2022 оны 11 дүгээр сарын 01-нд narhan.me вэб сайт хорт хавдрыг эмчилсэн “Энэ бүсгүй хорт хавдартай байсан ч ердөө ганц орцоор цоо эрүүл болжээ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн. Уг мэдээлэлд тайлбарласнаар, Энн Камерон 2012 онд “бүдүүн гэдэсний хорт хавдрын 3-р шатанд яваагаа мэдсэн бөгөөд үүнийгээ уншигч олонтойгоо хуваалцсан байна.” Цаашлаад “тэрээр… 8 долоо хоногийн турш өдөр бүр луувангийн шүүс уусан байна.” Ингээд эмнэлэгт үзүүлэхэд итгэмээргүй зүйл болж, хорт хавдрын тархалт зогсож, тунгалгийн зангилаа агшиж эхэдсэн байжээ. Харин 4 сарын дараа гэхэд бүх зүйл хэвэндээ орсон байсан бол 8 сарын дараа гэхэд хорт хавдар алга болсон байв.” гэжээ.
Баримт шалгалтын үр дүнд дээрх мэдээлэл нь #ХУДАЛ болох нь тогтоогдож байгаа бөгөөд мэдээлэлд дурдсанчлан луувангийн шүүсээр хүндэрсэн хавдрыг эмчлэх боломжгүй юм. Тодруулбал, энэ мэдээлэл нь 2013 оноос хойш интернэт орчинд тархаж эхэлсэн ба луувангийн шүүсээр хорт хавдрыг эмчилсэн баримт байхгүй юм. Цаашлаад Stopfake.kz зэрэг баримт шалгах байгууллага луувангийн шүүс нь хавдрыг эмчилдэг талаар мэдээлэл нь худал болохыг тогтоожээ.
Хэдийгээр мэдээлэлд ашигласан зураг дээрх эмэгтэй нь хүүхдийн номын зохиолч Энн Камерон мөн боловч тэрээр хавдрыг луувангийн шүүс уун эмчилсэн баримт байхгүй юм. Харин дээрх мэдээлэл анх түгсэн англи эх сурвалж дээрх мэдээллээс харахад, Энн Камерон хавдрын мэс засалд орсон ба дагалдах хими эмчилгээнээс татгалзсан гэжээ.
Тус мэдээллийг шинжилж дүгнэсэн АНУ-ын Вайн мужийн их сургуулийн эрүүл мэндийн сургуулийн хавдрын эмч Дэвид Горскигийн (David Gorsky) мэдэгдсэнээр луувангийн шүүс биш мэс засал хавдраас аварсан байж болох ба “биеийн бусад хэсгээр нь хавдар тархсан баримт байхгүй” болохыг онцолсон байна.
Лууванд агуулагддаг каротиноидууд нь хавдар тусах эрсдэлийг бууруулдаг судалгаанууд байдаг боловч энэ нь хавдрын мэс засал, хими эмчилгээг орлох, илүү үр дүнтэй болохыг тодорхойлсон судалгаа байхгүй юм.