Туркийн ерөнхийлөгч Эрдоган уйлж буй бичлэг #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #429

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Уг бичлэгийг 02 дугаар сарын 06-нд Турк, Сирийн газар нутгийг дамнасан газар хөдлөлтийн үеэр нийтлэсэн бөгөөд ерөнхийлөгч Эрдоган уг үйл явдалд гашуудан уйлж буй мэтээр ойлгогдохуйц болжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус бичлэг нь 2016 онд Истанбулд болсон Исламын хамтын ажиллагааны байгууллагын хурлын үеэрх ерөнхийлөгч Эрдоганы бичлэг юм.

2023 оны 02 дугаар сарын 08-нд ‘TV8 Mongolia’ фэйсбүүк хуудас Туркийн ерөнхийлөгч Эрдоганы уйлж буй бичлэгийг постлон ‘Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган ’ гэсэн гарчигтайгаар нийтэлсэн. Уг постыг 02 дугаар сарын 06-нд эхэлсэн Турк, Сирийн газар нутгийг дамнасан газар хөдлөлтийн үеэр нийтэлсэн нь тус улсын ерөнхийлөгч Эрдоган уг үйл явдалд гашуудан уйлж буй мэтээр ойлгогдохуйц болжээ. Үүнийг тухайн нийтлэлд цахим сүлжээ хэрэглэгчдийн үзүүлсэн хариу үйлдэл, коммент зэргээс харж болно. 

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1.Эрдоганы бичлэг Турк, Сирийн газар хөдлөлтийн дараа бус 2016 онд хийгдсэн

Бичлэгийн онцлох хэсгүүдийг зургаар авч зургуудыг reverse image search функциар хайж үзэхэд энэ нь дээр дурдсан газар хөдлөлтийн дараа биш 2016 онд болсон хурлын үеэрх бичлэг болох нь илэрцээр гарч ирсэн. Тодруулбал, тус бичлэг нь 2016 оны 11 дүгээр сарын 01-03-ны хооронд Туркийн нийслэл Истанбулд болсон Исламын хамтын ажиллагааны байгууллагын хуралд ерөнхийлөгч Эрдоган оролцох үеэр хийгдсэн бичлэг юм.

2016 онд Истанбулд болсон Исламын хамтын ажиллагааны байгууллагын хурлын үеэрх Эрдоганы бичлэг

Бүр тодруулбал энэ нь  “Долдугаар сарын 15-ны эмэгтэйчүүд” нэртэй баримтат кино үзэж байх үеийнх нь сэтгэл хөдлөлийг буулгасан дүрс болохыг  CNN Türk мэдээлсэн байна. Хурлын бичлэгт түүний хажууд хар алаг хижаб өмссөн эмэгтэй сууж байгаа нь харагдана. Мөн тус баримтат киног үзэж байсан ерөнхийлөгч Эрдоганы эхнэр Эмине Эрдоган болон ерөнхий сайд Бинали Йылдырымийн эхнэр Сэмиха Йылдырым нар ижил сэтгэл хөдлөлтэй байсныг Туркийн мэдээллийн Yeni Şafak вэб сайт видеондоо харуулсан байна

Исламын хамтын ажиллагааны байгуулага нь хоёр жил тутам эмэгтэйчүүдийн асуудлаар сайд нарын түвшинд хуралддаг ба тус байгууллагад Исламын шашинтнууд зонхилсон болон Ислам шашинт хүн амтай дэлхийн 57 орон гишүүнээр элссэн байдаг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document