2023 оны 02 дугаар сарын 1-нд Самбуу-Сэрчмаа нэртэй 108 дагагчтай пэйжээс шууд бичлэг тоглуулж, “Зурган дээрх тоог зөв таасан эхний 400 хүнд 20,000₮ бэлнээр өгнө. Энэ бол жинхэнэ хит” гэсэн тайлбартай, дуучин С.Сэрчмаагийн лайв бичлэгийн хажууд зураг эвлүүлсэн пост оруулсан нь 02 дугаар сарын 2-ны байдлаар 140 реакц, 2 мянган сэтгэгдэл авч, 1.6 мянган удаа цааш түгээсэн ба 13 мянган удаа үзжээ.
Сэтгэгдэл хэсэгт “Шагналаа дуусахаас нь өмнө яг одоо аваарай! Энэ шууд үйл явдлыг одоо бүх бүлгүүдтэй хуваалцаарай! БАЯРЛАЛАА. ЭНД БҮРТГҮҮЛНЭ” гэсэн тайлбартай, орж бүртгүүлэх линк тавьсан байна. Мөн бичсэн коммент болгонд “Миний шууд нэвтрүүлгийг фэйсбүүкийн 17 өөр бүлэгт хуваалцаж, дуусахаас нь өмнө коммент хэсэгт шагналаа аваарай. БАЯРЛАЛАА” гэсэн хариу өгсөн байна.
Хэрэв та зураг дээрх тоог нь таагаад бүртгэл хийлгэх линкээр орж, хувийн мэдээллээ бөглөж өгсөн бол хаягийнхаа нууц үгийг сольж, банкны данс, гүйлгээний нууц үгээ өөрчлөхгүй бол цахим луйварт өртөх магадлалтай болжээ.
Ийм төрлийн хуурамч мэдээллийг таних аргыг суралцаарай.
Мэдээлэл оруулсан хаягийг шалгах
Мэдээлэл оруулсан хаяг дээр дарж ороод “About” хэсэг рүү орно. “Page transparency” гэснийг дарж үзэхэд 2022 оны 12 дугаар сарын 21-нд шинээр нээсэн хаяг байна. 108 дагагч, 43 лайк авсан шинэ хаяг байгааг олж харж болно.
Хаягийг жинхэнэ эсэхийг мэдэх арга
Та фэйсбүүкийнхээ хайлт хэсэг дээр “Самбуу Сэрчмаа” гэж бичээд хайгаад үзээрэй. 2019 оны 10 дугаар сарын 29-нд нээсэн 283 мянган дагагчтай албан ёстой пэйж нь гарч ирнэ.
Уг пэйжийн live гэсэн цэс рүү орж харахад шалгаж буй мэдээлэлд ашигласан бичлэг байх бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 25-нд оролцсон тоглолтуудынхаа талаар мэдээлэл өгөхөөр хийсэн 43:02 минутын бичлэг байна.
Харин шалгаж буй мэдээлэлд энэ бичлэгийг 7 цаг 56 минутын турш дахин дахин тоглуулж, энэ хугацаанд хэрэглэгчдийг шэйр, бүртгэл хийлгэсэн байна. Сэтгэгдэл хэсэгт тоог таасан хэрэглэгч нар дансны дугаар, хувийн мэдээллүүдээ үлдээсэн байна.
Хуурамч болохыг мэдсэн бол та юу хийх хэрэгтэй вэ?
Хуурамч мэдээлэл гэдгийг мэдэхээсээ өмнө линкээр орж бүртгэлд нь хувийн мэдээллүүдээ өгсөн бол та цахим хаяг, имэйлийнхээ нууц үгийг солих шаардлагатай. Мөн фэйсбүүктээ нэвтрэхдээ заавал хоёр дахь төхөөрөмжөөр баталгаажуулдаг тохиргоог хийгээрэй.
Мөн тухайн хуурамч гэж мэдэж авсан мэдээллээ репорт хийж заншаарай. Таны репортолсон мэдээлэл фэйсбүүкийн алгоримтд очиж, ийм төрлийн мэдээллийг танд харуулахгүй байхаар ажилладаг.