Монголын баримт шалгах төв улс төрийн хуурамч мэдээллийн эсрэг олон нийтийн боловсролыг дээшлүүлэхээр ажиллаж байна

Олон нийтийн мэдээллийн урсгал онлайн орчинтой салшгүй холбоотой болсноос хуурамч мэдээлэл нь нийгмийн хэлэлцүүлэг, олон нийтийн санаа бодолд хүчтэй нөлөөлж байна. Хуурамч мэдээлэл нь нийгмийн итгэлцэл сулруулах цаашлаад нийгэм, улс төрийн хуваагдлыг даамжруулах эрсдэлтэй байдаг. 

Монголын баримт шалгах төвөөс Канад сангийн дэмжлэгтэйгээр улс төрийн хуурамч мэдээллийг бууруулах, олон нийтийн хэвлэл мэдээллийн боловсролыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хуулийн фирм, дүүргийн хороодыг нэгтгэсэн сүлжээг үүсгэн байгуулсан. Энэ сүлжээ нь баримтаар нягталсан мэдээллийг зөвхөн нэг байгууллагын хүрээнд түгээх бус хамтран илүү олон хүнд хүргэх зорилгоор төрөл бүрийн контент бүтээх, түгээх үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Одоогийн байдлаар “Баримт нэн тэргүүнд” сүлжээнд NTV телевиз, UB.Life, Gogo.mn вэбсайт, Зууны мэдээ сонин нэгдээд байна. Түүнчлэн Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Хэвлэлийн Хүрээлэн, Глоб Интернэшнл Төв болон Өмгөөллийн Фиделитас Партнерс хуулийн фирм хамтран улс төрийн хуурамч мэдээллийг бууруулах, олон нийтийн хэвлэл мэдээллийн боловсролыг дээшлүүлэх сүлжээнд эх сурвалж, арга зүйн дэмжлэг үзүүлэхээр нэгдсэн байна.

“Баримт нэн тэргүүнд” сүлжээний нээлтийн уулзалт

Бид үйл ажиллагаагаа зөвхөн байгууллагуудаар хязгаарлалгүй хороодын хэсгийн ахлагч нарыг иргэдэд хуурамч мэдээллийн таних талаар мэдээлэл түгээх зорилгоор Улаанбаатар хотын өөр өөр байршилтай 3 дүүргийн хороодтой хамтран ажилласан. Үүнд, Улаанбаатар хотын хүн амын хамгийн их нягтралтай хороодын нэг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо болон гэр хорооллын олон айл өрх амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 24 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороодын хэсгийн ахлагч нар болон иргэдэд “Хуурамч мэдээллийг хэрхэн таних вэ?” сэдэвт сургалтыг орсон юм. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны ажилчид манай санаачилгад сайн дураараа нэгдэн, хэсгийн ахлагч нар болон хорооны иргэд хуурамч мэдээллийн талаар ойлголт өгч, баримт шалгах анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдлаа.

Баянзүрх дүүргийн 26-р хороонд зохион байгуулсан сургалтын зураг

Сургалтад зориулан Монголын баримт шалгах төвөөс “Баримт шалгах гарын авлага” номыг орчуулан хуурамч мэдээллийг танин, шинжлэх чадавхыг дэмжих оролцогчдод түгээсэн. Сургалтын хүрээнд нийт 40 орчим хэсгийн ахлагч болон 100 гаруй иргэд оролцож хуурамч мэдээлэл хэрхэн хүмүүсийн өдөр тутмын амьдралд нөлөөлж байгаа талаар ярилцан, тэдгээрийн эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой талаар санал солилцлоо.

Сүүлийн нэг жилийн хугацаанд хиймэл оюун ухааны технологи ашиглан бүтээсэн хуурамч контент нийгмийн сүлжээнд ихээхэн тархаж байгаатай холбоотойгоор Монголд тархаж байсан улс төрийн агуулгатай хуурамч мэдээллийг жишээ болгон зохион байгуулалттай хуурамч мэдээлэл сонгууль, олны анхаарал татсан үйл явдлын үеэр түгж болохыг мөн сургалтын үеэр онцоллоо.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document