Монгол Улс коронавирусийг дотооддоо алдсан гэх мэдээлэл худал 

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

10 дугаар сарын 14-ний өдөр Mongolian Airlines (МИАТ) компанийн Хөх хотын ОМ223 нислэгээр шинэ титэм вирусийн шинжилгээ эерэг гарсан 5 зорчигчийг илрүүлсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсаныг уламжлалт арга болон технологийн шийдэл ашиглан энэхүү мэдээллийн үнэн бодит байдлыг шалгаж Монголд коронавирус алдагдаагүйг нотоллоо.

Баримт шалгалтын үр дүн

Баримтын шалгалт хийсний дараах онцлох 3 БАРИМТ
📌 1. Монгол Улсаас 10-р сарын 14-ний өдөр Хөх хот руу нислэг үйлдсэн нь БАТЛАГДАВ. Гэхдээ тус өдрөө Москвад орон нутгийн цагаар 05:27-д бууж, харин Улаанбаатарт 18:23 цагт бууж шатахуунаа цэнэглээд шууд Хөх хотын зүг ниссэнийг дутуу мэдээлсэн байна.
📌 2. Хөх хотод гаднаас 5 тохиолдол импортлогдсон гэх мэдээлэл БАТЛАГДАВ. 10-р сарын 15-нд хийсэн шинжилгээгээр 5 хүнээс эерэг хариу гарсныг Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо 16-ны өдөр мэдээлжээ.
📌 3. Монгол Улсаас авах нислэгийг 7 хоногийн хугацаанд цуцалсан нь БАТЛАГДАВ. Хятадын Иргэний агаарын тээврийн байгууллага нь өөрийн цахим хуудсандаа Монгол Улсаас ирэх нислэгийг 10-р сарын 20-ноос эхлэн 1 долоо хоногийн хугацаанд авахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Баримт нягталж нийтлэхээс 12 цагийн өмнө буюу 2020 оны 10-р сарын 21-ний орой Гантөмөр Цогтбаатар нэртэй facebook хэрэглэгч өөрийн профайлаараа дамжуулан “Худал л байгаасай даа .. хүүхдүүд минь ОХУ-Улаанбаатар-Хөх хотын чиглэлд ниссэн онгоцноос #COVID19 ийн эерэг тохиолдол 5 н хүнээс илэрч дээ … ” гэсэн тайлбартайгаар, хятадын цахим мэдээллийн сайтад нийтлэгдсэн мэдээллийн зургийг тавьсан байсан юм. Тус мэдээллийн агуулгыг google translate ашиглан шалгаж үзэхэд “10-р сарын 14-ний өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлд ниссэн Mongolian Airlines компанийн OM223 нислэгийн 5 зорчигчоос шинэ төрлийн коронавирус илэрсэн тул тус улс 10-р сарын 20-ноос эхлэн Монголоос нэг долоо хоногийн хугацаатай нислэг хүлээн авахгүй боллоо” гэсэн байв.

Юуны өмнө Монгол Улсаас Хөх хотын чиглэлд аливаа нислэг үйлдэгдсэн эсэх мэдээллийг Шведийн Flightradar24 платформыг ашиглан нягтлав. Ингэхэд 10-р сарын 14-ний өдөр нислэг үйлдсэн Boeing 767-34G(ER) агаарын хөлөг нь тус өдрөө Улаанбаатар – Москва – Улаанбаатар чиглэлд OM7135, ОМ7136 дугаарын нислэгүүдийг үйлдэж, Улаанбаатар – Хөх хот – Бээжин чиглэлд мөн өдрөө ОМ223 дугаарын нислэгийг үйлдсэн нь батлагдав. Тус агаарын хөлөг 10-р сарын 15-ны өдөр ОМ224 дугаарын нислэгээр Бээжин-Улаанбаатар чиглэлд буцаж нисжээ. Үүгээр Монгол Улсаас 10-р сарын 14-ний өдөр Хөх хотод нислэг очсон болох нь БАТЛАГДАВ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “МИАТ-ын Boeing 767-34G(ER) агаарын хөлөг нь Чингис хаан нисэх онгоцны буудалд зөвхөн шатахуун цэнэглэсэн, нэг ч хүн бууж, суугаагүй, Монголд ямар нэг хавьталд ороогүй” гэв.

Дараа нь тус мэдээлэлд дурдагдсан 5 хүнээс коронавирус илэрсэн гэх мэдээллийг нягтлахад нилээд хүндрэлтэй байлаа. Өвөрмонголд шинээр илэрсэн коронавирусийн тоон мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дангаар нь мэдээлдэггүй байна. Google-д Inner Mongolia, covid, case, imported гэх түлхүүр үгсийг ашиглан хэд хэдэн удаагийн хайлт хийж үзсэний үр дүнд www.china-briefing.com сайтад Хятад улсад илэрсэн шинэ тохиолдлуудыг шинээр илэрсэн хот, мужаар, мөн импортлогдсон болон дотоодоос илэрсэн кэйсүүдийн тоогоор ангилсан байв. Энэ мэдээлэл нь БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо буюу эрүүл мэндийн чиглэлээрх бодлого, хуулийг боловсруулах, санаачлах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагын цахим хуудсыг эш татсан байх бөгөөд тус сайт дахь мэдээллээр “14-ний өдөр Хөх хотод гаднаас 5 тохиолдол импортлогдсон” гэх мэдээлэл БАТЛАГДАВ.
      Мөн Тайванийн баримт нягтлагчдын төв (TFC 台灣事實查核中心 Taiwan Fact-Checking Center)-тэй хамтран тус мэдээллийг нягтлахад Хятадын Иргэний агаарын тээврийн байгууллага нь өөрийн цахим хуудсандаа Монгол Улсаас ирэх нислэгийг 10-р сарын 20-ноос эхлэн 1 долоо хоногийн хугацаанд авахгүй байхаар болсон тухай нийтэлсэн байна. Үүгээр Монголоос очсон нислэгийн 5 зорчигчоос тус вирус илэрсэн бөгөөд нислэг цуцлагдсан гэх мэдээлэл мөн БАТЛАГДАВ.

Харин эдгээр баримт нягталсан байдал нь Монгол Улсын дотоодод коронавирус алдагдсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Баримт шалгах явцдаа бид МИАТ компани руу холбогдож албан ёсны тайлбар өгөхийг хүсэхэд өөрийн цахим хуудсаар дамжуулж мэдээлэл хүргэхээ амласан юм. Улмаар цаг орчим хугацааны дараа тус компани энэ талаар албан ёсоор мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд, “…МИАТ ТӨХК нь БНХАУ-ын ААН-ын хүсэлтийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Москва – Улаанбаатар – Хөх хот – Бээжин чиглэлд ОХУ-д саатсан БНХАУ-ын 160 иргэнийг БНХАУ-руу тээвэрлэн хүргэх захиалгат нислэгийг үйлдсэн. Энэхүү нислэгийг Боинг 767 маягийн агаарын хөлгөөр үйлдэж “Буянт-Ухаа” ОУНБ-д түлш цэнэглэсэн бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зорчигч тус агаарын хөлгөөс буухгүй байхаар зохион байгуулагдсан. Мөн зорчигчдод ОХУ-д шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавигдсан. Гэвч Хөх хотод Ковид-19 вирусын шинжилгээ авахад БНХАУ-ын 5 иргэнээс халдвар илэрсэн байна. Энэ төрлийн нислэгийг БНХАУ-ын ИНЕГ-ийн зөвшөөрлөөр хийгддэг ба одоогийн байдлаар нислэг үйлдэж байгаа компаниудаас Ковид-19 халдвартай зорчигч илэрсэн гэсэн үндэслэлээр Ethiopian Airlines (5 долоо хоног), China southern (5 долоо хоног), Saudi Arabian Airlines (1 долоо хоног), Vietnam Airlines (1 долоо хоног) болон МИАТ Mongolian Airlines (1 долоо хоног)-ийн нислэгүүдийг түр зогсоосон” хэмээсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document