Home » Бид хэрхэн баримт шалгадаг вэ? » Залруулга хийх бодлого
Залруулга хийх бодлого
“Mongolian Fact-checking Center” нь аливаа мэдээллийн баримтыг нягталж, түгээхээсээ өмнө баримтын хувьд ямар нэг алдаа гаргахгүй байх, олон нийтэд хоёрдмол ойлголт төрүүлэх найруулга, үг зүй ашиглахгүй байхыг “Баримт нягтлах үйл ажиллагааны журам”-аар зохицуулан мөрдлөг болгон ажиллаж байна. Бид алдаа гарах эрсдэлийг бууруулахын тулд редакцын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Гэвч баримт нягтлах үйл ажиллагаанд ашигладаг автоматжуулалтад доголдол үүсэж болзошгүй (MFCC нь IFCN-ий баталгаажуулалттай баримт шалгах төв болж мэдээллийг нягтлах зарим хэрэглүүрийг үйл ажиллагаандаа ашиглах тусгай эрх эзэмшдэг болсонтой холбогдуулан энэхүү шинэчлэлийг 2021 оны 07 дугаар сард хийв), мөн баримт шалгагчийн үйл ажиллагаанд алдаа гарч болзошгүй эрсдэлийг хүлээн зөвшөөрдөг билээ. Тиймээс “Олон улсын баримт шалгагчдын сүлжээ”-ний шаардлагад нийцсэн залруулгын нээлттэй бодлого баримталдаг. Мөн Meta компанийн албан ёсны баримт шалгах хөндлөнгийн байгууллагаар ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор Facebook, Instagram платформуудад түгсэн мэдээлэлд залруулга хийх зохицуулалтыг нэмж, залруулгын бодлогыг 2022 оны 7-р сард шинэчлэв. Шинэчлэгдсэн журмын дагуу: Имэйл эсвэл facebook, Instagram платформын “давж заалдах” (appeal) цэсээр хэрэглэгчээс нийтлэгдсэн баримт шалгалтын тайланг дахин нягтлуулах хүсэлт ирсэн нөхцөлд гомдлыг илгээснээс хойш ажлын нэг өдөрт багтаан хүлээн авсан тухай гомдол гаргагчид мэдээлнэ. Нийтлэгдсэн баримт шалгалтын тайланг дахин нягтлуулах хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан хүсэлтийг шийдвэрлэнэ. Хэрэглэгчдэд хялбар байх үүднээс Meta компани баримт шалгасан тайланг дахин нягтлуулах гомдол гаргахад ашиглах загваруудыг урьдчилан бэлдсэн байдаг бөгөөд, тэдгээрийг энэ холбоосоор авч, шууд ашиглах боломжтой. Мөн бид “давж заалдах” функцийг дэлгэрэнгүй тайлбарласан зааварчилгааг энд нийтэлсэнтэй танилцах боломжтой. Аливаа мэдээллийн баримтыг нягтлан нийтлэхэд дараах шалтгаануудыг улмаас алдаа гарах магадлалтай:
- Чухал баримтыг санаатай болон санаандгүй байдлаар орхигдуулсан
- Санаатай болон санамсаргүйгээр хэт нэг талыг барьж, сэтгэл хөдлөлд автан хэт нэг талын баримтыг түлхүү цуглуулсан
- Баримтыг бүрэн цуглуулж, алдаагүй дурдсан ч буруу найруулга, үг ашигласнаас хоёрдмол утга илэрхийлсэн
- Цоо шинэ баримт нээлттэй болсон, эсвэл нөхцөл байдал өөрчлөгдөж, шинэ нөхцөл байдал үүссэн
Энэхүү залруулга хийх бодлого нь эхний 3 нөхцөлд хамаарах бөгөөд 4 дугаарт тэмдэглэсэн хүчин зүйл нь алдаа бус, ШИНЭЧЛЭЛ гэж тооцогдох болно. Бид ЗАЛРУУЛГА хийхтэй холбоотой дараах бодлогыг баримтална:
- “Mongolian Fact-checking center”-ийн түгээсэн мэдээлэл нь бүрэн болон хэсэгчилсэн байдлаар бодит үнэнээс гажуудсан, үг зүй, найруулгын оновчгүй сонголтоос шалтгаалан олон нийтэд хоёрдмол ойлголт төрүүлэх эрсдэлтэй, эсвэл санаатай болон санамсаргүй байдлаар чухал баримтыг орхигдуулсан, дутуу шалгасан болох нь баримтаар нотлогдсон нөхцөлд тухайн мэдээний түгээлтийг нэн даруй зогсоож, “Баримт нягтлах үйл ажиллагааны журам”-ын дагуу дахин баримтыг нягталж, үнэн зөв хувилбарыг нийтэлнэ.
- Үнэн, зөв хувилбарыг нийтлэхдээ алдаатай нийтлэгдсэн өмнөх хувилбарын холбоосыг холбож, мэдээний эхэнд шинээр орсон өөрчлөлт, залруулгыг тодорхой харагдахуйц байдлаар нийтэлнэ.
- “Mongolian Fact-checking center” нь ямар ч тохиолдолд нийтэлсэн аливаа мэдээллээ устгахгүй байх бодлого баримтална. Харин нийтлэгдсэн алдаатай мэдээлэл нь үргэлжлүүлэн бусдад буруу ойлголт төрүүлэхээс сэргийлэх үүднээс түгээлтийг зогсоож, зөвхөн залруулгатай хамт уншигдах байдлаар сайт болон цахим сүлжээндээ байршуулна.
- Залруулгыг хамгийн багаар бодоход буруу мэдээллийг түгээсэн хэлбэрээр, аль болох түүнээс илүү өргөн хүрээнд түгээхээр редакц өөрөөс хамаарах бүх арга хэмжээг авна.
- Залруулгыг редакц өөрийн санаачлагаар болон олон нийтээс ирсэн хүсэлт, санал, гомдлыг үндэслэн “Баримт нягтлах үйл ажиллагааны журам”-ын дагуу шинээр олж авсан баримтуудыг шалгасны үндсэн дээр хийнэ.
- Олон нийтээс аливаа баримт шалгасан мэдээллийг нягтлуулах хүсэлт ирсэн нөхцөлд түүнийг хүлээн авч, журмын дагуу шалгах бөгөөд, энэхүү шалгалтын үр дүнд тухайн баримт шалгасан мэдээлэл нь алдаагүй бөгөөд үнэн болох нь тогтоогдвол нийтэлж, олон нийтэд хүргэхгүй байж болно. Харин хүсэлт ирүүлсэн тухайн этгээдэд ямар үр дүн гарсан тухай хувьчлан мэдээлэх үүрэг хүлээнэ.
- Бодит нөхцөл байдал өөрчлөгдөж, шинэ нөхцөл байдал үүссэнээс шалтгаалан өмнө нь нийтэлсэн баримт шалгалт буруу, алдаатай, эсвэл хоёрдмол ойлголт төрүүлэхүйц болсон нөхцөлд энэ журмаар биш, “Баримт нягтлах үйл ажиллагааны журам”-ын дагуу шийдвэрлэж, тухайн мэдээллийг ШИНЭЧИЛСЭН гэж үзнэ. (Дэлгэрэнгүй зохицуулалтыг “Баримт нягтлах үйл ажиллагааны журам”-аас харна уу) Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn appeals@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.