Хорт хавдрын эцсийн шатандаа орсон өвчтөнийг босгоод ирсэн ундаа гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Таван салаа, ганга өвс, шарханы шар цэцэг, алтан гагнуур, гишүүгэнэ зэргийг найруулан хэрэглэх нь элэг, нойр булчирхай, ходоодны өвчлөл болон хорт хавдаруудад онцгой сайн гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Мэдээлэлд дурдсан ургамлууд эрүүл мэндэд эерэг нөлөөтэй ч хүнд хэлбэрийн хавдрыг устгах, эдгээх үйлчилгээгүй.

2022 оны 11 дүгээр сарын 9-нд Шуурхай Мэдээ Мэдээлэл гэх нэртэй пэйжид “Хүнд өвчин тусаж найдваргүй гэсэн онош сонсоод өндийж ч чадахгүй эмнэлэгээс гэртээ гараад хаа сайгүй элбэг байдаг цөөн тооны эмийн ургамлуудыг найруулан хэрэглэж маш хурдан, гайхалтай үр дүнтэйгээр эдгэрсэн Төв аймгийн нэгэн эгчийн зөвлөгөөг нутгийнхаа олонд хэрэг болох болов уу хэмээн санаж орууллаа” гэх мэдээллийг гишүүнэ ургамлын зургийн хамт постолсон нь 11 дүгээр сарын 15-ны байдлаар 173 реакц, 34 сэтгэгдэл авч, 1,300 удаа цааш түгээсэн байна.

2022 оны 11 дүгээр сарын 9-нд Шуурхай Мэдээ Мэдээлэл гэх нэртэй пэйжид “Хүнд өвчин тусаж найдваргүй гэсэн онош сонсоод өндийж ч чадахгүй эмнэлэгээс гэртээ гараад хаа сайгүй элбэг байдаг цөөн тооны эмийн ургамлуудыг найруулан хэрэглэж маш хурдан, гайхалтай үр дүнтэйгээр эдгэрсэн Төв аймгийн нэгэн эгчийн зөвлөгөөг нутгийнхаа олонд хэрэг болох болов уу хэмээн санаж орууллаа” гэх мэдээллийг гишүүнэ ургамлын зургийн хамт постолсон нь 11 дүгээр сарын 15-ны байдлаар 173 реакц, 34 сэтгэгдэл авч, 1,300 удаа цааш түгээсэн байна. Уг пост нь: “Зөвлөгөө өгсөн эгч маань эмчилгээгүй гэсэн оношоо сонсчихсон толгойгоо ч даах тэнхэлгүй хэвтэж байхад нь нагац ах нь яриад: -Хаашдаа үхэх юм бол миний аюулт өвчнөөс салсан энэ жорыг хэрэглээд үз, би хорт хавдар тусаад олон удаа химийн эмчилгээнд орсоны дараа найдваргүй болоод үүнийг хэрэглээд эв эрүүл болсон гээд энэ жорыг хэлж өгсөн гэсэн шүү. Тэгээд доорхи жороор бэлдсэн эмээ уугаад маргааш нь толгойгоо өндийлгөсөн бол 3 хоногийн дараа босож алхдаг болсон гэнэ. Хэрэглэх ургамалууд: Таван салаа, ганга өвс, шарханы шар цэцэг, алтан гагнуур, гишүүгэнэ. Элэг, нойр булчирхай, ходоодны өвчлөл болон хорт хавдаруудад онцгой сайн гэсэн шүү. Удаан уухаар бол хэмжээг нь бага зэрэг нэмээд хэрэглэж болдог” гэжээ.

1. Эмийн ургамлыг дур мэдэн хэрэглэж болохгүй

2022 оны 11 дүгээр сарын 14-нд Шинжлэх ухааны академийн Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Ю.Оюунбилэгтэй утсаар холбогдож шалгаж буй мэдээлэлд дурдсан ургамлуудын талаар тодруулга авахад: “Хавдрын эсрэг үйлчилгээтэй эмийн ургамлууд бий. Гэвч нэгэнт эцсийн шатандаа орсон хавдрыг эмийн ургамал хандалж уугаад шууд эдгээнэ гэж байхгүй. Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй нь нотлогдсон цөөн төрлийн ургамал байдаг ч мэдээлэлд дурдсан ургамлууд бол биш. Шархны шар цэцэг буюу гүргэм шар намуу бол намуу цэцгийн төрлийн бага зэрэг мансууруулах үйлчилгээтэй ургамал. Алтан гагнуур бол Монгол оронд ховордож буй ургамал. Ам дамжсан ярианд итгэж эмийн ургамлыг дураараа түүх нь эргээд ургамлын тархцад ч сөргөөр нөлөөлж байна. Ургамлыг хорт хавдрын эсийн эсрэг ашиглах туршилтууд олон улсад хийж байна. Тухайн ургамал дахь бодис лабораторийн шилэнд хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүллээ гээд тэр нь шууд хорт хавдрыг эдгээнэ гэсэн үг биш. Хуруу шилний туршилтын дараа амьтан дээр, эцэст нь хүн дээр хийж байж эмнэлгийн практикт ашигладаг. Анагаах чадалтай эмийн ургамалд хоруу чанар заавал байдаг тул нэг өвчинд эерэг нөлөөлсөн ч буруу хэрэглэвэл бусад эрхтэнд сөрөг нөлөөтэй. Эхэн үедээ уугаад хор хохирол нь мэдэгдэхгүй ч хожмоо илрэх боломжтой. Зарим эмийн ургамал хоорондоо хоршихгүй, харшилдаг учраас уламжлалт анагаах ухаанаар мэргэшсэн эмчид хандах нь зүйтэй. Гэтэл дутуу мэдээллээс болж эрүүл мэндээрээ хохирч байна” гэлээ.

2. Мэдээлэлд дурдсан ургамлууд эрүүл мэндэд эерэг нөлөөтэй ч хүнд хэлбэрийн хавдрыг устгах, эдгээх үйлчилгээгүй

АНУ-ын Слоан Кэттэрийн хавдар судлалын төвийн гишүүнэтэй холбоотой мэдээлэлд: “Дорнын уламжлалт анагаах ухаанд гишүүнэ ургамлыг ходоодны шарх, цусны даралт ихсэх, элэгний өвчлөлийн үед ашигладаг. Лабораторийн нөхцөлд хархан дээр хийсэн туршилтаар бага зэрэг өвчин намдаах, үрэвсэл бууруулах нөлөөтэй байсан. Гишүүнэ ургамлыг хавдрын үед химийн эмчилгээ хийлгэж буй өвчтөнд илрэх гаж нөлөөг бууруулах зорилгоор хэрэглэх туршилтууд хийгдсэн ч, бүрэн нөлөөг тодорхойлоогүй. Суулгалт зогсоох, халуун бууруулах зэрэг үйлчилгээг нотолсон судалгааны ажлууд байхгүй. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хэдий ч халдварт өвчний үед сэргийлэх чадваргүй. Амны шарх үүсэх үед эерэг нөлөөтэй” гэсэн байна. Далианы их сургуулийн эрдэмтдийн 2020 онд Хятадын анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлсэн харьцуулсан судалгааны ажилд гишүүнэ ургамлын хэрэглээ, олон улсад судлагдсан байдал, хүний биед үзүүлэх үр нөлөө зэргийг тоймлон дүгнэжээ. Тус тайланд: “Гишүүнэ ургамлыг Ази, дорно дахины анагаах ухаанд эмийн зориулалтаар, барууны орнуудад хүнсэнд өргөн ашигладаг. Гишүүнэ хоолны шингэцийг сайжруулдаг ч их хэмжээгээр хэрэглэхэд гэдэс хямрах, туулгах нөлөө үзүүлдэг. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул үрэвсэл намдаах эмчилгээний үед эдгэх явцыг түргэсгэх эерэг нөлөөтэй. Хавдрын эсийн өсөлтийг бууруулах нөлөөтэйг тогтоосон судалгааны ажлууд нийтлэг ч эмнэл зүйд өргөн ашигладаггүй. Зарим нэг судалгааны ажил дээр гишүүнэ нь элэгний эрүүл эсэд хортой нөлөө үзүүлж байсан тул нарийн судлах шаардлагатай. Элэгний өөрчлөлттэй болон бөөр, шээсний замын үрэвсэлтэй хүмүүст гаж нөлөө үзүүлж болзошгүй” гэсэн байна. Ираны эрдэмтэд таван салаа ургамлыг уламжлалт эмчилгээ болон орчин цагийн анагаах ухаанд хэрэглэх байдлыг харьцуулсан өгүүлэл бичсэнийг 2018 оны 02 сард АНУ-ын Үндэсний биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн архив; байршуулжээ. Өгүүлэлд “Таван салааны охь нь бөөрний, хөхний, арьсны гэх гурван төрлийн хавдрын эсийн эсрэг үйлчилгээтэй байсан тул хавдрын идэвхжилийг бууруулах нөлөөтэй байж болох юм. Бүрэн нөлөөг цаашид судлах шаардлагатай” гэсэн байна. АНУ-ын Охайо мужийн их сургуулийн Хавдар судлалын төвийн вэбсайтад 2022 оны 04 сарын 13-нд байршуулсан мэдээлэлд “Ганга нь терпенойд гэх антиоксидант үйлчилгээтэй фитохимийн бодис агуулдаг. Эсүүдийг хавдраас хамгаалах магадлалтай. Өдөр тутамдаа хоолонд хийж хэрэглэхэд тохиромжтой” гэсэн байна. 2022 онд 15 гаруй орны эрдэмтэд хамтран намуу цэцгийн овгийн ургамлуудын фитохимийн болон биотехнологийн нөлөөллийг харьцуулсан судалгааны ажлыг боловсруулсныг Hindawi платформд байршуулсан байна. Тайланд “Гүргэм шар намуу цэцгийн харьяалагдах Намуу цэцгийнхэн овгийн ургамлууд нь зохисгүй хэрэглэсэн тохиолдолд амьсгал давчдах, багтрах гаж нөлөөтэй. Халуурч байсан өвчтөн их хэмжээгээр хэрэглэснээс болж амьсгал боогдох тохиолдол бүртгэгдэж байсан. Их хэмжээгээр хэрэглэхэд ой санамж муудах, ухаан балартах шинж тэмдэг илэрч болзошгүй. Хүнд хэлбэрийн хордлогод өтгөн хатах, дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх, сульдах зэрэг шинж тэмдэг илэрдэг” болохыг дурджээ.

3. Алтангагнуур нь Улаан номд багтсан тархац ховор ургамал

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгалийн ургамлын мэдээллийн сангийн бүртгэлээс шүүж үзэхэд алтан гагнуур ургамал нь нэн ховор, генетик нөөцийн санд бүртгэлтэй ангилалд багтаж байна. Монголын Улаан номд “Алтан гагнуур нь ашиглагдах нөөцгүй болж буй ургамал юм. Өөрийн орны хэмжээнд, аж ахуйн ба хүмүүсийн хэрэгцээнд ашиглагдах эрэлт, хэрэгцээ, байгаа нөөцийг нь харьцуулан тооцоолж ариглан хамгаалах шаардлагатай” болохыг дурдсан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document