Монгол, Солонгос иргэд харилцан визгүй зорчдог болох боломж бүрдлээ гэх мэдээлэл #ХУДАЛ

   [Худал]2021 оны 09 дүгээр сарын 20-нд ulstur.com домайн нэртэй сайтад “Монгол Солонгосын иргэд харилцан визгүй зорчдог болох боломж бүрдлээ” гарчигтай мэдээлэл оруулсан нь тухайн өдрийн 12:30 цагийн байдлаар facebook платформд 751 хариу үйлдэл аваад байна.

   ✒Уг мэдээлэлд Ерөнхийлөгчийн Тамгын газраас эрхлэн хөтөлдөг албан ёсны president.mn сайтад 09 дүгээр сарын 10-нд оруулсан “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй дээд түвшний цахим уулзалт хийлээ” гэх мэдээг бүрэн эхээр нь хуулж тавиад, төгсгөлд нь 📌“Энэхүү үйл явц нь Монгол, Солонгос улсын иргэд харилцан визгүй зорчдог болоход нэг шат ахиулж байгаа юм” гэх өгүүлбэр нэмж, гарчигийг өөрчилсөн байна.

#FactCheckedByMFCC

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

✅Виз олгох журам хуучин мөрдөгдөж байснаар буюу зургаан шаттай үйл явц хэвээр байна. Уг журмаар олгосон виз нь зөвхөн зорчихыг санал болгож байгаа бөгөөд БНСУ-ын хилээр нэвтрэх үед дахин шалгадаг болохыг анхааруулжээ. Мөн виз олгохоос татгалзсан тохиолдолд утсаар дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүй бөгөөд онцгой тохиолдлоос бусад үед виз мэдүүлэх хугацааг 6 сараар хязгаарлах ба хэрэв үүнийг зөрчиж виз мэдүүлсэн тохиолдолд шууд виз олгохоос татгалзана гэдгээ онцолсон байна. /холбоосыг хавсаргав/

✅2019 оны 03 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Уг айлчлалын үр дүнгийн талаар zasag.mn вэбсайтад мэдээлж байв. Уг айлчлалын үр дүнг жагсааж бичсэний 12 дугаарт

📌“Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д сурч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд Засгийн газрын зүгээс тэргүүлэх ач холбогдол өгч буйг онцолж, манай иргэдийн ажиллах, амьдрах нөхцлийг сайжруулах, хэтдээ иргэд харилцан визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн замын зурагтай болох нь хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв. Ерөнхий сайд Ли Наг Ён солонгосын тал БНСУ-д зорчих Монгол иргэдэд зориулан олон удаагийн визний өргөжүүлсэн журмыг шинэчлэн хэрэгжүүлж байгааг онцолж, цаашид иргэд, консулын чиглэлээрх хүч чармайлтаа үргэлжлүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв” гэсэн байна. /холбоосыг хавсаргав/

✅ГХЯ-ны Консулын газраас 2021 оны 08 дугаар сарын 01-ний байдлаар гаргасан Монгол Улсын иргэд визгүй зорчих орнуудын жагсаалтад БНСУ ороогүй байна. /холбоосыг хавсаргав/

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst