Хиймэл оюун ухааны программаар бүтээгдсэн контент нийгмийн сүлжээний платформуудаар өргөн түгж буйтай холбоотойгоор Мета компани хиймэл оюун ухаанаар бүтээсэн зурагнуудад тэмдэглэгээ байршуулдаг болж буйгаа зарлалаа. Хүний оюун ухааны чадварыг компьютерын хүчин чадлын тусламжтайгаар дуурайх буюу өгөгдсөн датад суурилан тухайлсан даалгаврыг биелүүлэх чадвартай хиймэл оюун ухааны программууд сүүлийн нэг жил гаруйн хугацаанд олон нийт болон технологийн салбарын мэргэжилтнүүдийн хэрэглээнд нэвтрээд байна. Ийм төрлийн программаар Пап лам Францисын урт цагаан куртиктэй зураг болон Оросын ерөнхийлөгч Путины зургуудыг бүтээж байсныг та санаж магадгүй юм. Түүнчлэн Америк реппер Дрейкийн (Drake) дуулаагүй дууг хиймэл оюун ухааны программаар бүтээн олон сая хандалт авсан тохиолдол ч гарч байсан.
Энэ жил дэлхийн 60 гаруй улсад сонгууль болохтой холбоотойгоор хиймэл оюун ухаанаар бүтээсэн контент сонгуульд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа нь технологийн компаниудад харанга дэлдэж буй асуудал болоод буй юм. Мета компани эзэмшдэг Instagram, Facebook, Threads гэсэн гурван платформдоо хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургуудад тэмдэглэгээ байршуулах чадавхыг бий болгоно гэсэн бөгөөд энэ нь хэзээ хэрэгжиж эхлэх талаар тодорхой хугацаа заагаагүй байна. Метагийн Олон улсын асуудал хариуцсан захирал Ник Клегг 02 дугаар сарын 06-нд танилцуулсан мэдээлэлдээ “Бид энэхүү чадавхыг одоо бэлдэж байгаа бөгөөд ирэх саруудад аппликейшн бүрийн маань дэмждэг бүх хэл дээр тэмдэглэгээ байршуулдаг болно.” хэмээн мэдэгдсэн байна.
Мета компани өөрсдийн эзэмшдэг хиймэл оюун ухааны хэрэглүүрүүдийг ашиглан бүтээсэн зургууддаа хэдийн “Imagined with AI” гэсэн тэмдэглэгээ зүүдэг болсон бөгөөд үүнээс гадна зурагны метадата буюу хаана, хэрхэн, хэзээ үүссэн тухай мэдээллийг зурагны “тухай хэсэгт” хавсаргадаг тухай Ник Клегг мэдэгдсэн байна.
Тэрээр үргэлжлүүлэн тэмдэглэгээ зүүх ажил нь бусад технологийн томоохон компаниудaас хамаарахыг онцолсон ба “Google, OpenAI, Microsoft, Adobe, Midjourney болон Shutterstock зэрэг компаниудын хиймэл оюун ухааны хэрэглүүрүүдийг ашиглан бүтээсэн зургууддаа метадата нэмэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлсний дараа Мета компани зургуудад тэмдэглэгээ зүүж эхэлнэ” хэмээсэн байна.
Энэ ажил нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентыг таних, ил тод байлгах зорилгын нэг хэсэг бөгөөд аудио, видео бүтээдэг хиймэл оюун ухааны хэрэглүүрүүд ямар нэг таних тэмдэг тавьж эхлээгүй байгаагаас нийгмийн сүлжээний платформууд дээр тэдгээрт таних тэмдэг байршуулах боломжгүй байгааг тэрээр дурдсан байна.