Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн доктор Дэвид Гракон: “Догь” (сool) байх нь миний хувьд чухал, орчин цагт маш олон медиа ийм байж чаддаггүй 

АНУ-ын Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн Др. Дэвид Гракон Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвд нэг сарын турш чадавхжуулах сургалт явууллаа. Тэрбээр бие даасан болон альтернатив хэвлэл мэдээллийн хэрэгслийн чиглэлээр түлхүү судалгааны ажил хийдэг, мөн винил пянз цуглуулдаг, андерграунд соёл, хөгжимд “нугасгүй” нэгэн. Түүний хичээлийн илтгэлүүд төрөл бүрийн урлагаас (кино, хөгжим, гэрэл зураг) санаа, сэдэл авахыг сэтгүүлчдэд уриалахын сацуу олон талын мэдлэгийг өгч байлаа. 

Та Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвд Фулбрайт хөтөлбөрийн сургагч багшаар нэг сарын турш ажилласан туршлагаасаа бидэнтэй хуваалцана уу. Таны сургалтын үндсэн зорилго юу байсан бэ?  

Би хэд хэдэн тодорхой зорилгуудыг хэрэгжүүлэх гэж энд ирсэн. Тухайлбал, Үүр төвд багш нартай хамтран ажиллах явдал байлаа. Би тэдний заах ур чадварыг хөгжүүлж, чадавхжуулах, медиа экосистемүүдийн тухай онол, мөн үүний үйл ажиллагааны тухай илүү сайн ойлголт өгөхийг зорьсон. Сэтгүүлчид медиа экосистем хэрхэн ажилладгийг ойлгох нь чухал. Учир нь одоо бүх зүйл медиа экологиор хоорондоо холбогдож, тус тусдаа оршин тогтнохоо больсон. Сэтгүүлчид онолын сайн үндэс суурьтай байх нь нэн тэргүүний асуудал юм. Хэрэв танд энэ суурь байхгүй бол сэтгүүл зүйг хэрхэн ажилладгийг ойлгоход бэрх. Тиймээс Үүр төвийн багш нарыг чадавхжуулах, сургалтын агуулга, хэлбэрийг сайжруулахад хувь нэмрээ оруулах ажил миний төслийн томоохон хэсэг байсан.  

Үүнээс гадна та хоёр ч төсөл дээр нь хамтран ажилласан гэсэн. Тэдгээрээс танилцуулна уу? 

Монгол орон олон улсын сэтгүүл зүйн уралдаануудад ороход маш сонирхолтой байршилтай бөгөөд сонирхолтой сэдвүүдтэй улс орон мэт санагдсан. Иймд би сэтгүүл зүйн чиглэлээр оролцох боломжтой олон улсын уралдаануудын талаар Үүр төвийн бойжуулдаг байгууллагууд болон Үүр төвийн байгуулсан “Баримт нэн тэргүүнд” сүлжээний гишүүн байгууллагуудад мэдээлэл өгсөн юм. Монголын сэтгүүлч нараас дэлхийд өрсөлдөх бүтээл тун удахгүй ундарна гэдэгт итгэж байна. Энэ үйл ажиллагааг тохиолдуулан Үүр төвийн хамт олон сүлжээнийхээ гишүүн байгууллагуудын дунд уралдаан зарласан бөгөөд хэдийгээр би нутаг буцах ч энэ уралдааны шүүгчдийн нэгээр цахимаар ажиллах болсондоо баяртай байна.

Дараагийн томоохон ажил нь Үүр төвийн санаачилгаар сэтгүүлчдийн олон улсад өсөн дэвших боломжуудын талаар мэдээлэл олгох үйл ажиллагаа байсан юм. Үүний хүрээнд мэргэжлийнхээ хувьд өсөн дэвших, мэдлэг туршлагаа ахиулах боломжууд, мөн олон улсын сэтгүүл зүйн чиглэлийн богино хугацааны сургалт, арга хэмжээнүүдэд хэрхэн хамрагдаж болох талаар миний зүгээс болон Үүр төвийн зүгээс туршлагаа хуваалцсан.  

Та Үүр төвийнхнийг чадавхжуулах сургалтуудынхаа хөтөлбөрийг боловсруулахдаа юуг чухалчилсан бэ. Ямар сэдвүүдийг нэн тэргүүнд сонгов?  

Би нийт 11 сэдвээр 9 удаагийн сургалт заасан. Бид Media Literacy буюу Медиагийн суурь боловсрол, эх сурвалжийн шинжилгээ, мөн хэвлэл мэдээллийн улс төрийн эдийн засгийг судалсан. Ингэхдээ аль болох олон сэдвийг сургалтдаа багтаахыг хичээсэн. Мөн сургалтаараа дамжуулан хичээл заах арга барил, идэвхтэй оролцоотой суралцах зэрэг багшлах философиосоо сурагчдадаа танилцуулахыг зорьж байв. Миний илтгэлүүдийн үр дүнд сурагчид маань олон идэвхтэй яриа хэлэлцээрийг өрнүүлж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх санаа, сэдэл авч байсанд үнэхээр баярласан. Ерөнхийдөө би их сургуулиудад зааж байсан хичээлүүдээ ТББ-ийн үйл ажиллагаанд нийцүүлэн засаж заасан. Бид олон мэдээ мэдээлэл, туршлагаасаа хуваалцсан. Тус төслийн амжилт үүгээр хэмжигдсэн гэж найдаж байна. 

Сургалтын үр дүнд гарсан амжилтын түүх, эсвэл эерэг үр дүнгээсээ хуваалцана уу?  

Үүр төвийн дэргэдэх Монголын Баримт Шалгах төвийн Ахлах баримт шалгагч, сургагч багш Ш.Билгүүн миний заасан арга барилыг өөрийн сургалтын арга барилдаа нэвтрүүлсэн байсан. Тэрбээр “Би оюутнуудын хандлагад өөрчлөлт гарч буйг тэр даруй мэдэрсэн. Таны хичээлийн бүтэц, мөн оюутнуудтай харилцан яриа өрнүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх арга барилыг хэрэгжүүлсэн. Үр дүн нь маш эерэг байсан” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан. Би АНУ-ын их сургуулиудад олон жил багшилсан хүн. Их сургуулиудын оюутнууд үзсэн хичээлүүдийнхээ үр дүнг 3-4 жилийн дараа л хэрэгжүүлэх боломжтой бол ТББ-д багшлах нь үр дүнгээ шууд харах боломжтой юм байна гэдгийг мэдэрсэн. Үнэхээр урамтай санагдсан.       

Та Үүр төвд багшлахдаа ямар арга зүйн философийг дагасан бэ. Энэ нь сурагчдын тань сургалтаас авах хүлээлттэй нийцэж чадсан гэж та бодож байна уу?   

Заах философитой байх нь чухал гэж би боддог. Багшилж эхэлснээс хойш хэдэн жилийн дараа л би өөрийн гэсэн философио олж байлаа. Учир нь хэн ч надад ийм философитой байх ёстойг хэлж байгаагүй. Би өөрийгөө хөгжүүлж, багшийн төрөл бүрийн сургалтад хамрагдаж, докторын зэрэгтэй болсны үр дүнд олсон мэдлэг гэх үү дээ. Тодруулбал, “Мэргэжлийн багшийн арга зүй” гэх нэртэй хичээлд сууснаар багшлах философио тодорхойлж байлаа. Багшлах философи нь багшлах арга барилыг амжилттай чиглүүлдэг гэж би боддог. Өөрийнхөө философийг танилцуулахад оюутнуудаа дэмжиж, тэдэнд үйлчлэхийг эрхэмлэдэг. Үүр төвд заасан хичээлүүдийн маань ихэнх хувь нь медиагийн тухай байсан ч “Үйлчлэгчийн манлайлал” гэх нэг сургалт олон хүний хүлээлтэд нийцсэнийг би анзаарсан. “Үйлчлэгчийн манлайлал”-ыг зааснаар би өөрийнхөө заах арга зүйн философийг танилцуулахын сацуу Үүр төвийн сургагч багш нар  мөн үүний тухай таньж мэдээсэй гэж хүссэн.    

Та амьдарч байсан газрууддаа ямар нэгэн сонирхлоороо нэгдсэн нэгдэл, бүлгэмийг үүсгэн байгуулах дуртай. Жишээ нь, АНУ-д кино сонирхогчдын клуб, Румынд хөгжим сонирхогчдын нэгдлийн үйл ажиллагааг эхлүүлжээ. Танд ингэх шаардлага юунаас анх урган гарч байсан бэ?  

Хүн бол нийгмийн амьтан. Бид бусад хүмүүсийн дунд байж хөгждөг жамтай. Монгол ямар байгааг би мэдэхгүй ч АНУ-д ганцаардлын тахал гэх зүйл дэгдсэн. Маш олон хүн найз нөхөдгүй, ганцаардмал амьдарч, өдөржингөө сошиал медиад өнгөрүүлдэг.  

Би COVID-ийн үед Вашингтон муж рүү нүүж байлаа. Тэнд хэнийг ч таньдаггүй байсан болохоор цар тахлын үед хүмүүстэй уулзаж, нэгдэл, бүлгэм зэргийг үүсгэхэд их хэцүү байсан. Гэвч би яагаад үүнийг өмнө нь хийсээр ирсэн бэ гэвэл хүний мөн чанартай л холбоотой байх. Иймэрхүү клубүүд хүмүүст ажлаас гадуур амьдрал үүсгэх боломж бүрдүүлдэг. Ер нь өдрийн төгсгөлд хүмүүс бусад хүмүүстэй ярилцаж, хамт байх байгалийн хэрэгцээтэй гэж боддог. Хүмүүсийг тусгаарладаг капиталист нийгэмд бид амьдарч байна. Хэрэв ямар нэгэн байдлаар үүний эсрэг үйлдэл үзүүлбэл эрүүл амьдарч чадна гэдэгт би итгэдэг.  

Та илтгэлүүддээ төрөл бүрийн урлаг, тэр дундаа гэрэл зураг, кино, хөгжмийг ашиглаж мэдээ мэдээллийг илүү хялбар байдлаар ойлгуулж байсан. Урлагийг сургалт болгондоо ингэж чухалчлан ашиглахын ач холбогдол юу вэ? 

Би медиаг өргөн хүрээгээр хардаг. Нэн ялангуяа их сургуулийн оюутнууд өдөрт маш олон мэдээ мэдээллийг боловсруулах шаардлагатай тулгардаг тул тэдний сонирхлыг төрүүлэх аргаар хичээлээ заахыг чухалчилдаг. Бид сэтгүүл зүйг үздэг хэдий ч мэдээ бол хөгжим, кино, сошиал медиа шиг сэтгэл татам форматтай юу гэвэл үгүй. Гэвч медиа цогц байдлаараа нэгэн бүхэл болдог, тус тусдаа оршихоо байсан гэж би дээр хэлсэн. Би сошиал медиа дээр мэдээ мэдээллийг өөр өнгө төрхөөр түгээн дэлгэрүүлж буйг хараад маш их баярладаг. Залуучууд сошиал медиаг мэдээ мэдээлэл авах гол эх сурвалжаар ашиглаад удаж байна. Тийм ч болохоор хэрэв та сошиал медиагийн платформ дээр байхгүй бол залуу үетэй харилцаа холбоо үүсгэж чадахгүй л гэж мэд. Үүнээс гадна догь /сool/ байх нь миний хувьд чухал. Орчин цагт маш олон медиа догь байж чаддаггүй шүү дээ. /Инээв./                

Та Монголд ирэх гадаад сургагч багш нарт юу зөвлөх вэ?  

Фулбрайтын сургагч багш нарт энд олон төрлийн сонирхолтой судалгаа хийх боломж байгааг би харсан. Судалгаанууд энд дутагдалтай байна. Маш олон сэдвүүдийг судалж болохоор байна. Хэрэв иймэрхүү судалгаа хийвэл Үүр төв шиг байгууллагуудад илүү өргөн хүрээнд туслах боломжтой болно. Иймээс би Монголд ирэх Фулбрайтын сургагч багш нарт ирэхээсээ өмнө тус улсыг сайн судалж, гэрийн даалгавраа сайн хийж, медиа орчны тухай ном товхимол уншиж, баримтат кино үзэхийг зөвлөж байна.    

Та Монголын медиагийн тухай ямар ажиглалт хийсэн вэ?  

Монголын медиа салбарт олон бэрхшээл байна. Сэтгүүлчдийн цалин бага байна. Би сэтгүүл зүйг олон нийттэй харилцах холбоотой /PR/ андуурахгүй байгаасай гэж хүсдэг. Энэ хоёрыг тодорхой зааглаж, ялгааг нь тод томруунаар илэрхийлэх хэрэгтэй гэж боддог. Хэрэв сэтгүүлч засгийн газар, эсвэл аливаа байгууллагаас төлбөр авч, тодорхой нэгэн үзэл санааг сурталчилж, PR хийж байгаа бол үүнийгээ сэтгүүл зүйн бүтээл биш гэдгийг хэлэх ёстой. Энэ асуудал хүчээ авч байгааг сонссон. Үүнээс гадна сэтгүүл зүй нь эрх мэдлийн хариуцлагатайгаас гадна бие даасан байх хэрэгтэй. Мэдээж зөвхөн Монголд ийм асуудал байгаа юм биш. АНУ-д ч бас ийм асуудал бий. Ерөнхийд нь эдгээр дадал хэвшлийг сайжруулах хэрэгтэй гэж би боддог. 

Сүүлийн асуулт маань таны хувийн хөгжилтэй холбоотой байгаа юм. Монголд ирснээр та өөрийгөө хэрхэн хөгжүүлсэн бэ?     

Би олон жил багшилсан туршлагатай болохоор энд уригдсан. Энд байх 33 хоногийн хугацаанд хүмүүст зөвлөгөө өгч, дасгалжуулсандаа сэтгэл хангалуун байна. Төрийн бус байгууллагад заасан хичээлүүдийнхээ үр дүнг тэр дор нь харахад надад сонирхолтой байлаа. Мөн Үүр төвийн үйл ажиллагаанд судалгаа, дүн шинжилгээ хийх нь миний хувьд их сургуулийн орчноос тэс ангид, шинэлэг туршлага байсан. Багшлах арга зүй, манлайлал, дижитал медиагийн талаар шинэлэг санаа, сэдэл, боломжуудыг олгож чадсан болов уу гэж найдаж байна.     

Фулбрайт хөтөлбөр нь төлөвлөгөөт ажлаас гадна ирсэн орноо сурталчилж, соёлын солилцоо хийхийг чухалчилдаг. Иймээс шинэ соёл, хоол зэргийг туршиж, хамт олонтойгоо асуулт хариултын тэмцээнд оролцож, ширээний теннис тоглох нь надад маш их таалагдсан. Би их хотын хөл хөдөлгөөн, түм түжигнээнд дурласан. Улаанбаатарт хийж болохоор маш олон зүйл байна. Хэд хэдэн удаа жазз клаб ч орж үзсэн. Надад Монголоор аялах цаг завшаан тийм ч их тохиогоогүй. Гэхдээ уулан дээр байдаг хийдийг үзэж, байгальд гэрт хонож, явган аяллаар зугаалж үзлээ. Монголын байгаль маш үзэсгэлэнтэй учраас надад ер бусын сэтгэгдэл төрүүлсэн. Би өмнө нь 48 орноор аялж үзсэн. Монгол тэр дундаас байгалийн гоо үзэмжээрээ шилдэг 10-т нь яахын аргагүй багтана. Мөн Монгол Улсын 97 хувь нь нийтийн газар нутаг байж, ардчилсан, капиталист нийгэмд эрх чөлөөтэйгөөр дурын газартаа гэрээ бариад амьдардаг гэхээр үнэхээр сайхан санагдсан.        

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document