Гоё харагдаад байхаар нь энэ жимсийг идээд үхэх шахлаа гэх мэдээлэл үнэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Илжгэн чих жимсийг идээд үхэх дөхлөө гэх агуулга бүхий мэдээллийг оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Илжгэн чих жимс дэх таннин болон шингэдэггүй эслэгийн агууламж нь ходоодны хүчилтэй нийлж, хатуу биет үүсгэх боломжтой.

2022 оны 11 дүгээр сарын 9-нд “Нүүдэлчин монголчууд” нэртэй пэйжид “Сэрэмжлүүлэг болгож бичлээ. Би ер нь янз бүрийн юм идээд байдаггүй. Гоё харагдаад байхаар нь энэ жимсийг идээд үхэх шахлаа. Ходоодон дотор ороод наалдаад цааш явахгүй маш том болоод хүчтэй өвдөлт өгч ходоодоо дурандуулж мэдлээ. Тэгээд яаралтайгаар дурангийн хагалгаагаар авахууллаа бурхан минь болгоомжтой байгаарай” гэсэн тайлбартай постыг илжгэн чих жимсний зургийн хамт оруулжээ.

2022 оны 11 дүгээр сарын 9-нд “Нүүдэлчин монголчууд” нэртэй пэйжид “Сэрэмжлүүлэг болгож бичлээ. Би ер нь янз бүрийн юм идээд байдаггүй. Гоё харагдаад байхаар нь энэ жимсийг идээд үхэх шахлаа. Ходоодон дотор ороод наалдаад цааш явахгүй маш том болоод хүчтэй өвдөлт өгч ходоодоо дурандуулж мэдлээ. Тэгээд яаралтайгаар дурангийн хагалгаагаар авахууллаа бурхан минь болгоомжтой байгаарай” гэсэн тайлбартай постыг илжгэн чих жимсний зургийн хамт оруулжээ. Уг постыг 11 дүгээр сарын 16-ны байдлаар 251 реакц, 65 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 842 удаа цааш түгээсэн байна. “Нүүдэлчин монголчууд” пэйж дэх утасны дугаараар холбогдож мэдээллийн эх сурьалжийн талаар тодруулахад хувь хүний постыг хуулж тавьсан гэдгээ хэлсэн. Энэ мэдээллийн дагуу хайхад анх оруулсан эх сурвалж нь Бэхбат Мөнхцэцэг гэх хэрэглэгч байлаа. Энэ хэрэглэгчийн оруулсан постыг 11 дүгээр сарын 16-ны байдлаар 210 реакц, 213 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 2,800 удаа цааш түгээжээ. Уг постод “Сэрэмжлүүлэг болгож бичлээ. Би ер нь янз бүрийн юм идээд байдаггүй. Гоё харагдаад байхаар нь энэ жимсийг идээд үхэх шахлаа. Ходоодон дотор ороод наалдаад цааш явахгүй маш том болоод хүчтэй өвдөлт өгч ходоодоо дурандуулж мэдсэн. Тэгээд яаралтайгаар дурангийн хагалгаагаар авахууллаа. Санаа тавьж ярьсан бүх хүмүүст маш их баярлалаа. Ээж аавыгаа сандаргаад баларлаа. “Асралт Мед” эмнэлгийн дурангийн Отгонтуяа эмч, “Бриллиант” эмнэлгийн Болор эмчдээ баярлалаа” гэсэн байна.

1. Эмнэлгийн зүгээс үйлчлүүлэгчийн ходоодноос гаргаж авсан биетийг “жимс” гэж тодорхойлоогүй

Шалгаж буй постод дурдсан “Бриллиант” эмнэлгийн утсаар холбогдож, О.Болор эмчээс тодруулга авах зөвшөөрөл, авч цаг товлосон юм. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 10-нд “Бриллиант” эмнэлэгт очиж, Дурангийн тасгийн эрхлэгч, анагаах ухааны докторант О.Болороос дараах тодруулгыг авлаа. /Хэдийгээр хүний эрүүл мэндийн асуудал хувийн нууцад хамаарах ч өөрөө олон нийтийн сүлжээнд мэдээллээ оруулсан байсан тул тодруулга өгөхийг зөвшөөрлөө/ “Facebook-т оруулсан постыг нь харсан. Манайд ийм үйлчлүүлэгч ирсэн нь үнэн. Оношилгоо хийсэн “Асралт мед” эмнэлгээс манайх руу шилжүүлэхдээ “ходоодонд нь хоёр чулуу байна” гэж илгээсэн байсан. Ходоодонд чулуу үүсэх боломжгүй учраас дахин лавлаж хараад, боломжтой бол амаар нь гаргана гэсэн зорилготой байсан. Үнэндээ бид үйлчлүүлэгчийн ходоодонд яг юу байгааг нь ойлгоогүй. Улаан хоолой, ходоодны амсарын диаметрээс харьцангуй том биетийг ихэвчлэн хэвлийг нээж гаргаж авдаг. Гэхдээ хэвлий нээснээс дурангийн хагалгаагаар авах нь минимал буюу тухайн хүндээ бага гэмтэл учруулдаг. Манай эмнэлэг гадны биетийг гаргах олон төрлийн багаж, технологиор тоноглогдсон учраас үйлчлүүлэгчийн залгисан биетийг хуваан жижиглэж, хэсэгчлэн сетка дотор хийн, амаар нь гаргаж авсан хагалгааг ямар нэг хүндрэлгүйгээр амжилттай хийж гүйцэтгэсэн. Дурангаар харахад ходоодонд резин шиг зөөлөн зүйл байсан. Бид резинен чихэр, эсвэл хиймэл мах орлуулагч байж магад гэж тааж байсан. Аливаа биет ходоодны хүчил, цөсний агууламжид исэлдээд өнгө нь өөрчлөгдчихдөг учраас ходоодонд байгаа зүйлийг яг ийм зүйл байна гэж анхны дурандалтаар мэдэх боломжгүй. Ходоодноос нь гаргаж авсан материалыг үйчлүүлэгчийн саналаар өөрт нь өгсөн. Үйлчлүүлэгч тухайн биетийг шинжлүүлсэн байх. Дараа нь тухайн биет зүйлийг илжгэн чих байсан хэмээн facebook хаягаараа постолсон байсан. Манай эмнэлгийн зүгээс аливаа биетийг эдийн шинжилгээ буюу амьд сорьцын шинжилгээнд өгдөггүй. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчийн ходоодноос гаргаж авсан биетийг “жимс” гэж манай эмнэлгийн зүгээс хэлээгүй” гэсэн юм. Мөн тэрээр, “яг ийм тохиолдол өмнө нь ирж байгаагүй” гэсэн ба “Хүүхдүүд эрэг, боолт гээд янз бүрийн зүйлс залгих нь элбэг. Харин томчууд гадны биет залгих нь харьцангуй цөөн. Давуу, үсээ идчихсэн, хиймэл шүд, үхэр, гахайн махыг бүхлээр нь залгичихсан байдалтайгаар манай эмнэлэгт ирж хагалгаанд орж байсан тохиолдол бий” гэсэн юм.

2. Илжгэн чих жимс дэх таннин болон шингэдэггүй эслэгийн агууламж нь ходоодны хүчилтэй нийлж, хатуу биет үүсгэх боломжтой

АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн вэб сайтад 2017 онд нийтэлсэн Н.М.Делимонт нарын “Таннины хэрэглээний төмрийн био хүртээмж, төлөв байдалд үзүүлэх нөлөө” судалгааны ажилд “Хоол боловсруулах замд таннин нь ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг төмрийг амархан холбож, шингээх боломжгүй болгодог. Судалгаанаас үзэхэд энэ нөлөө нь төмрийн дутагдалтай хүмүүст хүндрэлтэй байж болно” гэжээ. 2001 оноос үйл ажиллагааг явуулж, өдгөө 285 гаруй мянган судлаач, эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтнуудыг нэгтгэсэн 75 мянга гаруй биологийн онол, нэр томъёо, судалгааны сан бүхий АНУ-ын biologyonline.com сайтад 2022 оны 02 дугаар сарын 24-нд шинэчилсэн мэдээлэлд “Таннин нь ихэвчлэн холтос, навч, боловсорч гүйцээгүй жимс зэрэгт агуллагддаг хүчиллэг химийн бодис юм” гэж тайлбарлажээ. Илжгэн чих таннин ихтэй тул боловсорч амжаагүй байхдаа хатуу, гашуун байдаг. Харин боловсорч гүйцсэний дараа таннины агууламж буурдаг. Боловсорч гүйцээгүй илжгэн чих идсэний дараа амны хөндийн хуурайшилт үүсгэх магадлалтай. Илжгэн чих идсэн тохиолдолд хэд хэдэн эрсдэлд хүргэж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, 2012 оны 09 дүгээр сарын 19-нд АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн вэб сайтад байршуулсан “Диоспиробезоар нь нарийн гэдэсний түгжрэлийн шалтгаан болох нь” нэртэй судалгааны ажилд “Илжгэн чихийг их хэмжээгээр залгих нь безоар буюу ходоодонд хатуу биет үүсгэх эрсдэлтэй. Үс болон шингэдэггүй материал залгих, эсвэл удаан шингэдэг хоолыг хэтрүүлж хэрэглэх нь безоар үүсгэхэд хүргэдэг байна. Таннин болон шингэдэггүй эслэгийн агууламж нь ходоодны хүчилтэй нийлж хатуу биет үүсгэдэг” гэжээ. АНУ-ын мэргэжлийн радиологчдыг нэгтгэсэн платформ болох radrounds.com сайтад “Фитобезоар буюу гиваан нь ходоодонд боловсроогүй жимс, ногооны эслэгүүдийн нэгдэл юм. Өөрөөр хэлбэл гиваан нь төрөл бүрийн хатуу биет болон бодисын хуримтлалаас үүсдэг нийтлэг бус өвчин юм. Залгисан бодисоос хамаарч безоарыг хэдэн төрөлд ангилж болно. Тухайлбал, нярайд ажиглагддаг лактобезоар, ургамлын эслэгүүдийн бөөгнөрлөөс үүссэн фитобезоар г.м. Трихобезоар буюу “үсэн гиваан” нь бүх безоаруудын 55%-ийг бүрдүүлдэг. Үүнийг “Рапунзелийн хам шинж” ч гэж нэрлэдэг” гэжээ. 2001 оны 03 дугаар сард АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн вэб сайтад байршуулсан “Илжгэн чих жимсийг залгисны дараа анафилакс үүсдэг” талаарх судалгаанд “Илжгэн чихний харшил ховор боловч тохиолдож болно. Ингэхдээ харшил нь ходоод өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгээр хөнгөн илэрч болох ч анафилаксын шоконд хүргэж болзошгүй юм” гэжээ.

3. Таннины талаарх нэмэлт мэдээлэл:

АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн вэб сайтад 2019 онд хэвлэгдсэн Гулам Хусайн нарын “Мэдрэлийн доройтлын болон мэдрэлийн эмгэгт ургамлын гаралтай таннинуудын гүйцэтгэх үүрэг” судалгааны ажилд “Цайнд их хэмжээний таннин агуулагддаг тул та өлөн элгэн дээрээ цай уувал дотор муухайрахад хүргэдэг. Энэ нь ялангуяа хоол боловсруулах тогтолцооны мэдрэмтгий хүмүүст нөлөөлж болзошгүй” гэжээ. Дарс сонирхогчдын vinepair.com сайтад “Таннин бол олон ургамалд агуулагддаг байгалийн гаралтай химийн нэгдлүүд юм. Тодруулбал кофе, шоколад гэх мэт хоол хүнс, ундаа, түүнчлэн дарсны торхонд хэрэглэдэг модонд агуулагддаг. Цай, хар шоколад, самар, кофе зэрэг хоол хүнс, ундаа нь таннин агуулдаг. Таннин нь дарсны бүтэц, тэнцвэрийг хангахад тусалдаг. Усан үзэмд эдгээр нэгдлүүд нь хальс, үр, ишинд агуулагддаг бөгөөд амьтан, шавжаас хамгаалах механизм болдог. Таннин нь хэр хүчтэй байгаагаас хамааран боловсорч амжаагүй жимс идэх эсвэл нэг аяга хар цай уух тэр агшинд ам хатах, хуурайших мэдрэмж төрнө. АНУ-ын эрүүл мэндийн мэдээллийн сайт болох Healthline.com-д “Бүх төрлийн цайнд таннин агуулагддаг боловч цай хэрхэн үйлдвэрлэсэн, хэр удаан дэвтээсэн зэргээс хамаарч ялгаатай байж болно. Хэдийгээр цайны таннин нь эрүүл мэндэд хэд хэдэн ашиг тустай боловч хэт их хэрэглэх нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм. Таннин нь бусад нэгдлүүдтэй амархан холбогддог онцлогтой. Энэ шинж чанар нь цайнд тааламжтай гашуун, хуурай амтыг өгдөг боловч хоол боловсруулах зарим үйл явцыг саатуулдаг. Таннинтай холбоотой хамгийн том асуудал бол төмрийн шингээлтийг саатуулах чадвар юм” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

2 Responses

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document