Оймсондоо сонгино хийж унтвал ханиад, чихний үрэвсэл, шархыг эмчилж, агаар цэвэршүүлнэ гэдэг нь худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Оймсондоо сонгино хийж унтвал ханиад, чихний үрэвсэл, шархыг эмчилж, агаар цэвэршүүлнэ гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хэдийгээр сонгинод агуулагддаг олон төрлийн бодис нь эрүүл мэндэд ая холбогдолтой ч сонгино нь аливаа өвчин, вирусийг сорж авах чадваргүй бөгөөд хүний бие дэх, эсвэл агаар дахь вирус, нянг устгаж цэвэршүүлэхгүй.

2020 оны 12 дугаар сарын 13-нд reach.mn вэб сайтад “Орой унтахдаа оймсондоо сонгино хийгээд унтаарай! Та бидэнд баярлах болно” гэсэн гарчигтай нийтлэжээ. Тус мэдээнд ханиад, дотор эвгүйрэх үед оймсондоо хийж хөлний уландаа тавих болон чих өвдөх, үрэвсэх, гараа эсгэсэн үед дээр нь сонгино тавихыг зөвлөсөн байна. Мөн агаар цэвэршүүлэх, нялх хүүхдийн гэдэс өвдөх үед хандалж өгөхийг санал болгосон байна. Дээрх мэдээллийн тархалтыг Crowdtangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд 2022 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар 2425 реакц, 70 коммент авч, 6,656 удаа цааш түгээгдээд байна.

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

1. Олон улсын баримт шалгах байгууллагууд ижил, төстэй мэдээллүүдийг худал гэдгийг нь тогтоосон

Хөлийн уландаа сонгино тавих нь дээрх дурдсан өвчнүүдийг эмчилдэг талаарх худал мэдээлэл олон жилийн турш интернетэд тархаж байгаа бөгөөд Snopes, Lead Stories, AFP, AP News, VERA Files гэх мэт Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-ний баталгаажуулалттай баримт шалгах байгууллагууд дээрхтэй ижил, төстэй мэдээллүүдийг худал гэдгийг нь тогтоосон. Хэдийгээр сонгинод агуулагддаг олон төрлийн бодис нь эрүүл мэндэд ач холбогдолтой ч сонгино нь аливаа өвчин, вирусийг сорж авах чадваргүй бөгөөд хүний бие дэх эсвэл агаар дахь вирус, нянг устгаж цэвэршүүлэхгүй юм. Макгиллын их сургуулийн шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд тайлбарлах зорилготой Шинжлэх ухаан ба Нийгмийн оффисын захирал доктор Жое Шварц дээрх мэдээлэл нь хөлийн ул нь биеийн дотор эрхтэнүүдтэй холбогддог ба сонгинод агуулагддаг нэгдлүүд нь улаар дамжин хорт бодисыг устгадаг гэх төөрөгдөлд суурилсан гэж Australian Associated Press-д мэдээлсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн “сонгинод нянгийн эсрэг зарим үйлчилгээ байдаг ч… энэ нь ямар ч практик хэрэглээгүй.” гэж мэдэгджээ. Тийм учраас сонгиныг хөлийн уландаа биш хайруулын тавгандаа тавихыг доктор Шварц зөвлөсөн байна. Мөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын төлөөлөгч “Сонгиныг хөлийн уландаа тавих нь ковид-19, хавдар, хумхаа, эвсэл өөр ямар ч хамаагүй өвчнийг эдгээхгүй” гэж AFP Fact Check-д мэдэгджээ. Түүнчлэн бид дээрх шалгаж буй мэдээлэлтэй холбоотой сонгины эрүүл мэндийн ач холбогдол, үйлчилгээний талаар өмнө нь баримт шалгалтуудаар сонгины талаарх худал мэдээллүүдийг няцаасан. Хэдийгээр сонгинод агуулагддаг олон төрлийн бодис нь эрүүл мэндэд ач холбогдолтой ч сонгино нь хорт бодисыг өөртөө соронз мэт татах чадваргүй юм. Сонгины үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой АНУ-ын Үндэсний Сонгины Холбоо (National Onion Association) бидний шалгаж буй мэдээллийг няцаасан мэдэгдэлдээ “арилгасан сонгино нянг сорох эсвэл агаар дахь хорт бодисыг сорж, арилгадаггүй” гэж мэдэгдсэн.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document