2023 оны 01 дүгээр сарын 16-27-ны өдрүүдийн хооронд “Зээл Зээл” нэртэй хэрэглэгчийн хаягаас олон гишүүдтэй бүлгэмүүд рүү нийт 12 удаа “Барьцаагүй зээл байнга олгоно. 500.000- 20.000.000 хүртэл ямар ч шимтгэл урьдчилгаа авахгүй” гэх постыг нийтэлсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Хэрэглэгчийн хаяг, агуулгыг нягтлах
Мэдээллийг түгээсэн хэрэглэгчийн хувийн мэдээлэл хэсэгт холбогдох утасны дугаар, хаяг, санхүүгийн чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг эсэхийг бататгах мэдээлэл байхгүй. Хаягийг анх 2022 оны 09 сард идэвхжүүлсэн байх ба хамгийн сүүлийн постыг 2022 оны 09 дүгээр сарын 16-нд нийтэлжээ. Хаяг хөтлөлт нь тасалдсан ч зөвхөн Facebook бүлгэмүүдэд постуудаа нийтэлж байсан нь цахим залилан гэж сэжиглэх шинж тэмдэг юм.
2. Эдийн засаг, цаг үеийн байдлаас үүдэн санхүүгийн залилан ихсэх болжээ
Монголбанкны вэбсайтад 2020 оны 05 дугаар сарын 04-нд байршуулсан мэдээлэлд:
“Хүүтэй мөнгө зээлнэ, барьцаагүй мөнгө зээлдүүлнэ гэх мэт залилангийн хэргүүд нэмэгдэх хандлагатай болсон. Өнөөдрийн байдлаар иргэдэд мөнгө хэрэгтэй байгаа учраас хүүтэй мөнгө зээлэх, хоногийн зээл их авч байна. Тэгэхээр энэ мэт нийгэмд үүссэн халуун сэдэв дээр л луйварчид тоглолт хийдэг. Мөн ажлын санал тавих, онлайн бизнес санал болгох, бараа бүтээгдэхүүн санал болгох гэх мэтчилэн олон аргаар залилах болсон байна. Өөрөөр хэлбэл залилагч этгээд тухайн цаг үед иргэдийн дунд ямар асуудал тулгамдаж байна түүн дээр санхүүгийн луйварчид тоглолт хийдэг гэсэн үг. Сүүлийн үед цахимаар үйлдэх гэмт хэргүүд өссөн учраас иргэдэд хандаж хэлэхэд энэ төрлийн мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх, цахим орчинд болгоомжтой байх, фэйсбүүк, имэйл хаягийнхаа нууц үгийг тогтмол солих хэрэгтэй” гэсэн байна. Иймд та бүхэн баталгаагүй хэрэглэгчид өөрийн хувийн мэдээлэл, дансны дугаар, цахим хаягийн мэдээллээ өгөхөөс зайлсхийх нь зүйтэй.
3. Хаягийг репортлох
Хэрэв та цахим залиланд өртөх магадлалтай байснаа мэдэж авсан бол бусад хүмүүсийг хамгаалах үүднээс тухайн хаягийг репорт хийж болно. Ингэхийн тулд хаягийн баруун дээд хэсэгт байрлах гурван цэг /…/ дээр дарж Find support or report гэснийг сонгож зааврын дагуу хийж болно. Мөн Facebook-ийн луйврын талаар мэдээлэх заавраар орж мэдүүлж болно.