2023 оны 01 дүгээр сарын 09-нд Цэндсүрэнгийн Гантулга хаягтай фэйсбүүк хэрэглэгч “Түрэмгий Америкчууд Хирошима, Нагасаки хотуудад атомийн бөмбөг хаясны дараа олон мянган гэмгүй иргэд хохирч 1945 он. Дүүгээ чандарлуулах гээд хүлээж зогсоо хүү. Энэ зургийг авсан гэрэл зурагчин “Хүү уйлахгүй, уруулаасаа цус шүүртэл тэвчиж байсан” гэж дурсчээ. Харуул “Нуруундахаа өгөх үү” гэхэд хүү “Тэр хүнд биш ээ, миний дүү” гэж. Энэ зураг Японд хүч чадал, тэсвэр тэвчээрийн бэлэг тэмдэг болжээ” гэсэн тайлбартай, зургийн хамт пост оруулсан.
Дээрх мэдээлэл нь 1 дүгээр сарын 27-ны байдлаар 3500 гаруй реакц, 170 коммент авч, 204 удаа цааш түгээгдсэн байна.
Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Олон улсын баримт шалгах сүлжээний байгууллагууд шалгаж харилцан яриа болоогүйг онцолж байжээ.
Хэдийгээр дээрх зураг нь 1945 онд Нагасакид авсан зураг мөн боловч зурагчин болон хүүхдийн хооронд дээрх харилцан яриа болсон баримт байдаггүй байна. Энэ талаарх мэдээллийг Full Fact, Factly зэрэг Олон улсын баримт шалгах сүлжээний (IFCN) баталгаажуулалттай баримт шалгах байгууллагууд уг харилцан яриа болоогүй гэдгийг онцолсон бөгөөд зураг авсан түүхийн мэдээлэл Японы Mainichi, NHK, Asahi Shimbun зэрэг хэвлэлүүдээр гарч байсан юм.
Дүүгээ үүрсэн хүүхдийн зургийг Америк усан цэргийн зурагчин Жоэ О’Доннел (Joe O’Donnell) 1945 оны 9 дүгээр сард атомын бөмбөгдөлтийн дараах Нагасаки, Хирошимагаар явах үедээ авсан зураг юм. Гэхдээ Жоэ О’Доннел болон зурагт үлдсэн хүүгийн хооронд дээр дурдсан харилцан яриа болсныг тэрээр дурдаж байгаагүй байна. Тодруулбал, тэрээр хүүгээс үүрсэн дүүгээ өгөхийг асуугаагүй ба эсрэгээр түүний хүү Тиге О’Доннелын хэлсэнээр аав нь “тэр хүүг тайтгаруулах хүсэлтэй байсан боловч хэрэв ярилцахаар оролдсон бол сэтгэлээ барьж дийлэхгүй гэж эмээж байсан” гэж хэлж байсныг Las Vegas Review-Journal мэдээлсэн байна.
Харин зурагт үлдсэн хүү дүүгээ чандарлуулахаар хүлээж байсан бөгөөд Жоэ О’Доннелд гүн сэтгэгдэл үлдээсэн олон зурагнуудынх нэг болсон байна. Хүүг хайж олох гэж олон удаа оролдсон боловч өдийг хүртэл олоогүй болохыг Asahi Shimbun 2019 онд мэдээлж байжээ.