НӨАТ-ын сугалаагаар мөнгө хожиж байгаагүй бол эдгээрийг заавал анхаар гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

НӨАТ-ын сугалаагаар мөнгө хожиж байгаагүй бол заавал анхаар зүйлс гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан сайт дахь мэдээлэлд “НӨАТ-ын сугалаагаар мөнгө хожиж байгаагүй бол заавал анхаарах зүйлс”-ийн талаар огтхон ч дурдаагүй бөгөөд хуучирсан мэдээний он сарыг өөрчилж, утгын алдаатай мэдээлэл болгон оруулсан байна.

2022 оны 10 дугаар сарын 26-нд “Сайн Эцэг Эх” нэртэй пэйжид “НӨАТ-Ын Сугалаагаар Мөнгө Хожиж Байгаагүй Бол Эдгээрийг Заавал Анхаар. Арай Таны Мөнгө” гээд medeech.com домайн нэртэй сайтын холбоос хасваргасан пост оруулсан нь 10 дугаар сарын 31-ний байдлаар 771 реакц, 159 сэтгэгдэл авч, 300 удаа цааш түгээсэн байна. Уг линкээр дарж ороход “НӨАТ-ын урамшууллын 2023 оны 2 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг хоёрдугаар сарын 21-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2023 оны 1 дүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. 2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өгөхөөр Татварын ерөнхий газар иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар нэг сая 18 мянга 314 иргэнд 43.7 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна. III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгож байсан юм. Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай дөнс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгдөг. Үүний дараа Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу шилжүүлдэг байна. Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жилд таныг аз ивээг” гэжээ. Сайтын хандалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад нийт 6 удаа постолж 1,402 хариу үйлдэл авсан байна.

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

1. Гарчигаар төөрөгдүүлсэн

Хандалт нэмэх зорилгоор содон гарчиг өгдөг нь хуурамч, ташаа мэдээллийн нэг шинж чанар юм. Сайт дахь мэдээлэлд “НӨАТ-ын сугалаагаар мөнгө хожиж байгаагүй бол заавал анхаарах зүйлс”-ийн талаар огтхон ч дурдаагүй бөгөөд хуучирсан мэдээний он сарыг өөрчилж, утгын алдаатай мэдээлэл болгон оруулсан байна.

2. НӨАТ-ын сугалааны тохирлыг сар бүрийн гурав дахь Лхагва гарагт 13:00 цагаас явуулдаг

Шалгаж буй мэдээлэлд 2023 оны хоёр дугаар сарын тохирлын нэвтрүүлэг 02 дугаар сарын 21-ний Ням гарагт болно гэсэн байгаа нь ташаа мэдээлэл юм. 2023 оны 02 дугаар сарын 21 ням биш, мягмар гараг тохиож байна. НӨАТ-ын сугалааг сард нэг явуулах талаар Сангийн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/185 дугаар тушаалын хавсралт “Сугалааны тохирлоор урамшуулал явуулах олгох, түүнийг явуулах журам”-ын, 3.1-д “Сугалааны тохирлыг сард нэг удаа явуулах бөгөөд сугалааны тохирлын урамшуулал нь энэ журмын 3.6-д заасны дагуу үндсэн урамшуулал, 3.8-д заасны дагуу байршлын нэмэгдэл урамшууллаас бүрдэнэ” гэж заасан. Мөн 6.5-д “Сугалаа явуулах үйл ажиллагааг сар бүрийн гурав дахь Лхагва гаригт Улаанбаатар хотын цагийн бүсийн 13:00 цагт олон нитийн газар зохион байгуулна” гэж дээрх журамд зааж өгсөн. Энэ нь 2023 оны 02 дугаар сарын тохирол 15-ны Лхагва гарагт болохоор байна.

3. Энэ оны IV улирлын буцаан олголтыг тооцоолох хугацаа болоогүй байна

2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын талаар мэдээлсэн хэсэг нь 2021 оны 01 дүгээр сард гарч байсан мэдээний оныг өөрчилсөн байна. Энэ оны IV улирал дуусаагүй тул иргэдийн худалдан авалтын буцаан олголтыг тооцоолох боломжгүй. Тиймээс мэдээнд дурдсан “нэг сая 18 мянга 314 иргэнд 43.7 тэрбум төгрөгийг буцаан олгоно” гэдэг нь худал юм. Мөн мэдээлэлд дурдсан “цөөвөр” хэмээх үхэр жил өнгөрсөн ба ирэх онд туулай жил гарна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document