Ходоодны хеликобактерийг ул моргүй устгах шидэт ундаа гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Брокколи, буцалсан ус, далайн давсыг хольж уух нь хеликобактерийг ул моргүй устгана гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Брокколины үрслэг өргөн хүрээг хамарсан судалгаагаар хеликобактерийг бүрэн устгадаг нь тогтоогдоогүй.

2022 оны 10 дугаар сарын 30-нд “Нархан – Гэрэлт ирээдүйг хамтдаа” нэртэй пэйжид “Ходоодны хеликобактерыг ул мөргүй устгах шидэт ундааг гэртээ бэлтгэх жор” тайлбартай, narhan.me домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 11 дүгээр сарын 4-ны байдлаар 260 реакц, 7 сэтгэгдэл авч, 1.1 мянган удаа цааш түгээсэн байна.

2022 оны 10 дугаар сарын 30-нд “Нархан – Гэрэлт ирээдүйг хамтдаа” нэртэй пэйжид “Ходоодны хеликобактерыг ул мөргүй устгах шидэт ундааг гэртээ бэлтгэх жор” тайлбартай, narhan.me домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 11 дүгээр сарын 4-ны байдлаар 260 реакц, 7 сэтгэгдэл авч, 1.1 мянган удаа цааш түгээсэн байна. Сайтын мэдээний тархалтыг Crowdtangle хэрэглүүрээр нягтлахад 1131 реакц, 19 коммент авч, 4,234 удаа цааш түгээгдсэн байна. Уг мэдээлэлд брокколи буюу цэцэгт байцаа, буцалсан ус, далайн эсвэл нуурын давсыг холигчид холин шүүсийг нь 1 сарын турш унтахаасаа өмнө уувал бие дэх хеликобактер эрс буурна гэж мэдээлжээ. Бид дээрх мэдээллийг нээлттэй судалгаа, мэдээллүүдийг ашиглан баримтаар шалгасан бөгөөд хеликобактерийн эсрэг брокколины үйлчилгээний талаар төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн байна.

1. Брокколины үрслэг нь гүйцэд боловсорсон брокколиноос илүү

АНУ-ын Үндэсний Эрүүл мэндийн Институтийн вэб сайтад мэдээлснээр хеликобактер нь дэлхийн хүн амын 50 орчим хувьд халдварласан байдаг ба амаас амд болон ариутгаагүй сав суулга, хоолны хэрэгсэл цаашлаад бохирдсон усаар дамжин халдварладаг байна. Түүнчлэн, хеликобактер нь ходоодны үрэвсэл, шархны үндсэн шалтгаан болж цаашлаад зарим тохиолдолд ходоодны хавдар үүсгэх нөхцлүүдийн нэг болдог байна. 1997 онд АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн доктор Жед Фахэй (Jed W. Fahey) брокколины үрслэг нь гүйцэд боловсорсон брокколиноос илүү хэмжээний сульфорафан (sulforaphane) агуулдаг талаар нээлт хийсэн байна. Тэрээр 2002 онд судалгаагаа үргэлжлүүлэн брокколины үрслэгийн хэрэглээг хулганад болон үрслэгэнд агуулагддаг сульфорафаныг хүний эсийн өсгөвөр дээр туршсан бөгөөд туршилтаар хеликобактер болон ходоодны хавдрын эсрэг үйлчилгээтэй болохыг тогтоосон байна. Сульфорафан нь брюссель байцаа, цэцэгт байцаа, улаан лууван, брокколи гэх мэт ногоонуудад агуулагддаг химийн нэгдэл юм.

2. Брокколины үрслэг өргөн хүрээг хамарсан судалгаагаар хеликобактерийг бүрэн устгадаг нь тогтоогдоогүй

Брокколины үрслэг хеликобактерийг бүрэн устгадаг талаар судалгаа эцэслэгдээгүй бөгөөд өргөн хүрээг хамарсан судалгаагаар бүрэн устгадаг нь тогтоогдоогүй байна. Тодруулбал, 2004 онд Марк Галан (Mark V. Galan) нарын “Digestive Diseases and Sciences” сэтгүүлд хэвлүүлсэн “Хеликобактерийн халдварын эмчилгээнд брокколины үрслэгийг амаар хэрэглэх нь: урьдчилсан тайлан” (Oral broccoli sprouts for the treatment of Helicobacter pylori infection: a preliminary report) өгүүлэлд судалгаанд оролцсон 9 хүний 3 нь 7 хоногийн турш брокколины үрслэгийг өдөрт хоёр удаа хэрэглэхэд хеликобактерийн халдваргүй болсон талаар дүгнэсэн байна. Мөн 2005 онд Опекун (Opekun A.R.) нарын “Methods and Findings in Experimental and Clinical Pharmacology” сэтгүүлд хэвлүүлсэн “Хеликобактерийн халдвартай амьд бие дээрх байгалийн эмчилгээ буюу Төвд тараг ба шинэ брокколиг турших нь” (In vivo tests of natural therapy, Tibetan yogurt or fresh broccoli, for Helicobacter pylori infection) өгүүлэлд 5 өвчтөнд 3.5 өдөр брокколины үрслэг өгөхөд хеликобактерийн халдварын өөрчлөлт ажиглагдаагүй байна. Харин өнөөгийн байдлаар хамгийн өргөн хүрээнд хийсэн судалгааны дагуу Фахэй болон Акинори Янака нарын 2009 оны судалгаагаар судалгаанд оролцсон 48 өвчтөнд хеликобактерийн халдвар бүрэн устсан үр дүн ажиглагдаагүй байна. Үүнд, Фахэй болон Акинори Янака (Akinori Yanaka) нарын судлаачид брокколины үрслэгний хэрэглээг хеликобактерийн халдвартай хулгана болон хүмүүс дээр ажигласан ба халдвартай 48 хүнд 70 грамм брокколины үрслэгийг өдөр бүр 8 долоо хоногийн турш хэрэглэхэд хеликобактерийн тархалт буурсан талаар “Cancer Prevention Research” сэтгүүлд хэвлүүлсэн “Сульфорафанаар баялаг брокколины үрслэг нь хеликобактерийн халдвартай хулгана ба хүмүүсийн ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл болон халдварын тархалтыг буруулах нь” (Dietary sulforaphane-rich broccoli sprouts reduce colonization and attenuate gastritis in Helicobacter pylori-infected mice and humans) өгүүлэлд дүгнэсэн байна. Гэхдээ судлаачид өгүүлэлдээ брокколины хэрэглээ нь “хеликобактерийн тархалтыг буруулж байсан болохоос халдварыг бүрэн устгахгүй” гэдгийг онцолсон байна. Түүнчлэн, 2014 онд Маллига Раман Мурали (Malliga Raman Murali) нарын “Integrated Medicine Research” сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэлд байгалийн бүтээгдэхүүнээр хеликобактерийн халдварыг бууруулах судалгааг тоймлохдоо брокколины тогтмол хэрэглээ нь хеликобактерийн халдварын үед хоол боловсруулах системийг хамгаалахад нөлөөтэй байж болох ч эмчилгээний ач холбогдлыг эцэслэн дүгнээгүй гэдгийг онцолсон байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

  1. Шалгасан мэдээ www.facebook.com
  2. АНУ-ын Үндэсний Эрүүл мэндийн Институтийн вэб сайт хеликобактерийн талаарх мэдээлэл www.ncbi.nlm.nih.gov
  3. АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн вэб сайт дахь хеликобактерийн талаарх мэдээлэл www.hopkinsmedicine.org
  4. Jed Fahey et. al “Broccoli sprouts: An exceptionally rich source of inducers of enzymes that protect against chemical carcinogens” www.ncbi.nlm.nih.gov
  5. Jed Fahey et. al “Sulforaphane inhibits extracellular, intracellular, and antibiotic-resistant strains of Helicobacter pylori and prevents benzo[a]pyrene-induced stomach tumors” pnas.org
  6. ScienceDirect “Sulforaphane” www.sciencedirect.com
  7. Mark V. Galan “Oral broccoli sprouts for the treatment of Helicobacter pylori infection: a preliminary report” www.pubmed.ncbi.nlm.nih.gov
  8. Opekun A.R. et. al “In vivo tests of natural therapy, Tibetan yogurt or fresh broccoli, for Helicobacter pylori infection” pubmed.ncbi.nlm.nih.gov
  9. Akinori Yanaka et. al “Dietary sulforaphane-rich broccoli sprouts reduce colonization and attenuate gastritis in Helicobacter pylori-infected mice and humans” aacrjournals.org
  10. Malliga Raman Murali et. al “Current knowledge on alleviating Helicobacter pylori infections through the use of some commonly known natural products: bench to bedside” www.ncbi.nlm.nih.gov

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document