Михаил Шумахер зургаан жил ухаангүй, комд байсан гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Сүүлийн хоногуудад хандалтын самбарт өндөр үзүүлэлттэй орж ирж байгаа мэдээлэл бол “Германы уралдааны машины нисгэгч Михаил Шумахер нэг л өглөө сэрж, 6 жилийн турш дампуурах хүртэл хамт байсан эхнэрээ харав” гэх түүх юм. Хэдийгээр энэ мэдээлэл нийгэмд хор хөнөөл учруулахгүй ч олон нийтийн мэдээллийн боловсролд нэмэр болох үүднээс баримт шалгалт хийж, бодит үнэн мэдээллийг хүргэх нь зүйтэй гэж үзлээ. Уг мэдээллийг 2021 оны 06 дугаар сарын 20-нд Erdenebaatar Sukhbaatar нэртэй хэрэглэгч оруулж байсан нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар 2,062 реакц, 83 сэтгэгдэл авч, 2214 удаа цааш түгээсэн байна. Харин 2022 оны 06 дугаар сарын 20-нд Сэржхорол Гантогтох фэйсбүүк хаягаар постолсныг 870 реакц, 23 коммент өгч, 623 удаа цааш түгээсэн байна. Мэдээлэл нь: “Зургаан жил ухаангүй, кома-д байсан Германы уралдааны машины нисгэгч домогт Михаил Шумахер гэнэт сэрж эхнэрээ харав... Дампуурах хүртлээ бүх мөнгөө нөхрийнхөө эмчилгээнд зориулсан тэр эмэгтэйг... Олон жилийн турш Формула 1 уралдааныг ноёлон байж олсон Шумахерийн мөнгө, олон том спонсорын ивээн тэтгэлэг бүгд дуусчээ... Эргээд сэрнэ, сэргэнэ гэсэн бүх л итгэл найдвар мөхөх шахаж байхад Михаил нэг л өглөө сэрж хайртай эхнэрээ хажуудаа байгааг анзаарав... 6 жилийн турш түүний хажуунаас салаагүй тэр бүсгүйг... Үнэнч байдал....миний шүтэн биширч явдаг зан чанар... Хүчирхэг хүүхэнтэй харилцахаас хэзээ ч битгий айж бай... Нэг л өдөр чамд үлдсэн ганцхан хүн нь хань чинь байх бий…” гэсэн байна. Сэржхорол Гантогтох нэртэй хэрэглэгч постынхоо коммент хэсэгт Шумахерын ослын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарлан бичсэн бөгөөд түүнийг 6 жилийн турш ухаангүй эмчлүүлсэн бус ослоос хойш 9 сарын дараа буюу 2014 оны 09 дугаар сард эмнэлгээс гарсан болон түүний тархины гэмтлийн нөхцөл байдлын тухай тайлбарласан сэтгэдэл оруулсан байна. Тус коммент нь Михаил Шумахерын Wikipedia хуудас дахь 2013 оны ослын тухай мэдээлэлтэй агуулгын хувьд ижил буюу монгол хэл рүү орчуулсан байх магадлалтай мэдээлэл байна.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

“Шумахер 6 жил ухаангүй хэвтсэн болон түүний гэр бүл, эхнэр нь дампуурсан” гэх мэдээлэл нь худал бөгөөд AFP, Lead Stories, PesaCheck, Ellinika Hoaxes, Poligrafo гэх мэт Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-ний баталгаажуулалттай баримт шалгах байгууллагууд худал гэдгийг нь тогтоосон. Тус мэдээлэл нь англи, португал, франц, итали, орос гэх мэт олон хэлээр тархан түгсэн байсан гэдгийг AFP мэдээлсэн.

2013 оны 12 дугаар сарын 29-нд Михаил Шумахер Альпийн нурууны Франц дахь хэсгийн хамгаалагдаагүй хэсэгт цанаар гулгаж байхдаа осолдон тархины гэмтэл авсан. Хэдийгээр тэрээр хамгаалалтын малгай өмссөн байсан ч чулуунд толгойгоо цохисноос хүнд гэмтэл авсан байна. Ослын дараа тэрээр Францын Греноблын эмнэлэгт хүргэгдэн хоёр хагалгаанд орсны дараа комд орсон байна. 2014 оны 06 дугаар сар хүртэл тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ гуравдугаар сарын сүүл болон дөрөвдүгээр сарын эхэнд ухаан орж эхэлсэн үеүд байсныг BBC мэдээлсэн байна. Тэрээр ослоос хойш зургаан сарын дараа буюу 2014 оны 06 дугаар сард бүрэн ухаан орж, Греноблын эмнэлгээс сэргээн засах эмчилгээгээ үргэлжлүүлэхээр Лозаннын их сургуулийн эмнэлэгт шилжиж, 2014 оны 09 дүгээр сар хүртэл эмчлүүлсний дараа гэртээ ирсэн гэдгийг түүний менежер Сабин Кем мэдэгдсэн байна. 2014 оны 11 сард Шумахерын найз Филиппэ Штрейфф (Philippe Streiff) түүнийг тархины гэмтэлээсээ шалтгаалан ой санамж, ярих чадварын асуудалтай болж, тэргэнцэр дээр суудаг болсон тухай мэдэгдсэн. 2018 оны 12 дугаар сард Шумахерыг Швейцарийн Гланд дахь гэртээ эмчлүүлж байгаа ба эхнэр Коринна болон гэр бүлийн хамт амьдарч байгааг Daily Mail мэдээлж байв.

2017 онд Forbes сэтгүүл Шумахер карьерынхаа туршид 1 тэрбум орчим ам.долларын хөрөнгө цуглуулсан ба бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой тамирчдын 5 дугаарт жагсаж байсан талаар мэдээлсэн. Мөн Швейцарийн Bilanz сэтгүүлийн мэдээлснээр түүний хөрөнгө 700-800 сая ам.доллар хүртэл байх боломжтой гэжээ. Харин 2016 оны 12 дугаар сард Их Британийн The Sun мэдээллийн вэб сайт 2014 оны 09 дугаар сард эмнэлгээс гарснаас хойш түүний эмчилгээний зардал 14 сая паунд болсон гэж мэдээлсэн. Мөн 2018 оны 12 дугаар сард Daily Mail түүний гэрийн эмчилгээний зардал 7 хоногийн 50 мянган паунд зарцуулдаг гээд ам.доллароор тооцвол жилд $3.6 сая орчим зардал гаргахаар байгааг дурдсан байна. Хэрвээ Шумахерын хөрөнгийг 700 сая ам.доллар гэж үзвэл дээрх зардлаар эмчилгээ хийлгэхэд 194 жил зарцуулах юм. Бидний шалгасан постод ашигласан Шумахерыг түүний эхнэр Коринна тэвэрсэн зураг нь ослоос хоёр жилийн өмнөх буюу 2011 оны 10 дугаар сард зурагчин Херберт Буккогийн (Herbert Bucco) авсан зураг гэдгийг AFP мэдэгдсэн.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst