ДЭМБ шөнийн цагаар ажиллахыг хорт хавдар үүсгэгч гэж ангилсан гэх мэдээлэл #ҮНЭН

2022 оны 11 дүгээр сарын 6-нд манай чатботоор Otgoo First нэртэй хэрэглэгч холбогдож уг мэдээллийг шалгуулахыг хүссэн юм. 2022 оны 10 дугаар сарын 25-нд Оюунбадрах Амаржаргал нэртэй хэрэглэгчийн хаягаар “ULAANBAATAR TUMUR ZAM KHUVI NIILUULSEN NIIGEMLEG” нэртэй группт @iamtsatsral гэх twitter хэрэглэгчийн жиргээг постолсон нь 11 дүгээр сарын 7-ны байдлаар 189 реакц, 25 сэтгэгдэл авч, 86 удаа цааш түгээсэн байна. Нийтэлсэн жиргээнд: “Нойр дутуу, хорт хавдар хоёрын хоорондын холбоо маш хүчтэй байгаа тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шөнийн цагаар ажиллах ямар ч хэлбэрийг хорт хавдар үүсгэгч гэж ангилжээ” гэжээ.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

Австралийн Хавдрын үндэсний зөвлөлийн вэбсайтын хэрэглэгчдэд тайлбар өгөх хэсэгт “Хавдар болон ээлжийн ажлын хоорондын хамаарлыг судалсан ажлуудад шөнийн ээлжээр ажиллах нь хөхний хорт хавдар тэргүүтэй хавдар үүсгэх эрсдэлтэйг нотолсон үр дүн бий. Амьтад дээр хийсэн туршилтуудад ч хоногийн 24 цагийн хэмнэлийг алдагдуулахад, хавдар үүсэх эрсдэл нэмэгдэж байжээ. Шөнийн цагаар ажиллахад хиймэл гэрэлтүүлэг ашиглаж, унтах хэмнэлийг алдагдуулдаг нь хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй мэлатонин дааврын ялгарлыг дарангуйлж, хавдар үүсгэгч генүүдийг идэвхжүүлдэг. Шинээр нийтлүүлж буй судалгааны ажлуудад түрүү булчирхайн хорт хавдар, гэдэсний хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэх үр дүн илэрсээр байгаа ч туршилтыг хэрхэн явуулснаас хамаараад үр дүнгүүд харилцан адилгүй байна” гэсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хавдар судлалын олон улсын байгууллага нь тодорхой хүчин зүйлсийн хавдар үүсгэх эрсдэлийг 4 бүлэгт хуваан үнэлдэг байна. Үүнд: Бүлэг 1 - Хорт хавдар үүсгэгч Бүлэг 2а - Хорт хавдар үүсгэх магадлалтай Бүлэг 2б - Хорт хавдар үүсгэх боломжтой Бүлэг 4 - Хорт хавдар үүсгэгч биш хэмээн ангилдаг.

2019 онд 06 дугаар сарын 4-11-ний хооронд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хавдар судлалын олон улсын байгууллагын Нэг сэдэвт бүтээлийн 124 дүгээр хэлэлцүүлэг өрнөжээ. Уг хэлэлцүүлэгт 2015-2019 онд хийгдсэн судалгаануудад үндэслэж хорт хавдар үүсгэх магадлалтай хүчин зүйлсийн жагсаалтад 2007 онд бүртгэсэн “Унтах хэмнэлийг алдагдуулах эрсдэл бүхий ээлжийн ажлууд” гэх нэр томьёоллыг шинэчлэн “Шөнийн ээлжийн ажил” болгосон байна. Шөнийн ээлжийн ажил гэдэг нь “Өдрийн цагийн хуваариас гадуур ажилладаг бүх төрлийн ажлууд. Ихэвчлэн үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл мэнд, худалдаа, тээврийн салбарын ажилчид багтана. Шөнийн ээлжийн ажлын хүний биед нөлөөлөх нөлөөллийг 16 орны бие даасан, хараат бус 27 экспертээс бүрдсэн баг хамтран судалсны эцэст уг дүгнэлтэд хүрсэн” гэсэн байна. Хавдар судлалын олон улсын байгууллагын Хавдар үүсгэх магадлалтай 2а бүлэгт шөнийн ээлжийн ажил нь: -Шулуун гэдэсний хорт хавдар -Бүдүүн гэдэсний хорт хавдар -Хөхний хорт хавдар -Түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй болохыг дурджээ.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst