Илон Маск ба Монголын Засгийн газар хамтран хүн амын орлого нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээ зарласан гэдэг мэдээлэл #ХУДАЛ

2022 оны 10 дугаар сарын 18-нд 95.5 The Vibe фэйсбүүк хуудас Илон Маск ба Монголын Засгийн газар хамтран хүн амын орлог нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх болсон тухай орос хэл дээрх видео сурталчилгаа постолсон. Тус пост нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар 324 реакц, 99 коммент авч, 176 удаа цааш түгээгдээд байна. Видеоны үндсэн текстийг орчуулбал “Элон Маск Монгол Улсын Засгийн газартай хамтран "Tesla X" компанийн хүн амын орлогыг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээ зарласан бөгөөд энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улсын жирийн иргэдийн сайн сайхан байдлыг сайжруулахад оршино. Төсөлд элсэхийн тулд та тусгай боловсролын ур чадвартай байх шаардлагагүй, учир нь оролцогч бүрт хувийн зөвлөгч өгдөг. Хөтөлбөрийн эхний оролцогчид үр дүнгээ хуваалцлаа.” (Илон Маск совместно с правительством Монголии анонсировал старт программы для повышения доходов населения Tesla X. Главная цель данной программы повысить благосостояние простых граждан Монголии. Чтобы присоединиться к проекту не нужно иметь специальных навыков образования ведь за каждым участником закрепляют личного наставника. Первые участники программы поделились своими результатами) гэсэн. Цаашлаад видеоны төгсгөлд тус хөтөлбөрт элсэн 1 сая төгрөг, 3,918 ам.доллар, 20 мянган ам.доллар богино хугацаанд олсон гэх хүмүүсийн яриаг оруулан Монгол Улсын бүх оршин суугчдад нээлттэй. Дэлгэрэнгүй дээр дарна уу (Доступ к проекту открыт для всех Жителей Монголии. Жмите “подробнее”) гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

Дээрх мэдээлэл нь худал бөгөөд Илон Маск болон Монголын Засгийн газар хамтран хүмүүсийн орлого дээшлүүлэх ямар нэг хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон баримт байхгүй юм. Бичлэгийн эхэн хэсэг дэхь Илон Масктай уулзаж буй хүн нь Монголын төрийн төлөөлөл бус Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 09-нд болсон уулзалтын бичлэгийн нэг хэсэг юм. Тэрээр Ли Көчянтай уулзахдаа цахилгаан машин үйлдвэрлэдэг Тесла компанийхаа Хятад дахь үйл ажиллагааны талаар болон бусад холбогдолтой асуудлуудаар санал солилцсон. Харин Илон Маскын Space X компани Монголд сэргээгдэх эрчим хүчний SolarCity болон дэд бүтцийн Hyperloop төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар Цахим хөгжил харилцаа холбооны яамтай 2022 оны 08 дугаар сарын 16-нд уулзаж байсан байна. Харин бидний шалгаж буй видеонд хөтөлбөрт элсэн мөнгө олсон гэх хүмүүсийн бичлэг нь Илон Маск болон Монголын Засгийн газрын хамтарсан хөтөлбөрт орсон хүмүүс бус сугалаа, интернетээр мөнгө олох, онлайн борлуулалт зэргийг сурталчилсан видеоны хэсгүүдийг тасдаж авсан болох нь тогтоогдсон. Бид дээрх хүмүүсийн видеонд орсон хэсгийн зургийг Yandex хайлтын системийн Reverse Image Search функцаар хайж үзэхэд тэдгээр хүмүүсийн сурталчилгааны видеонууд гарч ирсэн. (Нэгдүгээр эрэгтэй, эмэгтэй хоёр 1 сая рубль хожсон, хоёрдугаар эмэгтэй, гуравдугаар эмэгтэй)

Мөн бид дээрх сурталчилгааны видеоны доод хэсэгт байрлуулсан вэб сайт руу орж үзэхэд 2011 онд Орос, Монгол, Америк иргэдийн хамтран Монголд байгуулсан “MONRUSCONSULTING LAW FIRM” нэртэй хуулийн фирмийн талаарх товч танилцуулга байсан ба байгууллагын хаяг тодорхойгүй (Монгол, Улаанбаатар (Монголия, г. Улан-батор) гэсэн хаягтай), утасны дугаар руу нь (99858321) 2022 оны 10 дугаар сарын 27-нд залгахад ажиллахгүй байв. Вэб сайтын домэйн эзэмшигч болон хэзээ үүсгэгдсэнийг олохоор who.is вэб сайтаар шалгаж үзэхэд 2022 оны 10 дугаар сарын 14-нд бүртгүүлж, АНУ-ын Аризона мужийн Феникс хотод байрлалтай NAMECHEAP INC гэх домэйн нэр бүртгэх, вэб хост хийдэг компаниар дамжуулан вэб сайтаа үүсгэсэн байхаар байна. Түүнчлэн who.is вэб сайт дахь илэрцээр вэб сайтын эзэмшигчийн хаягийг Исландын нийслэл Рейкьявикт байрлалтай гэж бүртгэсэн байна.

Бид худал видеог постолсон фэйсбүүк хуудсыг мөн шалгаж үзсэн. Тус хуудас нь 2015 оны 10 дугаар сарын 07-нд үүсгэгдсэн байсан ба АНУ-ын Невада мужийн хойд хэсэгт 95.5 сувагт радио явуулдаг гэж тайлбарласан байсан. Хуудас нь 2200 орчим дагагчтай, Бразил, Камбож, Вьетнам зэрэг улсаас удирддаг гэж хуудасны мэдээлэлд мэдэгджээ. Цаашлаад уг хуудасны сурталчилгааны түүх рүү орж үзэхэд бидний шалгасан видеотой ижил хуурамч агуулгатай сурталчилгаануудыг 10 дугаар сард явуулж байсан байна. Дээрх мэдээлэл нь худал мэдээллийг ашиглан хүний хувийн мэдээлэл цуглуулах оролдлогын нэг хэсэг байж болохоор байгаа ба холбоогүй үйл явдал, видеонуудыг эвлүүлэн хуурамч видео бүтээсэн байна.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst