Ходоодны шархыг 10 хоногт эмчлэх арга гэх мэдээлэл #ХУДАЛ

2022 оны 10 дугаар сарын 15-нд ontslog.com нэртэй пэйжид “Олон жилийн турш "ходоодны шархнаас" болж зовж шаналсан. Харин энэ арга тэр олон жилийн минь зовлонг 10 өдөрт алга болгосон шүү” гэсэн тайлбартай, senbii.com гэх домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсныг 194 реакц, 8 сэтгэгдэлээр идэвжхүүлж, 698 удаа цааш түгээсэн байна. Senbii.com сайт дахь мэдээллийг 2019 оны 01 дүгээр сарын 18-нд “Олон жилийн турш “ходоодны шархнаас” болж зовж шаналсан. Харин энэ арга тэр олон жилийн минь зовлонг 10 өдөрт алга болгосон шүү!” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлжээ. Тус мэдээлэлд Япончуудын ходоодны шарх анагаах арга хэмээн өглөө бүр шүдээ угаахаасаа өмнө 160 мл ус ууж байхыг зөвлөсөн бөгөөд тус аргын дагуу 10 хоногт өтгөн хаталт, ходоодны шархыг, 30 хоногт чихрийн шижин өвчнийг эмчилнэ гэсэн байна. Нийтлэгдсэнээсээ хойш энэ мэдээлэл нь “Ontslog.com”, “Дууны Үг” зэрэг фэйсбүүк хуудсаар түгэн 2022 оны 10 дугаар сарын 31-ны байдлаар Crowdtangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд 253 реакц, 12 коммент авч, 830 удаа цааш түгээгдсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

Ходоодны шархыг 10 хоногт ус ууж эмчлэх арга нь худал мэдээлэл юм. Ходоодны шарх нь хэд хэдэн шалтгаанаас үүсэж болох бөгөөд хамгийн нийтлэг шалтгаанууд нь Хеликобактерийн халдвар (Helicobacter pylori), үрэвслийн эсрэг стероид бус эмийн (жишээ нь, ибупрофен, аспирин) хэрэглээ зэрэг байдгийг АНУ-ын Үндэсний Эрүүл мэндийн Институтийн вэб сайт дахь ходоодны шархны мэдээлэлд дурджээ. Түүнчлэн, архийг хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах, стресс зэрэг нь ходоодны шархтай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Ходоодны шархны нийтлэг шинж тэмдэгүүд нь хүйснээс цээж хүртэл хөндүүрлэн өвдөх, гэдэс дүүрэх, дотор муухайрах ба бөөлжих гэх мэтээр илэрдэг байна. Хэрвээ ходоод шарх нь хеликобактераас шалтгаалан үүссэн байвал тодорхой антибиотикыг, протоны шахуургыг хориглогч эмтэй (proton pump inhibitor) хослуулан хэрэглэдэг. Ийм төрлийн эмийг эмчийн заавраар нь 7-14 хоног хэрэглэх буюу өвчний байдлаас хамааран бусад эмтэй хослуулан, илүү олон хоногоор хэрэглэдэг байна.

Бид ходоодны шархыг ус ууж эмчлэдэг тухай мэдээллийг 2022 оны 11 дүгээр сарын 10-нд АШУҮИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны доктор Ц.Бямбажаваас тодруулахад “ийм эмчилгээ байхгүй” гэж мэдэгдсэн ба ходоодны шарх үүссэн шалтгаанаас хамааран эмчилгээ нь өөр байдгийг онцолсон. Мөн АНУ-ын Клийвландын клиникийн вэб сайт дахь ходоодны шархны талаарх мэдээлэлд ямар нэг хоол нь ходоодны шархыг эдгээхэд нөлөөлдөг нь батлагдаагүй гэдгийг дурдсан байна.Түүнчлэн, АНУ-ын Үндэсний Эрүүл мэндийн Институтийн вэб сайт дахь ходоодны шархны мэдээлэлд дээрхтэй ижил агуулгатай мэдээллийг онцолсон байна.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst