Буурал үсийг будахгүйгээр арилгах арга гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Байхуу хар цай, буцалсан ус, алимны цуугаар буурал үсийг будахгүйгээр арилгах боломжтой гэх агуулга бүхий мэдээллийг оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

АНУ-ийн Анагаах ухааны үндэсний архивд байршуулсан судалгааны ажлуудад нэгэнт меланины түвшин буурч өнгөө алдсан үсийг ямар нэг бүтээгдэхүүн, витамин, хүнсний нэмэлт ашиглан эргэн өнгийг нь сэргээх боломжгүйг дурджээ.

2021 оны 11 дүгээр сарын 14-нд “etop.mn” нэртэй пэйжид “Бִуִуִpִaִлִ үִсִиִйִгִ бִуִдִaִxִгִүִйִгִэִэִpִ aִpִиִлִгִaִxִ үִpִ дִүִнִтִэִйִ aִpִгִaִ” гэсэн гарчигтай Hatangoo.me домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны байдлаар 731 реакц, 31 сэтгэгдэл авч, 2.9 мянган удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна.

2021 оны 11 дүгээр сарын 14-нд “etop.mn” нэртэй пэйжид “Бִуִуִpִaִлִ үִсִиִйִгִ бִуִдִaִxִгִүִйִгִэִэִpִ aִpִиִлִгִaִxִ үִpִ дִүִнִтִэִйִ aִpִгִaִ” гэсэн гарчигтай Hatangoo.me домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны байдлаар 731 реакц, 31 сэтгэгдэл авч, 2.9 мянган удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна. Тухайн домайн дээр байршсан мэдээний тархалтыг Crowdtangle tool ашиглан шалгаж үзэхэд Facebook сүлжээнд нийт 3,898 удаа хариу үйлдэл үзүүлсэн байна. Hatangoo.me домайн дээр байршсан мэдээ нь: “Меланин бол бидний үсний өнгийг хариуцдаг тусгай пигмент юм. Энэ нь хүн бүрийн биед байдаг боловч өөр, өөр хэмжээгээр байдаг. Жишээлбэл, хар, хүрэн үс нь улаан үстэй харьцуулахад илүү их меланин агуулдаг. Нас ахих тусам бидний бие энэ пигментийг үйлдвэрлэх чадвараа алддаг тул 40 наснаас хойш олон хүмүүс буурал үстэй тулгардаг. Үнэндээ үс нь огт буурал биш, тунгалаг өнгөтэй байдаг бөгөөд гэрлийн хугарлын улмаас үс нь цагаан өнгөтэй болсон мэт санагддаг. Буурал үс эрт харагдах нь витамины дутагдал (B2, B3, B6, B12), стресс, бамбай булчирхайн өвчин, дааврын тэнцвэргүй байдал, удамшил зэрэг хүчин зүйлүүдтэй холбоотой байж болно. Энэ арга нь ямар ч үсний өнгөд тохирсон байдаг тул шаргал үс нь бараан өнгөтэй болох вий гэж айх хэрэггүй. Энэ жор нь буурал үсийг алтан шаргал өнгөтэй болгодог. Найрлага нь байхуу хар цай, буцалсан ус, алимны цуу. Процедурын төгсгөлд байгалийн гаралтай эмийг угаах шаардлагагүй, үсийг алчуураар арчина. Үсээ гараараа шавхаж, үс хатаагчаар хатаана. Ийм журмыг үсээ угаах бүртээ хийх ёстой” гэсэн байна.

Үс яагаад бууралтдаг вэ?

АНУ-ын Cleveland clinic эрүүл мэндийн төвийн вэбсайтад 2021 оны 04 дүгээр сарын 12-нд байршуулсан мэдээллээр: “Бидний буюу бор/хар болон шар/цэнхэр өнгийн пигментийг хэр их агуулснаас үс, нүдний өнгө хамаарна. Ихэвчлэн 30-40 наснаас эхлэн үс меланинаа алдаж эхэлдэг. Меланины түвшин бага бол саарал, меланин байхгүй болоход цагаан өнгөтэй харагддаг байна. Одоогоор шинжлэх ухаанд үс бууралтахаас сэргийлэх арга байхгүй ч тодорхой эрүүл мэндийн шалтгаануудаас үүдэн үс бууралтах магадлалтай тул эрсдэлт хүчин зүйлсийг мэддэг байх нь чухал” гэсэн байна.

1. Хар цай болон алимны цуугаар угаах нь бууралтсан үсний өнгийг сэргээхгүй

Энэтхэгийн SKS Factsup баримт шалгах төв 2019 оны 06 дугаар сарын 24-нд Youtube сүлжээнд тархсан хар цайгаар буурал үс угаах аргыг зөвлөсөн видеонд баримт шалгалт хийж байжээ. Баримт шалгалтад: “Ихэвчлэн 30 наснаас эхлэн саарал үс ургах ба дух орчмын хэсгээс эхлэн өнгө алдалт явагдах нь нийтлэг. Үс өнгөө алдах үйл явц цагаан арьстнуудын дунд харьцангуй эрт эхэлдэг бол Ази гаралтай хүмүүст хамгийн сүүлд илэрдэг байна. АНУ-ын Анагаах ухааны үндэсний архивд байршуулсан судалгааны ажлуудад нэгэнт меланины түвшин буурч өнгөө алдсан үсийг ямар нэг бүтээгдэхүүн, витамин, хүнсний нэмэлт ашиглан эргэн өнгийг нь сэргээх боломжгүйг дурджээ. Учир нь үс биш үсний уг хэсэг меланингүй болдог учраас анх ургахдаа л өнгөгүй ургадаг байна. Бид уг мэдээллийг шалгахаар үс суулгах мэс заслын эмч Манас Дүттаас тодрууллаа. Тэрээр бидэнд “Хар цайгаар угаах арга нь үсийг эргээд хар болгохгүй. Хар өнгөтэй болгох шинжлэх ухааны үндэс байхгүй” болохыг бидэнд мэдээлэв” гэсэн байна. The Lancet, Cochraine, NCBI зэрэг томоохон эрдэм шинжилгээний платформуудад алимны цуу бууралтсан үсийг сэргээх үйлчилгээтэй эсэхийг нотолсон эсхүл туршсан ямар нэг судалгааны ажил, тайлан байхгүй байна. Алимны цуу үсэнд хэрхэн нөлөөлөх талаар хайлт хийж үзэхэд Шинэ Зеландын Ethique гоо сайхны бүтээгдэхүүний брэндийн вэбсайтад байршуулсан мэдээллийн илэрц байна. Мэдээлэлд: “Хэт шүлтлэг шампуниар үсээ угаасны дараа л алимны цуутай усаар зайлах тохиолдлыг зөвтгөж болно. Хүний үсний устөрөгчийн ионы концентрат 4.5-5 pH хооронд байдаг бол зарим шампунь хэт шүлтлэг 6.0 pH-аас дээш байдаг. Алимны цуу нь эсрэгээрээ 2-3 pH буюу хүчиллэг шинж чанартай учир шампуни хэрэглэсний дараах үсний хүчил, шүлтийн тэнцвэрийг хадгалж болно. Энэ нь үс өнгө алдах, хуурайших үйл явцыг зогсоохгүй. Мөн, үсэнд алимны цууны үнэр шингэнэ гэдгийг ч санах хэрэгтэй” гэсэн байна. Их Британийн Unilever гоо сайхны бүтээгдэхүүний брэндийн вэбсайтад 2019 оны 08 дугаар сарын 15-нд байршуулсан нимбэгний шүүсээр угаах нь үсэнд сайнаар нөлөөлөхгүйг анхааруулсан мэдээлэлдээ “Үсийг хүчиллэг бодисоор угаах нь аюултай байж болзошгүй. Нарны туяа хүчиллэг бүрхүүл үүссэн үсэнд тусахдаа илүү хүчтэй нөлөөлж, үсийг хуурайшуулж, хугарамтгай болгох эрсдэлтэй” гэж анхааруулсан байна.

Нэмэлт мэдээлэл:

АНУ-ын Харвардын их сургуулийн вэбсайтад байршуулсан үс бууралтах үйл явцыг тайлбарласан мэдээлэлд дараах эрүүл мэндийн шалтгаануудаас меланины хэмжээ буурах боломжтойг мэдээлжээ. -Витамин В12 дутагдал -Мэдрэлийн гаралтай хавдар -Товруут хатуурал -Бамбай булчирхайн эмгэг -Арьс цайх өвчин -Үүрлэсэн үс уналт 2013 онд Энэтхэгийн арьс, өнгө судлалын сэтгүүлд Йорданы эрдэмтдийн гүйцэтгэсэн судалгааны тайланг нийтлүүлсэн байна. Уг судалгааны ажлаар “Урт хугацаанд тамхи татсанаар үс цайрах үйл явц илүү эрт эхэлдэг байж болзошгүй” гэх дүгнэлтэд хүржээ. АНУ болон Германы эрдэмтдийн хамтран боловсруулсан судалгааны тайланг 2021 оны 06 дугаар сарын 22-нд АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн архивт байршуулсан байна. Судалгааны дүнд “Стрессийн түвшин их байснаас бууралтсан үс стрессийн түвшин хэвийн байдалд шилжсэний дараа өнгө нь эргээд бага зэрэг сэргэх боломжтойг” болохыг тогтоожээ. Гэвч ямар аргаар сэргээж болох тухай илрүүлээгүй байгаа тул цаашид илүү судлах шаардлагатай гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document