10 сарын 01-ээс хатуу хөл хорино гэх мэдээлэл #ХУДАЛ

   [Худал] ✒ 2021 оны 09 дүгээр сарын 25-нд Jargal Munhgerel нэртэй facebook хэрэглэгчийн хаягаас 170.9 мянган гишүүнтэй “Шуурхай мэдээ” нэртэй паблик группт “ШУУД: 10-сарын 1-ны өдрөөс хатуу хол хорино гэв” гэх пост оруулсан нь 09 дүгээр сарын 27-ны байдлаар 429 реакц, 263 сэтгэгдэл авч 850 удаа хуваалцсан байв.

   📌 Уг постод irgenshil.com гэх домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан ба мэдээнд нь дараах зүйлийг бичсэн байна. “Улсын онцгой комисс хуралдан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих нь зүйтэй гэж үзлээ. Онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн эцэслэх юм. Энэ нь цар тахлын тархалтыг таслан зогсоож голомтыг хумих, аль болох олон иргэнийг шинжилгээнд хамруулах, халдвартай хүн болон ойрын, дам хавьтлыг тусгаарлан эмчлэх зорилготой. Эрүүл мэндийн яам “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэсэн зарчмаар 420 мянган өрх тус бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар тооцоолсон байна” гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

✅ УОК хуралдаж 09 дүгээр сарын 27-ны 18:00 цагаас мэдээлэл хийсэн бөгөөд гамшгаас хамгаалах түвшинг чангатгах тухай ямар ч шийд гаргаагүйгээ мэдэгдсэн. Харин 10 сарын 01-нээс хоолоор үйлчлэх газруудыг 22:00 цагаас хаах шийдвэр гаргасан гэв. /холбоосыг хавсаргав/

📌 Гамшгаас хамгаалах тухай хууль болон цар тахлын үеийн зохицуулалтад “Хатуу хөл хорио” гэх түвшин байхгүй бөгөөд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг олон нийт хатуу хөл хорио гэж ярьж хэвшсэн. Дээрх мэдээлэл нь 2020 оны 11 дүгээр сарын эхэн үеийн УОК-ийн хэлэлцсэн асуудлыг 2021 оны 09 дүгээр сард болсон мэтээр ташаа мэдээлжээ. Тухайн үед УОК-ийн оруулсан саналын дагуу Засгийн газраас “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлэх тухай 178 тоот тогтоолыг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргаж байсан юм. Түүнээс хойш 7-14 хоногийн зайтай уг түвшинг сунгах тогтоол гаргаж байв. /холбоосыг хавсаргав/

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г дахин авах тухай огт яриагүй бөгөөд энэ нь өнгөрсөн 02 дугаар сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, өрх бүрээс нэг хүнийг төлөөлж шинжилгээ авсан үеийн мэдээллийн огноог зориудаар өөрчлөн санаатайгаар ташаа мэдээлэл тараасан үйлдэл байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst