Өндөр хүчдэлийн шугамтай ойр амьдарвал хорт хавдар тусна гэх мэдээлэл бүрэн бус

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Өндөр хүчдэлийн шугамтай ойр амьдарвал хорт хавдар тусна гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Өндөр хүчдэлийн шугам нь цахилгаан соронзон орон үүсгэдэг нэгэн эх үүсвэр бөгөөд орчин үед гар утас, Wi-Fi, гэрийн цахилгаан хэрэгсэлүүдээс цахилгаан соронзон орон ялгарч байдаг. ДЭМБ-ын вэб сайтад мэдээлснээр соронзон орон ба хавдрын эрсдлийн харилцан хамаарлын талаарх судалгаа эцсийн байдлаар дүгнэлт гаргахад хангалтгүй байгаа ба “Хэрвээ соронзон орон хавдарт ямар нэг байдлаар нөлөөлдөг бол энэ нь эрсдэлийг маш багаар нэмэгдүүлнэ” гэж мэдээлжээ.

2022 оны 11 дүгээр сарын 11-нд iNews.mn фэйсбүүк хуудас “Д.Мөнх-Эрдэнэ: Цахилгааны өндөр хүчдэлийн шугамтай ойр баригдсан ОРГИЛ худалдааны төв рүү орвол хорт хавдар тусна аа.” гэх видео мэдээллийг нийтнлсэн. Тус видеонд Д.Мөнх-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт оршдог Оргил худалдааны төвийн авто зогсоол дахь өндөр хүчдэлийн шугамыг харуулан тус төвийн ард талд байрладаг “орон сууцанд амьдардаг хүмүүс хорт хавдар тусна” цаашлаад, “Оргил худалдаа төв рүү орвол хорт хавдар тусна” гэх мэдээллийг ярьсан. Тэрээр өндөр хүчдэлийн шугамаас ялгардаг соронзон орон хорт хавдар үүсгэнэ гэдгийг онцолсон.

2022 оны 11 дүгээр сарын 11-нд iNews.mn фэйсбүүк хуудас “Д.Мөнх-Эрдэнэ: Цахилгааны өндөр хүчдэлийн шугамтай ойр баригдсан ОРГИЛ худалдааны төв рүү орвол хорт хавдар тусна аа.” гэх видео мэдээллийг нийтнлсэн. Тус видеонд Д.Мөнх-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт оршдог Оргил худалдааны төвийн авто зогсоол дахь өндөр хүчдэлийн шугамыг харуулан тус төвийн ард талд байрладаг “орон сууцанд амьдардаг хүмүүс хорт хавдар тусна” цаашлаад, “Оргил худалдаа төв рүү орвол хорт хавдар тусна” гэх мэдээллийг ярьсан. Тэрээр өндөр хүчдэлийн шугамаас ялгардаг соронзон орон хорт хавдар үүсгэнэ гэдгийг онцолсон. Дээрх мэдээлэл нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ны байдлаар 4500 орчим реакц, 334 коммент авч, 475 удаа цааш түгээгдэн, 252,000 орчим үзэлт, хандалт авсан байна.

1. Өндөр хүчдэлийн ойролцоо амьдрах нь хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг нь батлагдаагүй

Өндөр хүчдэлийн шугам нь цахилгаан соронзон орон үүсгэдэг нэгэн эх үүсвэр бөгөөд орчин үед гар утас, Wi-Fi, гэрийн цахилгаан хэрэгсэлүүдээс цахилгаан соронзон орон ялгарч байдаг. ДЭМБ-ын вэб сайтад мэдээлснээр соронзон орон ба хавдрын эрсдлийн харилцан хамаарлын талаарх судалгаа эцсийн байдлаар дүгнэлт гаргахад хангалтгүй байгаа ба “Хэрвээ соронзон орон хавдарт ямар нэг байдлаар нөлөөлдөг бол энэ нь эрсдэлийг маш багаар нэмэгдүүлнэ” гэж мэдээлжээ. АНУ-ын Хавдарын судалгааны институтийн мэдээлснээр цахилгааны шугамын соронзон орон болон хүүхдийн цусны хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг талаарх судалгаа нь эцсийн байдлаар дүгнэгдээгүй, тодорхойгүй байгаа гэжээ. Тодруулбал, Америкийн Клиник хавдар судлалын нийгэмлэгийн вэбсайтад 1979 онд цахилгаан шугамын ойролцоо амьдрах нь хүүхдийн цусны хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг талаар судлан дүгнэсэн боловч 2000 оноос хойш хийсэн судалгаануудад ямар нэг харилцаа хамаарал олоогүй буюу маш бага харилцан хамаарлыг олсон талаар дүгнэжээ. Гэхдээ чухам ямар биологийн механизмаар цахилгаан соронзон орон нь хавдар үүсгэдгийг одоогоор тогтоогоогүй байна. 2005 онд Оксфордын их сургуулийн Жералд Дрэйпар (Gerald Draper) судлаачид өндөр хүчдэлийн шугамын ойролцоо амьдардаг хүүхдүүдэд цусны хавдар тусах эрсдэл нэмэгдэж буй талаар судлан дүгнэсэн. Хэдийгээр тус судалгааг 33,000 хавдартай хүүхдийн гэрийн хаяг болон цахилгааны шугамын байршлын мэдээллийг үндэслэн хийсэн боловч харилцан хамаарлыг нь дэндүү урт буюу 600 метр хүртэл уртасгаснаас соронзон орноос үүдэн хавдрын эрсдэл нэмэгдсэн гэж дүгнэхэд төвөгтэй болгосон байна. Харин 2016 онд Калифорнийн их сургуулийн Катерин Креспи (Catherine M. Crespi) нарын судлаачид 5,788 цусны хавдартай хүүхэд, төв мэдрэлийн системийн хавдартай 3,308 хүүхдийн төрсөн, оршин суудаг газар болон цахилгааны шугамын зайн мэдээллийг үндэслэн өндөр хүчдэлийн шугамаас 50 метрийн дотор амьдарч байгаа тохиолдолд цусны хавдрын эрсдэл багаар нэмэгдэж болох ч тус судалгаагаар хавдрын эрсдэл нэмэгддэг нь эцэслэгдэн батлагдаагүй гэдгийг мэдэгдсэн байна.

2. Монгол Улсад мөрдөж буй эрчим хүчний шугамын хамгаалалтын зурвасыг 30 метр хүртэлх зайгаар тогтоосон байна

Бидний шалгаж буй видеонд гарсан Оргил худалдааны төвийн авто зогсоол дахь өндөр хүчдэлийн шугамаас ойролцоох орон сууц хүртэлх зай нь 32 гаруй метр байгаа нь Google maps-с харагдаж байгаа юм. Хэдийгээр өндөр хүчдэлийн шугамын ойролцоо амьдарч буйгаас хүүхдүүдийн цусны хавдрын эрсдэл нэмэгдэж болох судалгаа байгаа ч шалгаж буй байршил дахь эрсдэлийг нарийвчлан тооцоолох боломжгүй юм. Гэхдээ цахилгаан орох гарах станцуудад хамгийн хүчтэй цахилгаан соронзон орон байдгийг Америкийн Үндэсний Эрүүл мэндийн институтийн 2002 оны тайланд дурджээ. Мөн цахилгааны шугам байнга дээд хүчин чадлаараа ажиллахаас илүүтэй цахилгааны хэрэглээ, нийлүүлэлтээс хамаарч шугамын ойролцоох соронзон орны хэмжээ өөр байх юм. АНУ-д холбооны хэмжээнд буюу улс даяар хамарсан оршин суух газрын ойролцоох цахилгааны шугамын соронзон орныг хязгаарлах стандарт байдаггүй байна. Харин Францын засгийн газрын 2004 оны шийдвэрээр вольтоос нь хамааран цахилгааны шугамаас 30-аас 40 метрийн зайтай орон сууц барихыг зөвшөөрдөг байна. Германд энэ зай 50 метр хүртэл байдаг байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны 97 дугаар тогтоолын 3-р хавсралтаар “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийг баталсан. Уг дүрэмд Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг цахилгаан дамжуулах шугамын хүчин чадлаас хамаарч тал бүр тийш 10-30 м зай барихыг заажээ. Энэхүү тогтоол гарсантай холбоотой өмнө мөрдөж байсан 2001 оны 263 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

  1. Шалгасан мэдээ www.facebook.com
  2. ДЭМБ-ын вэб сайт дахь цахилгаан соронзон орны тухай мэдээлэл www.who.int
  3. АНУ-ын Хавдарын судалгааны институт вэб дахь цахилгаан соронзон орны тухай мэдээлэл www.cancer.gov
  4. Aмерик Клиник хавдар судлалын нийгэмлэгийн вэб сайт дахь цахилгаан соронзон орны эрүүл мэндийн нөлөөний талаарх мэдээлэл www.cancer.net
  5. Gerald Draper et. al. “Childhood cancer in relation to distance from high voltage power lines in England and Wales: a case-control study” bmj.com
  6. Catherine M. Crespi et. al. “Childhood leukaemia and distance from power lines in California: a population-based case-control study” www.nature.com
  7. Google maps Оргил худалдааны төвийн байршил www.google.com
  8. Үндэсний Эрүүл мэндийн институтийн цахилгаан соронзон орны эрүүл мэндийн нөлөөний талаарх тайлан niehs.nih.gov
  9. Их Британий Эрүүл мэнд, хүрээлэн орчны үндэсний институтийн цахилгааны шугамаас үүдэлтэй соронзон орны талаарх олон улсын бодлогын харьцуулалт rivm.nl
  10. “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм” legalinfo.mn

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document