МЭДЭГДЭЛ

MFCC нь “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-ийг эсэргүүцэж байгаа тул хуулийн хэрэгжилтэд хамтарч ажиллах саналаас татгалзлаа.

Mongolian Fact Checking Center нь Олон Улсын Баримт Шалгах Сүлжээ (IFCN)-ний албан ёсны гишүүнчлэлтэйгээс гадна, Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах түншээр ажиллаж цахим орчин дахь хуурамч, ташаа мэдээллийг бууруулах чиглэлд технологийн аргыг мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаатай хослуулан ажиллаж байгаа Монголдоо цорын ганц олон улсын тусгай эрх эзэмшигч статустай байгууллага болохын хувьд хараат бус, ёс зүйтэй, тэгш шударга ажиллах зарчмаа хамгаалах үүднээс энэхүү саналаас татгалзсанаа албан ёсоор мэдэгдэж байна.

2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр УИХ-аар батлагдсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль” нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн, мөн хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх заяагдмал эрх, шударга шүүхээр шүүлгэх эрх зэргийг хязгаарласан зохицуулалтыг оруулсан зэрэг тодорхой шалтгааны улмаас манай байгууллага тус хуулийг эсэргүүцэж, эгүүлэн татахыг шаардаж байгаа билээ.

Хууль батлах процесс нь өөрөө хуулиа зөрчиж, үүнийг зогсоох боломжтой байсан Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар хууль дээдлэх үүргээ умартан чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэх боломжийг олгосноос эхлээд Хууль тогтоомжийн хуулийн дагуу хэрэгцээ шаардлагын судалгаа хийж, үр нөлөөг үнэлээгүй, мэргэжлийн байгууллага, олон нийтийн санал аваагүй зэргээр хууль зөрчсөн үйл явцыг Mongolian Fact Checking Center эрс буруушааж байна.

Гэвч нэгэнт батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үүргээ төрийн байгууллагууд биелүүлэхээр дагалдах журмаа боловсруулж, бэлтгэл ажилдаа орсон байна. 2023 оны 01 дүгээр сарын 22-ны Ням гарагт ХХЗХ-ны газрын дарга уг хуульд заасан Олон нийттэй харилцах нэгжид манай байгууллагыг оруулж, хараат бусаар хамтран ажиллах санал тавьсан ч батлахаасаа эхлээд хууль зөрчсөн “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-ийн хэрэгжилтэд хамтарч ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document