Бууцай хорт хавдар, бамбай булчирхайн өвчин, өтгөн хаталт, геморрой, целлюлитийг эмчилдэг нь худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Бууцай нь хорт хавдар, бамбай булчирхайн өвчин, өтгөн хатах, геморрой, целлюлитийг эмчилнэ гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бууцайд агуулагддаг бодисууд хавдар тусах эрсдэлээс сэргийлэхэд нөлөөлдөг. Гэвч бууцайгаар хавдар болон бусад төрлийн өвчнийг эдгээдэг талаар шинжлэх ухааны баримт байхгүй.

2022 оны 08 дугаар сарын 06 narhan.me вэб сайт “Бууцай нь хорт хавдар, бамбай булчирхайг эмчилдэг, биеийг цэвэрлэх үйлчилгээгээрээ юутай ч зүйрлэшгүй юм! Ингэж хэрэглэх ёстой!” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн. Тус мэдээ нь “Oyu Таныг уйдаахгүй”, “Сонирхолтой”, “Нархан – Гэрэлт ирээдүйг хамтдаа” зэрэг фэйсбүүк хуудсуудаар түгээгдэн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар 433 реакц, 11 коммент авч, 763 удаа цааш түгээгдээд байна.

2022 оны 08 дугаар сарын 06 narhan.me вэб сайт “Бууцай нь хорт хавдар, бамбай булчирхайг эмчилдэг, биеийг цэвэрлэх үйлчилгээгээрээ юутай ч зүйрлэшгүй юм! Ингэж хэрэглэх ёстой!” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн. Тус мэдээ нь “Oyu Таныг уйдаахгүй”, “Сонирхолтой”, “Нархан – Гэрэлт ирээдүйг хамтдаа” зэрэг фэйсбүүк хуудсуудаар түгээгдэн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар 433 реакц, 11 коммент авч, 763 удаа цааш түгээгдээд байна. Уг мэдээлэлд тайлбарласнаар бууцай агуулсан хэд хэдэн орцуудаар хорт хавдар, бамбай булчирхайн өвчин, өтгөн хатах, геморрой, целлюлитийг эмчилнэ гэжээ.

1. Бууцай хорт хавдрыг эмчилдэггүй

Хэдийгээр бууцай нь каротиноид, флавоноид, витамин С зэргээр баялаг, эрүүл мэндийн ач холбогдолтой ч дээрх өвчнүүдийг эмчилдэг болох нь батлагдаагүй байна. АНУ-ын Хадврын судалгааны институтээс (American Institute for Cancer Research) бууцайд агуулагддаг дээрх бодисууд хавдар тусах эрсдэлээс СЭРГИЙЛЭХЭД нөлөөлдөгийг онцолсон. Гэхдээ бууцайгаар хавдар болон бусад төрлийн өвчнийг эдгээдэг талаар шинжлэх ухааны баримт байхгүй юм. 2013 онд Маки Иноүэ-Чой (Maki Inoue-Choi) нарын “Nutrition and Cancer” сэтгүүлд хэвлүүлсэн “Бодит байдал: шидэт хүнс гэж байдаггүй” (Reality check: no such thing as a miracle food) өгүүлэлдээ хавдрын эсрэг “шидэт хүнс” гэж сурталчилж буй хүнснүүд нь зөвхөн лаборатори дахь эсийн өсгөвөрийн түвшинд судалгаа хийсэн, эсвэл хангалттай өргөн хүрээнд судлагдаагүйг анхааруулсан байна. Харин Дэлхийн хавдрын судалгааны сан болон АНУ-ын Хадврын судалгааны институтийн 2018 оны хамтарсан зөвлөмжид онцолсноор хавдраас сэргийлэхэд буталж, шигшээгүй тарианы хүнсний бүтээгдэхүүн (wholegrain), ногоо, жимс болон самрын төрлийн хүнсийг хэрэглэснээр зарим төрлийн хавдраас сэргийлэхэд нөлөөлөх боломжтой талаар зөвлөсөн бөгөөд ямар нэг жимс, ногоо болон тодорхой нэг хавдрын харилцан хамаарлын талаарх судалгаа хязгаарлагдмал байгааг дурдсан байна.

2. Бууцай нь бамбай булчирхайн өвчин, өтгөн хатах, геморрой, целлюлитийг эмчилдэггүй

Бууцайнд агуулагддаг каротиноид, флавоноид, витамин C болон бусад эрдсүүд нь хүний эрүүл мэндэд ач тустай буюу дээр дурдсан бамбай булчирхайн өвчин, өтгөн хатах, геморрой, целлюлит зэргээс сэргийлэхэд нөлөөтэй байж болох ч эмчлэх “шидэт эм” болж чадахгүй юм. Цаашлаад, дээрх бодисууд нь зөвхөн бууцайнд агуулагддаггүй бөгөөд лууван, сонгино, сармис, навчит ногоо, улаан лооль гэх мэт олон төрлийн хүнсний ногоонд агуулагддаг. АНУ-ын Нортвэстэрн их сургуулийн (Northwestern University) эндокринологич, доктор Аяла Бакарын (Ayla Bakar) мэдэгдсэнээр бамбай булчирхайн өвчтэй болсон тохиолдолд “ер бусын их хэмжээгээр ногоо хэрэглэж байж хүний биеийн иодын хэмжээ цаашлаад бамбай булчирхай дахь дааврын хэмжээнд нөлөөлнө” гэжээ. Харин өтгөн хаталтын үед ногоотой хоол хүнс болон ус сайн уухыг зөвлөдөг боловч Массимо Беллини (Massimo Bellini) нарын 2021 онд “Nutrients” сэтгүүлд хэвлүүлсэн хүнсээр дамжуулан өтгөн хаталтыг эмчлэх талаар хийсэн “Ужгирсан өтгөн хаталт: Хоол тэжээлийн хандлага зүйтэй юу?” (Chronic Constipation: Is a Nutritional Approach Reasonable?) судалгаанд бууцайг дангаар нь хэрэглэхийг зөвлөөгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document