэж болохгүй. Хүнд шатандаа орсон, гэрийн нөхцөлд эмчлэх боломжгүй тохиолдолд эмчид хандаж антибиотик эсвэл вирусийн эсрэг эм хэрэглэх шаардлагатай. Нэг ёсондоо эмч үндсэн эмчилгээг ямар эмээр явуулахаар шийднэ түүнийг л хэрэглэнэ. Өндөр хэмтэй халуурч, толгой өвдөж, бие хэт сульдсан үед эмчид очилгүйгээр зөвхөн “Дармон” уугаад яваад байж болохгүй. Хүнд зовуурь нь ханиад биш томуугийн ч шинж тэмдэг байх боломжтой” гэж хариуллаа.

Та бүхэн эм, эмийн бүтээгдэхүүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Моносын лавлах утас 1800-1883 дугаарт холбогдож лавлах боломжтой.

Нэмэлт мэдээлэл: Томуу ТТӨ болон Ковид-19 өвчний тархалтын мэдээлэл

Томуугийн үндэсний төвийн вэбсайтад 2023 оны 0 дүгээр сарын 27-ны өдөр байршуулсан “Томуу ТТӨ болон SARS-COV-2 илрүүлэх шинжилгээний 2023 оны 3 дахь долоо хоногийн мэдээ”-нд:
“2023 оны 01 сарын 16-22 хүртэлх (3 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот, ХӨСҮТ (Төвийн бүс) болон Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Говьсүмбэр (Баруун бүс), Дорнод (Зүүн бүс), Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл (Хойд бүс), Дорноговь, Замын-Үүд сум (Өмнөд бүс) аймгуудын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс цугларсан 436 хүний хамар залгиурын арчдас сорьцонд томуугийн вирус илрүүлэх бодит хугацааны УТ-ПГУ шинжилгээ хийхэд 173/436 (39.7%) сорьц нь эерэг байв.

Томуугийн вирусийн дэд хэвшинжийг торорхойлоход:

  • 48/173 (27.7%) сорьцонд Томуу A(H1N1)pdm09 вирус,
  • 20/173 (11.6%) сорьцонд Томуу A(H3N2) вирус,
  • 25/173 (14.5%) сорьцонд Томуу A вирус,
  • 57/173 (32.9%) сорьцонд Томуу В(Victoria) вирус тодорхойлогдлоо.

436 сорьцноос  санамсаргүй түүврээр 31 сорьцонд  томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бодит хугацааны УТ-ПГУ шинжилгээ хийхэд:

  • 17/31 (54.8%) сорьцонд АЗСВ,
  • 4/31 (12.9%) сорьцонд Бокавирус,
  • 1/31 (3.2%) сорьцонд хүний метапневмовирус,
  • 1/31 (3.2%) сорьцонд SARS-CoV-2 вирус тус тус илэрсэн бөгөөд
  • 8/31(25.8%) сорьцонд вирус илрээгүй.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (бодит хугацааны-ПГУ)-ын шинжилгээг 849 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 7/849 (0.8%) сорьцонд SARS-CoV-2 вирус тодорхойлогдсон” гэж мэдээлжээ.

Улирлын шинж чанартай томуу, томуу төст өвчний идэхжилтэй энэ үед та бүхэн дархлаагаа сайн дэмжиж, өвдсөн тохиолдолд эмчийн зөвлөгөөгөөр өөрт тохирох эмийг ууж хэрэглээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document