
Монголын баримт шалгах төв их дээд сургуулиудын сэтгүүл зүйн тэнхимийг түшиглэн байгуулсан “Баримт шалгагч оюутан” клубүүдийнхээ дунд “Онлайн орчинд мэдээлэл эрэн сурвалжлах нь” сургалтыг зохион байгууллаа. Баримт шалгагч оюутан клуб нь Монгол Улсын Их сургууль /МУИС/, Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль /ХИС/, Соёл Урлагийн Их сургуулийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль /РТМУС/-ийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд баримт шалгагчдыг сургаж, дадлагажуулах, бэлтгэх зорилгоор “ЮНЕСКО-ийн “Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн“-ийн дэмжлэгээр үүсгэн байгуулагдсан юм.
Энэ клубт элссэнээр оюутнууд сэтгүүл зүйн судлах хичээлийн хөтөлбөрт хараахан оруулж амжаагүй, шинэ тутам хөгжиж буй баримт шалгах ур чадварыг эзэмшиж, ажлын байранд гарахдаа мэдээллийг нягтлан шалгадаг, зохион байгуулалттай мэдээллийн учир шалтгааныг ойлгодог, таньдаг, түүнд автахаас сэргийлэх мэдлэгтэй болж төгсөх боломжтой.
Түүнчлэн “Баримт шалгах оюутан” клубийнхэн цахим орчинд түгэж буй эргэлзээтэй мэдээллийг илрүүлэх, баримтын шалгалт хийж, бодит зөв мэдээллийг олон нийтэд хүргэхэд хувь нэмрээ оруулан, урамшуулал, дэмжлэг авч ажиллах юм.



