Ерөнхийлөгч Бээжингээс ирээд үхрээс бусад малыг амьдаар нь гаргах боллоо гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Ерөнхийлөгч Бээжингээс ирээд үхрээс бусад малыг амьдаар нь гаргах боллоо гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлаагүй бөгөөд үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспорлохыг зөвшөөрсөн Засгийн газрын 2017 оны 318 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

2022 оны 10 дугаар сарын 25-нд Gan Ganchimeg нэртэй хэрэглэгчийн хаягаар “Хүүк Бээжин яваад ирлээ Үхэрээс бусад 4 хошуу малыг амьдаар Хужаа руу гаргах болчихлоо Хайр найргүй гаргах нь Малчид минь малаа олноор нь амьдаар бүү зар Ухаантайдаа малчид минь” гэсэн пост оруулсан нь 10 дугаар сарын 27-ны байдлаар 212 реакц, 129 сэтгэгдэл авч, 596 удаа цааш түгээсэн байна.

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

1. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлаагүй

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноос хойш БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээгүй. Төрийн тэргүүний Ерөнхийлөгчийн Тамгын газрын эрхлэн хөтөлдөг албан ёсны вэбсайтаас “БНХАУ-д айлчлал” гэсэн түлхүүр үгээр хайхад хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 08-нд “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхав” гэсэн мэдээ байх ба 06 дугаар сарын 13-нд “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав” гэх мэдээлэл гарч ирж байна. 2021 оны 07 дугаар сарын 16-нд нийтэлсэн “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярив” гарчигтай мэдээнд “Хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг тэмдэглэв” гэсэн ба “Төрийн тэргүүн нар цаашид ажил төрлийн ойр хэлхээ холбоотой байж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар биечлэн уулзахаар тохиролцов” гэж төгсгөжээ. Шалгаж буй мэдээллийг постолсонтой ойрхон цаг хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо айлчлал хийсэн талаар мэдээлэл байхгүй, мөн Бээжингээс ирээд малыг амьдаар нь экспортлох гэрээ хэлцэл хийсэн байх боломжгүй юм. Нэр бүхий хэвлэлийн сайтуудад Ерөнхийлөгч 10 дугаар сарын 27-28-нд БНХАУ-д айлчилна гэсэн мэдээ гаргаад 24 цагийн дотор устгасан байна. 10 дугаар сарын 27-нд ГХЯ-ны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаас тодруулахад “Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилна гэдэг худал мэдээлэл. Өнөөдөр хоёр улсын Засгийн газар хоорондын коммисын хуралдаанд Ерөнхийлөгч оролцох юм. Үүнийг урд хөршид болно гэж ойлгоод Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилна гэсэн ташаа мэдээлэл явсан байх. Хэрэв төрийн тэргүүн айлчлал хийх бол хоёр талын бэлтгэл ажил хэдэн сарын турш үргэлжилж, бүрэн хангагдсаны дараа л ГХЯ, ЕТГ зэрэг албаны сувгаар мэдээлдэг. Ингэж ганц хоногийн өмнө хэвлэлийн сайтуудаар гэнэт мэдээлэх боломжгүй. Ингэж гарсан мэдээллийг олон нийт худлаа гэж ойлгох хэрэгтэй” гэсэн юм.

2. Үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспорлохыг зөвшөөрдөг

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний “Мал, махны экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 318 дугаар тогтоолын нэг дэх хэсэгт “Мал сүргийн тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац, хадлан, тэжээлийн хүрэлцээ хангамжтай уялдуулан таваарын зориулалттайгаар малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумдаас үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспортлохыг зөвшөөрсүгэй” гэж заасан. Энд зөвхөн үржлийн бус эр хонь, эр ямааг тухайн шаардлага хангасан аймгийн нийт бог малын 20 хүртэлх хувийг экспортолж болох тухай заасан байна. Харин үржлийн малыг экспортлох зохицуулалтын талаар хайж үзэхэд ХХААХҮЯ-наас олгодог тусгай зөвшөөрөл дунд энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог байна. ХХААХҮЯ-ны вэбсайтад Тусгай зөвшөөрөл цэс дэх дата сангаас “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл шинээр авсан, иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл” 2013-2020 он хүртэл байна. Үүнд 15.11.7-д “Үржлийн мал, амьтныг гадаадад гаргах” тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн жагсаалт байдаг. Харин 2013-2019 онд зөвшөөрөл авсан, сунгуулсан нь хүчинтэй хугацаа нь дууссан байна. Харин 2020 онд Үржлийн мал, амьтныг гадаадад гаргах тусгай зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл нь 2023 оны 7-12 дугаар сар хүртэл хүчинтэй байна. Энэ жагсаалтаас шүүж үзэхэд адуу болон хонь, ямаа гэсэн төрлөөр зөвшөөрөл өгсөн байна. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын вэбсайтаас “Монгол” гэсэн утгаар хайж үзэхэд 3 илэрц гарч ирснээс Монголтой шууд холбоотой мэдээлэл нь “Дэд сайд Ху Вэй Монголын талын сайдтай хийсэн уулзалтыг даргалж байна” гэх мэдээлэл байна. Энд Монгол Улсаас малыг хөлөөр нь импортлохтой холбоотой зохицуулалт болон мэдээлэл байхгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document