Банкнаас зээл авсан ИРГЭН БҮР 1 хувийн шимтгэлээ дараах шүүхийн шийдвэрийн дагуу аваарай гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #409

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Never gone нэртэй 25 мянган дагагчтай пэйжид “Банкнаас зээл авсан ИРГЭН БҮР 1 хувийн шимтгэлээ дараах шүүхийн шийдвэрийн дагуу аваарай” гэх тайлбартай, GERBUL.LIFE домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 01 дүгээр сарын 31-ний байдлаар 3.6 мянган реакц, 359 сэтгэгдэл авч, 2.8 мянган удаа цааш түгээгдсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Хуучирсан мэдээллийг дахин түгээж төөрөгдүүлж байна. “Зээлийн хүү”-д зээлийн шимтгэл багтдаггүй, түүнийг зээлийн бодит өртөгт оруулан тооцож, шимтгэл авах нь хууль зөрчөөгүй. Харин шимтгэлээ ямар үндэслэлээр 1 хувь болгон тогтоосон тайлбар, баримтаа гаргаж өгөөгүй учраас нэхэмжлэгчид олгохоор болсон талаарх мэдээллийг ашиглажээ.

2023 оны 01 дүгээр сарын 27-нд Never gone нэртэй 25 мянган дагагчтай пэйжид “Банкнаас зээл авсан ИРГЭН БҮР 1 хувийн шимтгэлээ дараах шүүхийн шийдвэрийн дагуу аваарай” гэх тайлбартай, GERBUL.LIFE домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 01 дүгээр сарын 31-ний байдлаар 3.6 мянган реакц, 359 сэтгэгдэл авч, 2.8 мянган удаа цааш түгээгдсэн байна.

Уг холбоосоос орж үзэхэд “Дээд шүүх Г.Ариунаагийн нэхэмжлэлтэй “Голомт банк” ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагаас “зээлийн үнийн дүнгийн 1 хувиар шимтгэл” төлөх талуудын гэрээний тохиролцоо хууль зөрчсөн эсэх, түүний үр дагаврын талаар дараах дүгнэлтийг өгч, шийдвэр гаргажээ…” гэх мэдээ байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Хуучирсан мэдээг дахин түгээж төөрөгдүүлж байна.

Уг мэдээлэл нь 2022 оны 11 дүгээр сарын 11-нд иргэн Г.Ариунаагийн нэхэмжлэлээр “Голомт банк” ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн талаарх мэдээлэл юм.

Тухайн үед шүүхийн шийдвэрийн цахим санд болон хууль шүүхтэй холбоотой мэдээлллийн нэгдсэн платформ Легал дата-д оруулж байсан. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан мэдээлэл юм.

Нэг кэйсийн үр дүн бусад бүх банкны үйлчилгээнд хамаарах боломжгүй

Энэхүү хэргийн талаар төөрөгдүүлсэн мэдээлэл их гарч байсан тул бид өмнө нь баримт шалгалт хийж байв.

  • Дээд шүүхийн шийдвэр жишиг болохгүй

Дээд шүүх Г.Ариунаагийн нэхэмжлэлтэй “Голомт банк” ХХК-д холбогдох хэрэгт “шимтгэлийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн” нь бүх банк зээлдэгч нараасаа авсан 1% шимтгэлээ буцааж өгөх ёстой гэх хууль зүйн үндэслэл болохгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-т “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаас үзэхэд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн зохицуулалт, тухайн хэрэгт авагдсан нотлох баримт, нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэдэг.

Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдэхдээ өмнө шийдсэн шүүхийн шийдвэрийг үндэслэл болгож, жишиг байдлаар дараагийн шүүхийн шийдвэрт хэрэглэх талаар хуульд заагаагүй.

  • Зээл олгосны 1 хувийн шимтгэлийг хууль бус гэж шийдвэр гаргаагүй

2022 оны 11 дүгээр сарын 11-нд Улсын Дээд Шүүхийн албан ёсны вэбсайтад “Зээлийн шимтгэл үндэслэлтэй, бодит зардалд нийцсэн байх ёстой” гарчигтай мэдээлэлд “Иргэний хууль, зээлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулиар “зээлийн хүү” гэдэг нь “мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу “үнэ” байдаг. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүд “шимтгэл” багтдаггүй. Түүнчлэн “зээлийн бодит өртөг” гэдэгт хүү, шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардал байдаг бөгөөд зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ шимтгэл тогтоож буй банкны үйл ажиллагаа ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ” гэсэн байна.

Улмаар, “Энэ хэрэгт банк нь зээлийн бүтээгдэхүүний онцлогоос хамаараад нарийвчилсан ямар шалгуураар шимтгэл тогтоосон талаарх БАРИМТЫГ ШҮҮХЭД ГАРГАЖ ӨГӨӨГҮЙ УЧРААС шимтгэлийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн төлдөг “зээлийн хүү”-д зээлийн шимтгэл багтдаггүй, түүнийг зээлийн бодит өртөгт оруулан тооцож, шимтгэл авах нь хууль зөрчөөгүй. Харин шимтгэлээ ямар үндэслэлээр 1 хувь болгон тогтоосон тайлбар, баримтаа гаргаж өгөөгүй учраас нэхэмжлэгчид олгохоор болсон юм.

Монголбанкнаас олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор эрхлэн гаргасан “Зээл” гарын авлагад Зээл олголтын шимтгэл гэж “Зээлийн шийдвэр гарсны дараа зээл олгоход 1 удаа төлдөг зээлийн дүнгийн 0.5-1%-тай тэнцэх хураамж” гэж тодорхойлсон байна.

Хэрэв бусад банкны зээлдэгч нар шимтгэлээ буцаан авахаар нэхэмжлэл гаргавал тухайн банкнаас зээлийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг тогтоосон үндэслэл болон зарцуулалтаа нотлох баримтуудыг нарийвчлан гарган өгч, түүнийг нь шүүх үндэслэлтэй гэж үзвэл нэхэмжлэгчид шимтгэлийг буцаан олгохгүй байх боломжтой.

  • Зээлийн шимтгэл 1 хувиа буцаан авахыг хүсвэл…

Иргэд шүүхийн журмаар төлсөн зээлийн шимтгэл 1 хувийг буцаан авах хүсэлтэй бол шүүхэд нэхэмжлэл гаргана.

Нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хариуцагч буюу шимтгэл төлсөн банк, ББСБ-ын хаягаар харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргана.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасанчлан,

  • иргэний хэрэг үүсгэх үндэслэл байгаа,
  • гаргасан нэхэмжлэл нь мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлд тусгах зүйлсийг тусгаж,
  • нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан,
  • мөн хуулийн 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд иргэний хэрэг үүсгэж, хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна.

Нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хянан хэлэлцэнэ. Талууд хэрхэн гомдол гаргахаас хамаарч анхан шат, давж заалдах шат болон хяналтын шат гэсэн 3 шатны шүүхээр хэргийг хянах боломжтой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document