“Баримт нэн тэргүүнд” хуурамч мэдээллийг бууруулах сүлжээ байгууллаа

Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвөөс (СИХҮТ) Канад Сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсрол дэмжих” төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, баримт шалгах байгууллага, хуульчдын баг, хороодын хэсгийн ахлагч нарыг нэгтгэсэн улс төрийн хуурамч мэдээлэл бууруулах сүлжээг байгууллаа. Тус сүлжээ нь Филиппиний Rappler агентлагийн FactFirstPH гэх нэршилтэй хуурамч мэдээллийг бууруулах сүлжээний загвар бөгөөд 2022 онд Дэлхийн баримт шалгагчдын есдүгээр форумын Шилдэг хамтын ажиллагааны эзэн болж байжээ.

  Одоогийн байдлаар уг сүлжээнд Глоб Интернэшнл төв, Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Фиделитас Партнерс хуулийн фирм болон NTV, ub.life, iToim, unnu.news, Lemonpress, Зууны Мэдээ сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага нэгдээд байна.  Мөн их сургуулиудын дэргэдэх клуб, хороодын ажилтнууд баримтаар шалгагдсан бодит мэдээллийг түгээхэд оролцох юм.

  Сүлжээний үйл ажиллагааны хүрээнд СИХҮТ-ийн дэргэдэх Монголын баримт шалгах төв нь баримт шалгах анхан, дунд, ахисан шатны сургалтыг гишүүн байгууллагуудад орохоос гадна, олон нийтийн үзэл бодлыг өөрчлөх, төөрөгдүүлэх эрсдэлтэй мэдээллүүдэд баримт шалгалт хийж, бодит байдал, түгээх учир шалтгаан, зорилго, эх сурвалж зэргийг шинжлэн тайлбарласан тайлан мэдээг сүлжээний оролцогчдод түгээх юм. Оролцогчид тухайн баримт шалгалтыг олон нийтэд өөрсдийн сувгаар түгээж, редакцууд эх сурвалжийн түвшинд үзэж, мэдээ мэдээлэл бэлтгэх байдлаар уг хамтын ажиллагаа үргэлжлэх бөгөөд сүлжээний үйл ажиллагаа улам бүр хүрээгээ тэлж, хуурамч мэдээллийн эсрэг ажиллахыг хүссэн бүхэнд нээлттэй ажиллах юм.

Тус сүлжээний гишүүн болохыг хүсвэл  дараах холбоосоор бүртгүүлэх боломжтой. 

Мөн та дараах холбоосоор сошиал сүлжээгээр түгээх боломжтой, анхан шатны сургалтын материалуудыг үнэ төлбөргүй үзээрэй. 

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document