2022 оны 07 дугаар сарын 27-нд narhan.me вэб сайт “Хүзүүндээ сонгино тавиад бамбай булчирхайгаа эмчлэх арга” гэх мэдээлэл нийтэлсэн. Уг мэдээлэлд “Бид таны эрүүл мэндэд санаа тавьдаг тул бамбай булчирхайд зориулсан гайхалтай улаан сонгины тос хийх жорыг хуваалцаж байна. Энэ нь ялангуяа бамбай булчирхай түүний өсөлтөөс зовж буй хүмүүст ашигтай байх болно. Сарын дотор үр дүн нь мэдэгдэхүйц байх болно!” гэж тайлбарлажээ.
Тодруулбал, уг мэдээлэлд сонгино чухам ямар үйл явцаар дамжин бамбай булчирхайн өвчлөлийг эмчилдэг талаар тайлбарлаагүй.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Бид өмнө нь сонгины эрүүл мэндийн ач холбогдлын талаар баримт шалгалт хийж байсан сонгино нь аливаа өвчин эсвэл вирусыг “өөртөө сорж авах” эсвэл устгадаггүй талаар тайлбарлаж байсан.
Бамбай булчирхайн талаарх ерөнхий мэдээлэл
Хүний бамбай булчирхай нь эрвээхэй хэлбэртэй хүзүүний урд хэсэгт байрладаг булчирхай бөгөөд хүний биеийн үйл ажиллагаанд шаардлагатай дааврыг ялгаруулдаг. Бамбай булчирхайн эрүүл мэнд нь метаболизм цаашлаад зүрхний үйл ажиллагаа, биеийн жин, хоол боловсруулах үйл ажиллагаа зэрэгт чухал нөлөөтэй байдаг байна.
Бамбай булчирхай нь тироксин (T4) хэмээх дааврыг голдуу ялгаруулдаг ба бага хэмжээгээр триодотиронин (T3) дааврыг ялгаруулдаг байна. АНУ-ын Клийвландын клиникийн вэб сайт дахь бамбай булчирхайн талаарх мэдээлэлд тайлбарласнаар бамбай булчирхайн өвчлөл нь үндсэн хоёр төрөлд хуваагддаг. Хэрвээ булчирхай нь,
- хэтэрхий их даавар ялгаруулах (hyperthyroidism), эсвэл
- хангалттай хэмжээний даавар ялгаруулж чадахгүй (hypothyroidism) байх буюу зохистой хэмжээний даавар ялгаруулж чадахгүй байх нь эрүүл мэндийн асуудлууд үүсгэх эрсдэлтэй байдаг байна.
Үүнд, жишээ нь бамбай булчирхай хангалттай даавар ялгаруулж чадахгүй байх үед биеийн жин нэмэгдэх, арьс хуурайших, өтгөн хатах, ой санамж муудах, нүүр хавагнах гэх мэт олон шинж тэмдэг илэрч болдог байна.
Эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад дааврын өөрчлөлтөд илүү их ордог учир бамбай булчирхайн өвчлөл илүү тохиолдох хандлагатай байдаг байна.
Сонгиноор бамбай булчирхайд жин тавьж эмчлэх практик байхгүй
Сонгиныг жижиглэж гаргаж авсан шүүсийг өвдсөн хэсэгт түрхэн эмчлэх эмчилгээний жор байдаггүй байна. АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгийн дотоод шүүрлийн эмч С.Аззаяа шалгаж буй мэдээнд дурдсан “эмчилгээний практик байдаггүй” гэдгийг бидэнд мэдэгдсэн ба худал мэдээлэл болохыг онцолсон. Тодруулбал, бамбай булчирхай нь өвчилсөн тохиолдолд мэргэжлийн эмч, эмнэлэгт шинжилгээ өгч ямар хэмжээнд, ямар шинж тэмдэгээр өвчилж байгаагаас хамааран дааврын эмчилгээний дэглэм, жор өөр байдгийг сануулсан.
Хэрвээ таны бамбай булчирхай өвддөг, өвчний шинж тэмдэгүүд илэрсэн бол мэргэжлийн байгууллага, эмчид хандаж, өөрт тохирсон эмчилгээний аргуудыг хэрэглэхийг зөвлөж байна.