Согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүн богино насалдаг болохыг эрдэмтэд тогтоожээ гэх мэдээлэл #БҮРЭН БУС

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #396

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүн богино насалдаг болохыг эрдэмтэд тогтоожээ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Судалгаанд хамруулсан огт хэрэглэдэггүй хүмүүс өмнө нь “согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг, жингийн хэтрэлттэй, тамхи татдаг зэрэг асуудалтай байсан” зэрэг нь тохируулж хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад илүү олон эрүүл мэндийн асуудалтай байсан гэдгийг орхигдуулжээ.

2023 оны 01 дүгээр сарын 12-нд lifestyle.mn вэб сайт “Согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүн богино насалдаг болохыг эрдэмтэд тогтоожээ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн. Уг мэдээлэлд тайлбарласнаар Техасын их сургуулийн эрдэмтэн Чарлес Холаханаар ахлуулсан баг 65 хүртэлх насны 2000 орчим хүнийг хамруулсан судалгааны дүнд “архи, согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй хүн тохируулж хэрэглэдэг хүнээс бага насалдаг төдийгүй залуугаараа хорвоог орхих хувь өндөр байдгийг харуулсан байна. Архи огт амсдаггүй хүн сэтгэл гутралд орох нь элбэг бөгөөд тархи, мэдрэлийн систем өвчлөлд өртөх магадлал их байдаг аж” гэжээ.  

Уг мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад Фэйсбүүк платформд нийт 5 удаа оруулж, 2119 хариу үйлдэл авсан байна.

Тус мэдээлэлд дурдсан эх сувалжид eagle.mn сайтыг дурдсан ба 2016 онд тавигдсан мэдээллийг хуулбарлан нийтэлсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Эх сурвалж дахь судалгаанаас агуулгыг дутуу оруулсан байна.

Харин бидний шалгаж буй мэдээлэлд дурдсан TIME сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэл нь 2010 онд олон нийтэд хүрч байжээ. Уг мэдээллийн гол эх сурвалж нь Техасын их сургуулийн судлаач Чарлес Холаханаар (Charles Holahan) ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй баг “Alcoholism: Clinical and Experimental Research” сэтгүүлд 2010 онд хэвлэгдсэн “Хижээл насны архины хэрэглээ ба 20 жилийн хугацаан дахь нас баралтын түвшин” (Late-Life Alcohol Consumption and 20-Year Mortality) өгүүлэл байсан юм.

Уг өгүүллийг үндсэлсэн судалгаанд 55-65 насны 1,824 хүнийг хамруулсан бөгөөд 20 жилийн хугацаан дахь согтууруулах ундааны хэрэглээ ба бүх төрлийн шалтгаантай нас баралтын харилцааг тодорхойлох зорилготой байсан юм. Хэдийгээр Холаханы багийнхан “согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй хүмүүс нь тохируулан болон хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсээс илүү нас барах эрсдэлтэй байгаа” талаар дүгнэсэн ч судалгаанд хамруулсан огт хэрэглэдэггүй хүмүүс өмнө нь “согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг, жингийн хэтрэлттэй, тамхи татдаг зэрэг асуудалтай байсан” нь тохируулж хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад илүү олон эрүүл мэндийн асуудалтай байсан гэдгийг өгүүлэлдээ онцолсон. Түүнчлэн, “огт хэрэглэдэггүй хүмүүс нь тохируулж хэрэглэдэг хүмүүсээс нийгэм-эдийн засгийн статус, хөдөлгөөний идэвх, ойр дотны найзуудын тоо, дэмжлэг бага, ганц бие байх илүү магадлалтай” байсан байна. Товчоор, зөвхөн архины хэрэглээ бус дээр дурдсан хүчин зүйлүүд нас баралтад нөлөөлж болохыг судалгаанд сануулсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2023 оны 01 дүгээр сарын 4-нд гаргасан мэдээлэлд ДЭМБ-ын Европын бүсийн халдвар бус өвчний зөвлөх зөвлөлийн захирал Др Юрген Ремийн (Dr Jürgen Rehm) мэдэгдсэнээр “согтууруулах ундааны хэрэглээ нь тодорхой өвчнөөс сэргийлэх нөлөөтэй гэж үзсэн зарим судалгаа сонгосон харьцуулалтын бүлэг, статистикын аргууд болон бусад хүчин зүйлийг чухал гэж үзээгүйтэй нягт холбоотой” гэжээ

Хэдийгээр согтууруулах ундааг бага ба тохируулан хэрэглэх нь зүрх судасны өвчин, чихрийн шижин өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой талаар судалгаанууд байдаг ч эдгээр ач холбогдол нь согтууруулах ундааны хэрэглээнээс үүсэх хавдрын эрсдэлээс илүү байх талаар дүгнэсэн судалгаа байхгүй байгаа гэдгийг тус мэдээлэлд онцолсон байна. Өөрөөр хэлбэл, согтууруулах ундааны хэрэглээ нь дээрх хоёр өвчнөөс сэргийлэхийн хажуугаар хавдрын эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоосон судалгаа байдаггүй гэдгийг мэдэгдсэн байна

Согтууруулах ундааны хэрэглээ нь ам, бүдүүн гэдэс, элэг, бөөр, хөхний гэх мэт хэд хэдэн төрлийн хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг Дэлхийн хавдрын судалгааны сан, АНУ-ын Халдварт өвчний хяналтын төв зэрэг байгууллагууд мэдээлсэн байна.

Тийм учраас хэрвээ та согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй бол эрүүл хооллолт эсвэл дасгал хөдөлгөөнтэй дүйцэхүйц эрүүл мэндийн ач холбогдолтой гэдгийг Харвардын их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн сургуулийн мэдээлэлд тайлбарласан байна


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document