Алимны үр нь хорт хавдрыг эмчилдэг гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Алимны үр буюу түүнд агуулагддаг цианид нь хорт хавдарыг эмчилдэг гэх агуулдаг бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Алимны үрэнд агуулагдах амигдалин буюу лаэтрил нь хавдрын өвчтөнд эергээр нөлөөлдөг талаар клиник баримт байхгүй.

2022 оны 11 дүгээр сарын 22-нд xemnel.com вэб сайт “Алимны үр ба хорт хавдар. Биднээс өчнөөн олон жил юу нууж байсан бэ?” гарчигтай мэдээлэл нийтэлсэн. Тус мэдээнд “Алимны үр буюу түүнд агуулагддаг цианид нь хорт хавдарыг эмчилдэг” гэж зөвлөжээ.

2022 оны 11 дүгээр сарын 22-нд xemnel.com вэб сайт “Алимны үр ба хорт хавдар. Биднээс өчнөөн олон жил юу нууж байсан бэ?” гарчигтай мэдээлэл нийтэлсэн. Тус мэдээнд “Алимны үр буюу түүнд агуулагддаг цианид нь хорт хавдарыг эмчилдэг” гэж зөвлөжээ. Энэ мэдээллийг 11 дүгээр сарын 25-ны байдлаар Crowdtangle хэрэглүүрэр шалгахад Xemnel news, Tusgaar.mn Тусгаар Монголын Мэдээ, Zugaatai Zaluus, УЛС монголоо аврах ард түмний цахим индэр групп, Монгод хадагтай гоо брэнд зэрэг Facebook хуудсаар түгээгдэж нийт 1,238 хариу үйлдэл авсан байна. Алимны үр нь хорт хавдрыг устгадаггүй бөгөөд дээрх мэдээллийг Олон улсын баримт шалгах сүлжээний (IFCN) баталгаат гишүүн Snopes, Africa Check зэрэг баримт шалгах байгууллага шалган худал гэдгийг нь тогтоосон байна.

1. Амигдалины цэвэршүүлсэн хувилбар буюу лаэтрилийг “Витамин B17” гэж нэрлэсэн ч шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөөгүй

Алимны үрэнд амигдалин агуулагддаг бөгөөд тус нийлмэл цианид болон чихрээс бүрддэг. Гэхдээ амигдалин нь ямар нэг витамин шиг хүний биед нөлөө үзүүлдэггүй бөгөөд энэ бодис нь хавдрын эсрэг үйлчилгээтэй гэх нь худал мэдээлэл юм. 1950-аад онд Америк эмч Эрнст Кребс (Ernst T. Krebs) шинжлэх ухаанаар батлагдаагүй хавдрын альтернатив эмчилгээг зөвлөж байсан бөгөөд тэрээр амигдалины цэвэршүүлсэн хувилбарыг “витамин B17” гэж нэрлэн “Лаэтрил” (Laetrile) нэрээр патентыг нь авсан байна. Энэ эм нь 1970-аад онд хавдрын эсрэг альтернатив эмчилгээ болж олонд түгсэн байна. Тус эмийг АНУ-ын Хүнс, эмийн агентлаг 1977 онд муж хооронд тээвэрлэхийг хориглосон бөгөөд хавдрын эсрэг эмчилгээ хэмээн хүлээн зөвшөөрөөгүй байна. Гэхдээ лаэтрилыг Мексик зэрэг улсууд чангаанзны үрээс гарган авч худалдаалдаг байна.

2. Лаэтрил нь хавдрын өвчтөнд эергээр нөлөөлдөг талаар клиник баримт байхгүй

Амигдалин буюу лаэтрилын хавдрын эсрэг үйлчилгээний талаар олон судалгаа хийсэн боловч хавдрын эсрэг үйлчилгээтэй болох нь батлагдаагүй байна. 1978 онд АНУ-ын хавдрын судалгааны институт (National Cancer Institute) лаэтрилыг хавдрын эсрэг үйлчилгээ гэж дүгнэж болохоор баримтууд цуглараагүй гэж тайландаа мэдэгдсэн. Мөн 1980-аад онд Чарлес Моэртэл (Charles G. Moertel) нарын судлаачид лаэтрилыг 170 хавдрын өвчтөнд хэрэглүүлсэн боловч ямарч бодит эмчилгээний үр дүн гараагүй байна. 2015 оны байдлаар лаэтрилын үйлчилгээний талаарх өмнөх судалгаануудыг тоймлосон Стефаниа Милаззо (Stefania Milazzo) нарын “Cochrane Database of Systemic Reviews” сэтгүүлд хэвлүүлсэн “Лаэтрилыг хавдарт ашиглах нь” (Laetrile for cancer) өгүүлэлд дүгнэснээр “амигдалин буюу лаэтрил нь хавдрын өвчтөнд эергээр нөлөөлдөг талаар клиник баримт байхгүй.” гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document