“Эрдэнэс таван толгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг иргэнд өмчлүүлж, 250 сая төгрөг авах ёстой гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг иргэнд өмчлүүлж, 250 сая төгрөг авах ёстой гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Эрдэнэс таван толгой ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг иргэнд өмчлүүлэх тухай” хуулийн төсөл УИХ-д өргөн бариагүй.

2022 оны 11 дүгээр сарын 29-нд Suldnews.mn нэртэй пэйжид “Энэ мөнгөө авахгүй юм уу та нар авах ёстой юм ааа нэхээд аваачээ. Харсан хүн болгон шэйрлээд өгөөрэй баялагтаа эзэн монгол хүн та шүү” гэсэн тайлбартай, “250,000,000 төгрөгийн хувьцааг иргэн бүрт өмчлүүлнэ” гэсэн толгойтой босоо хөлтэй самбарын зургийг хавсаргасан пост оруулжээ. Уг постыг 11 дүгээр сарын 30-ны байдлаар 2 мянга гаруй реакц, 548 сэтгэгдэл, 6,700 гаруй удаа цааш түгээгээд байна.

2022 оны 11 дүгээр сарын 29-нд Suldnews.mn нэртэй пэйжид “Энэ мөнгөө авахгүй юм уу та нар авах ёстой юм ааа нэхээд аваачээ. Харсан хүн болгон шэйрлээд өгөөрэй баялагтаа эзэн монгол хүн та шүү” гэсэн тайлбартай, “250,000,000 төгрөгийн хувьцааг иргэн бүрт өмчлүүлнэ” гэсэн толгойтой босоо хөлтэй самбарын зургийг хавсаргасан пост оруулжээ. Уг постыг 11 дүгээр сарын 30-ны байдлаар 2 мянга гаруй реакц, 548 сэтгэгдэл, 6,700 гаруй удаа цааш түгээгээд байна. Зураг дахь самбарт ““Эрдэнэс таван толгой ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг иргэнд өмчлүүлэх тухай” /хуулийн төсөл 2018.12.05/” гэсэн ба 1072 ширхэг хувьцааны нэгжийн үнэ 933 төгрөгөөс 53 мянган төгрөг болж нэмэгдсэнээр нийт үнэ 2012 онд 1 сая төгрөг байсан бол 2018 онд 56.8 сая төгрөг болно гэх ойлголт төрүүлэх хүснэгт үзүүлжээ. Мөн хуулийн төслөөр иргэн бүрт 3,613 ширхэг хувьцаа нэмж өмчлүүлснээр нэг иргэн 4,685 хувьцаатай болж, 250 сая төгрөг авна гэх ойлголт өгөхүйц мэдээлэл оруулаад “Ард түмэн авна гэхгүй бол төр засаг өгнө гэхгүй…” гэх үгийг томоор бичсэн байна.

1. “Эрдэнэс таван толгой ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг иргэнд өмчлүүлэх тухай” хуулийн төсөл УИХ-д өргөн бариагүй

2018 оны 04 дүгээр сарын 09-нд тухайн үеийн парламентын сөрөг хүчин болох АН-ын бүлгээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамтран “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн 86 хувийг 100 хувь иргэдэд шилжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулсан талаар мэдээлэл хийж байв. Уг ажлын хүрээнд шалгаж буй мэдээлэлд хавсаргасан зарлалын самбарыг ашиглаж байсан магадлалтай. Цаашлаад 2016 оны сонгуулиар АН-аас нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар 2019 онд намаасаа гарч ШИНЭ нам байгуулж “Эрдэнэс таван толгой ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг иргэнд өмчлүүлэх тухай” хуулийн төсөл гэх акцыг үргэлжлүүэн, ЭТТ ХК-ийг 100 хувь иргэдэд өмчлүүлэхэд иргэдээс санал авна гэх кампанит ажил өрнүүлж байсан. Гэхдээ уг хуулийг УИХ-д өргөн барьсан тухай мэдээлэл байхгүй байна. Мөн УИХ-ын цахим хэлэлцүүлгийн forum.parliament.mn сайтад хайхад хуулийн төслийн мэдээлэл илэрсэнгүй.

2. Нээлттэй платформд байршуулсан мэдээлэлд алдаа байна

Уг хуулийн төслийн нэрээр Google-д хайхад Flipping book буюу онлайн сэтгүүл үнэгүй хийх боломжтой платформд “Эрдэнэс таван толгой ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг иргэнд өмчлүүлэх тухай хууль батлуулахад 1 алхам үлдлээ” гэх 4 нүүр мэдээлэл гарч ирсэн. Уг мэдээлэлд “ШИНЭ намын УИХ дахь зөвлөл хуулийн төслийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газарт өргөн барилаа” гэсэн тайлбартай, Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарын зурагтай хэсэг байна. Гэвч Л.Оюун-Эрдэнийг 2021 оны 01 дүгээр сарын 27-нд Ерөнхий сайдаар томилсон тул дээрх зураг болон агуулга нь тохирохгүй юм. Мөн мэдээлэлд хуулийн төслийг shinenam.mn хаягаас татаж авна уу гэсэн боловч сайт нь алдаа зааж ажиллахгүй байна.

3. Эрх зүйн мэдээллийн санд Эрдэнэс тавантолгой ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг иргэнд эзэмшүүлэх тухай баримт бичиг байхгүй байна

Эрх зүйн мэдээллийн санд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг иргэнд эзэмшүүлэх тухай Засгийн газрын 98 дугаар тогтоол бий. /2011.03.31/ Уг тогтоолын 1-д “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр болон түүнээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын иргэнд эзэмшүүлсүгэй” гэсэн ба 3-т “Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцааг нэг удаа үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар), “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Гандулам нарт даалгасугай” гэсэн байна. 2012 оны 04 дүгээр сарын 11-ний Засгийн газрын 116 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний зохицуулалтыг нэмж хийж өгсөн. Уг тогтоолын 1.1-д “Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцаа нэмж эзэмшүүлэх; 1.2-т “2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх;” гэж зааж өгсөн. Үүнээс өөрөөр иргэдэд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг нэмж олгох тухай шийдвэр гараагүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document