Жирэмснээс хамгаалах биш, хүүхэд гаргах боломжгүй болгодог эм гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Левоноргестрел эм нь жирэмслэхээс хамгаалах эм огт биш эмэгтэй хүний эм бэлгийн эсийг үхжүүлж хүүхэд гаргах боломжгүй болгодог эм гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Энэ төрлийн эм ДЭМБ-ын “Хэрэгцээт эмийн жагсаалт”-д бүртгэгдсэн ба Хятадын Үндэсний эм бүртгэлийн удирдах байгууллагын мэдээллийн санд шахмал эмийн лицензийн бүртгэлтэй байгууллагын бүтээгдэхүүн байна. Шалгаж буй жирэмслэхээс хамгаалах эмийг Монгол Улс дахь ямар нэг эмийн импортын компани борлуулдаггүй, хувь хүмүүс Хятадаас хувийн хэрэглээнд зориулан оруулж ирсэн байж болох ба энэ тохиолдолд улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй юм.

2021 оны 04 дүгээр сарын 21-нд Torgoowoi Sarnai гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгч хятад бичигтэй цагаан хайрцагтай, 5 ширхэг ягаан өнгийн эмний зураг оруулан “наад эм чинь жирэмслэхээс хамгаалах эм огт биш эмэгтэй хүний эм бэлгийн эсийг үхжүүлдэг цаашдаа ямарч хүүхэд гаргах боломжгүй болгодог эм шүүдээ” гээд тус эмийг хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлсэн пост оруулжээ. Цаашлаад, тус постондоо “хятадууд 1с илүү хүүхэдтэй болвол торгуулдаг цаашлаад янз бүрийн арга хэмжээ авхуулдаг учраас наад эмийг чинь эмэгтэйчүүддээ туршилтаар тарааж хэргэлүүлдэг байсан. … Гэтэл Монголд хууль бусаар оруулж ирээд Жирэмснээс хамгаалах эм гэх нэрийдлээр зарж ашиг сонирхлоо хөөж байгаа монгол эмэгтэй хүн та эмэгтэй хүн мөн үү” гээд “Миний танил энэ эмийг олон сар уугаад дөнгөж 28 хан насандаа насан туршдаа хүүхэдтэй болох боломжгүй болсон юм” гэж мэдэгдсэн байна.

2021 оны 04 дүгээр сарын 21-нд Torgoowoi Sarnai гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгч хятад бичигтэй цагаан хайрцагтай, 5 ширхэг ягаан өнгийн эмний зураг оруулан “наад эм чинь жирэмслэхээс хамгаалах эм огт биш эмэгтэй хүний эм бэлгийн эсийг үхжүүлдэг цаашдаа ямарч хүүхэд гаргах боломжгүй болгодог эм шүүдээ” гээд тус эмийг хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлсэн пост оруулжээ. Цаашлаад, тус постондоо “хятадууд 1с илүү хүүхэдтэй болвол торгуулдаг цаашлаад янз бүрийн арга хэмжээ авхуулдаг учраас наад эмийг чинь эмэгтэйчүүддээ туршилтаар тарааж хэргэлүүлдэг байсан. … Гэтэл Монголд хууль бусаар оруулж ирээд Жирэмснээс хамгаалах эм гэх нэрийдлээр зарж ашиг сонирхлоо хөөж байгаа монгол эмэгтэй хүн та эмэгтэй хүн мөн үү” гээд “Миний танил энэ эмийг олон сар уугаад дөнгөж 28 хан насандаа насан туршдаа хүүхэдтэй болох боломжгүй болсон юм” гэж мэдэгдсэн байна. Уг постыг 2022 оны 11 дүгээр сарын 8-наас эхлээд нийт 15 удаа дахин шэйрлэж идэвхжүүлсэн ба 11 дүгээр сарын 14-ний байдлаар нийт 4400 гаруй реакц, 1400 орчим коммент авч, 11,000 гаруй удаа цааш түгээгдсэн байна. Бид дээрх мэдээлэлд нээлттэй судалгаа, мэдээллүүдийг ашиглан дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. Энэ төрлийн эм ДЭМБ-ын “Хэрэгцээт эмийн жагсаалт”-д бүртгэгдсэн байна

Бид постод ашигласан эмийн зургийг Google Reverse Image Search функцээр хайж үзэхэд Хятад дахь тухайн эмийг борлуулж буй онлайн дэлгүүрүүдийн илэрц гарч ирсэн. Хайлтын үр дүнд гарч ирсэн эмийн зурагнууд бидний шалгаж буй постод ашигласан зурагтай таарч байсан бөгөөд бид илэрцээс тус эмийн хятад хэл дээрх мэдээллийг мэдэж авсан. Тус эмийн нэр нь 左炔诺孕酮炔雌醚片 буюу орчуулбал “левоноргестрел этинилэстрадиолын шахмал” гэсэн байсан ба харин эмийн үйлдвэр нь 华润紫竹药业有限公司 (China Resources Zizhu Pharmaceutical Co., Ltd) гэж мэдээлсэн байна. Тус компанийн нэрээр Google хайлтын системээс хайхад вэб сайт нь гарч ирж байсан ба левоноргестрел этинилэстрадиолын шахмалын төрлийн хоёр эмийг зарж байгаа талаар мэдээлэл тус вэб сайтад байна. Левоноргестрел нь жирэмслэхээс хамгаалах дааврын эм бөгөөд 1960 онд АНУ-ын эрдэмтэн Хершел Смит (Herschel Smith) нээж, 1970-аад оноос олон нийтийн хэрэглээнд нэвтэрсэн, өргөн хэрэглэдэг жирэмслэхээс хамгаалах эмүүдийн нэг юм. Левоноргестрелийн үндсэн орцтой эмийг бэлгийн хавьталаас хойш 72 цагийн дотор уухыг зөвлөдөг. Тус эм нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Хэрэгцээт эмийн жагсаалтад (WHO model list of essential medicines) багтсан байдаг ба ДЭМБ левоноргестрелийг аюулгүй бөгөөд ирээдүйн жирэмслэлтэд сөргөөр нөлөөлдөггүй болохыг мэдэгдсэн Харин жирэмслэлтээс хамгаалах дааврын хавсарсан эм буюу левоноргестрелийг этинилэстрадиолтай (levonorgestrel/ethinylestradiol) хольсон шахмалыг урт хугацаагаар буюу нэг сар ба түүнээс дээш хугацаагаар зааварчилсан давтамжийн дагуу уухаар заасан байдаг байна. 2014 онд Дэвид Портман (David J. Portman) нарын “Contraception” сэтгүүлд хэвлүүлсэн судалгаанд 3,701 эмэгтэйд левоноргестрел этинилэстрадиолын шахмалыг 1 жил хүртэлх хугацаанд 4 удаагийн 91 хоногийн циклээр хэрэглэсэн бөгөөд судалгаанд тус эмийг аюулгүй, жирэмслэлтээс хамгаалж чаддагийг дүгнэсэн байна. Дааврын хавсарсан эмийн нийтлэг гаж нөлөөнд толгой өвдөх, дотор эвгүйрэх, хөх зөөлрөх, сарын тэмдгийн мөчлөгийн хооронд цус алдах, биеийн жин бага зэрэг нэмэгдэх, даралт ихсэх зэрэг багтдаг байна.

2. Хятадын Үндэсний эм бүртгэлийн удирдах байгууллагын мэдээллийн санд шахмал эмийн лицензийн бүртгэлтэй байгууллагын бүтээгдэхүүн байна

Бид постод онцолсон эмний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл олохоор левоноргестрел этинилэстрадиолын шахмалыг (左炔诺孕酮炔雌醚片) Google хайлтын системд хятад хэлээр хайж үзэн, тус эмийг онлайнаар борлуулдаг вэб сайт дахь мэдээллийг олсон. Уг мэдээлэл дэх эмийн зурганд харуулснаар тус эмийг Хятад дахь батламжилсан дугаарыг “H11021378” гэж мэдээлсэн байсан. Бид тус дугаараар Хятадын Үндэсний эм бүртгэлийн удирдах байгууллагын (国家药品监督管理局 – The National Medical Product Administration) мэдээллийн сангаас хайлт хийж үзэхэд “China Resources Zizhu Pharmaceutical Co., Ltd” компанийн нэр дээр дээрх дугаараар левоноргестрел этинилэстрадиолын шахмал эмийн лицензийн бүртгэлтэй байна.

3. Монгол Улсын эмийн бүртгэлийн санд бүртгэгдээгүй байна

Монгол Улсад эм импортлоход хэд хэдэн шаардлага тавигддаг бөгөөд үүн Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ны A/295 тушаалаар “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам”-ын 3.9-д заасны дагуу тухай эм нь “эмийн хяналтын хатуу зохицуулалттай эрх бүхий байгууллага”-д бүртгэгдсэн байхыг шаардсан байдаг. Тус байгууллагуудын жагсаалтад Европын Холбоо, АНУ, Япон, БСНУ, БНХАУ гэх мэт улсуудын эмийн бүртгэлийн байгууллагууд хамаарагддаг байна. Өөрөөр хэлбэл, шалгаж буй мэдээлэлд дурдсан эм нь Монгол Улсын эмийн бүртгэлийн журмын дээрх заалтыг хангаж байгаа юм. Харин энэ эмийг Монголд ямар нэг компани, байгууллага борлуулахаар бүртгүүлээгүй буюу Монгол Улсын эмийн бүртгэлийн санд бүртгэгдээгүй байна. Бид үүнийг тодруулахаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын бүртгэлтэй эмийн жагсаалтаас (http://www.druginfo.mohs.mn/) “левоноргестрел” гэсэн түлхүүр үгээр хайж үзэхэд левоноргестрелын найрлагатай нийт 18 эм бүртгэгдсэн байгаагаас 12 нь хүчинтэй лицензтэй байснаас 1 эм нь БНХАУ-ын “Shanghai Dahua Pharmaceutical Co.,Ltd”-д үйлдвэрлэсэн зөвхөн левоноргестрелын үндсэн орцтой эм байсан. Өөрөөр хэлбэл бидний шалгаж буй жирэмслэхээс хамгаалах эмийг Монгол Улс дахь ямар нэг эмийн импортын компани борлуулдаггүй, хувь хүмүүс Хятадаас хувийн хэрэглээнд зориулан оруулж ирсэн байж болох ба энэ тохиолдолд улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй юм. Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 10.1-д заасны дагуу “Эм хангамжийн байгууллага нь үйл ажиллагаандаа эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг жигд хангах зарчмыг баримтална” гэсний дагуу эмийн сангуудаар худалдан борлуулах бол Монгол Улсийн эмийн бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай. Түүнчлэн, левоноргестрел болон левоноргестрел этинилэстрадиол хольцтой ижил төрлийн эмүүдийг Монгол Улсад худалдаалдаг.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

  1. Шалгасан мэдээ www.facebook.com
  2. Шалгасан мэдээлэл дэх эмийн зургийг Google Reverse Image Search функцаар хайсан илэрц www.lens.google.com
  3. Shopee.com дахь левоноргестрел этинилэстрадиолийн шахмалыг борлуулж буй мэдээлэл www.archive.ph
  4. Google хайлтын систем дэхь 华润紫竹药业有限公司 (China Resources Zizhu Pharmaceutical Co., Ltd) түлхүүр үгийн хайлтын илэрц www.archive.ph
  5. “China Resources Zizhu Pharmaceutical Co., Ltd” компаний борлуулж буй жирэмслэлтээс хамгаалах эмүүд archive.ph
  6. Хершел Смит левоноргестрелийг нээсэн тухай мэдээлэл www.web.archive.org
  7. ДЭМБ-ын Хэрэгцээт эмийн жагсаалт who.int
  8. ДЭМБ-ын левоноргестрелийн талаарх мэдээлэл apps.who.int
  9. Yaofangwang.com левоноргестрел этинилэстрадиолийн шахмалыг борлуулж буй мэдээлэл archive.ph
  10. АНУ-ын Мейо клиникийн вэб сайт дахь дааврын хавсарсан эмийн нийтлэг гаж нөлөөний талаарх мэдээлэл www.archive.ph
  11. Хятадын Үндэсний эм бүртгэлийн удирдах байгууллагын мэдээллийн сан дахь “H11021378” дугаартай левоноргестрел этинилэстрадиолийн шахмалын бүртгэлийн мэдээлэл www.archive.ph
  12. “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам” www.archive.ph
  13. Монгол улсын эмийн бүртгэлийн сан дахь левоноргестрелийн найрлагатай эмийн жагсаалт www.druginfo.mohs.mn 
  14. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль www.legalinfo.mn
  15. EUROMED левоноргестрел этинилэстрадиолийн шахмалыг борлуулж буй мэдээлэл www.archive.ph

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document