Хеликобактерийг устгах шалгарсан арга гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Оливын тосонд дарсан инжрийг өглөө бүр өлөн дээрээ ууснаар хеликобактерийг устгана гэх агуулга бүхий мэдээллийн түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ficus carica буюу инжир жимснийг өвчин, эмгэгийн үед ашиглахад тустай эсэхийг туршсан судалгааны ажлууд олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлэгдсэн байдаг ч хеликобактери устгах нөлөөтэйг тогтоосон ямар нэг судалгааны ажил байхгүй байна.

2022 оны 09 дүгээр сарын 09-нд Reach Media нэртэй пэйжид “Би үүнийг идэж ходоодны шарх, хeлиko6aктepийг эмчилж чадсан! Миний жор ердөө л энэ” гэсэн тайлбартай, reach.mn домайн нэртэй сайтын мэдээллийн холбоосыг хавсаргасан пост оруулжээ. Уг постыг 10 дугаар сарын 24-ний байдлаар 209 реакц, 13 сэтгэгдлээр идэвхжүүлж, 978 удаа цааш түгээсэн байна. Харин сайтын мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад Facebook платформд 10 удаа дахин түгээж, нийт 13,447 хариу үйлдэл авсан байна. reach.mn домайн дээр байршсан мэдээнд: “Ходоодны шарх болон ходоодны үрэвслийн 80 хувь нь хеликобактериас үүдэлтэй байдаг аж. Энэ тохиолдолд нэн даруй эмчилгээ хийлгэхгүй бол хорт хавдар үүсэх гол шалтгаан болдог. Тэгвэл “хеликобоктери пилори”-г эмчлэх шалгарсан аргыг та бүхэнд танилцуулж байна. Оливын тосонд дарсан инжрийг өглөө бүр өлөн дээрээ ууна. Инжир жимс нь кальцийн агууламж өндөр. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүнээс харшилдаг хүмүүст нэн тохиромжтой. Мөн эслэг болон калиар баялаг бөгөөд хоргүй байдлаар жин хасахад тустай. Цусны даралтыг хэвийн хэмжээнд барихаас гадна зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлдэг. Инжир жимс нь бөөрний чулуу арилгадаг болох нь тогтоогдсон” гэсэн байна.

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

1. Инжир хеликобактери устгах, ходоодны шарх эмчлэх үйлчилгээтэй эсэх нь нотлогдоогүй

Ficus carica буюу инжир жимсийг өвчин, эмгэгийн үед ашиглахад тустай эсэхийг туршсан судалгааны ажлууд олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлэгдсэн байх хэдий ч хеликобактери устгах нөлөөтэйг тогтоосон ямар нэг судалгааны ажил байхгүй байна. Анагаах ухааны салбарт нэр хүнд бүхий Cochrane, The Lancet, АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний хүрээлэн зэрэг эх сурвалж дээр холбогдох илэрц байсангүй. Харин ходоодны шархны эсрэг инжир жимс биш инжрийн навчны концентратжуулсан охь ашиглан хийсэн туршилтуудын илэрц байна. Жишээлбэл, 2019 онд Саудын Араб улсын Абдулазиз их сургуулийн эрдэмтдийн хамтран хийсэн судалгааны ажлыг Олон улсын эм зүй болон ургамлын гаралтай эм судлалын сэтгүүлд нийтлүүлжээ. Тайланд “Инжирийн навчны концентратжуулсан охь нь ходоодны орчныг хамгаалж, үрэвслийг намдааж байсан. Дангаар хэрэглэх нь төдийлөн үр дүнтэй байгаагүй бөгөөд ходоодны хүчил багасгах эмтэй хавсарч хэрэглэснээр үр нөлөө нэмэгдсэн” гэсэн байна.

2. Оливын тос ходоодонд эерэг нөлөөтэй

2007 онд Олон улсын хөдөө аж ахуй, хүнсний химийн сэтгүүлд нийтлүүлсэн Испанийн эрдэмтдийн хамтарсан судалгааны ажлын үр дүнг тухайн үед CBS, Science direct зэрэг олон улсын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байсан байна. Тус судалгааны ажлын үр дүнд “Оливын тос нь фенолын нэгдлүүд гэх антиоксидантуудыг ихээр агуулсан хүнс бөгөөд ходоодны хүчиллэг орчинд олон цагийн турш тогтвортой байх чадвартай. Фенолын нэгдлүүд бактерийн эсрэг үйлчилгээтэй тул задрахгүй, тогтвортой байх нь чухал. Оливын тосонд буй фенолын нэгдлүүд зарим антибиотикт тэсвэртэй 3 төрлийн савханцрыг оруулаад нийт 8 төрлийн савханцрыг дарангуйлж байсан” болохыг дурджээ. АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн архивд Аргентины эрдэмтдийн 2020 онд боловсруулсан судалгааны тайланг байршуулжээ. Судалгааны ажилд “Оливын тосонд буй фенолын нэгдлүүд нь хеликобактерийн өсөлтийг дарангуйлж, ходоодны шархлааг эдгэх явцыг түргэсгэдэг” гэж дурдсан байна. Оливын тос биед ач тустай ч шууд ууж хэрэглэлгүй бусад хоолондоо орцоор хэрэглэсэн нь үр дүнтэй. Жишээлбэл, 2005 онд Ази, номхон далайн хүнс, шим тэжээл судлалын сэтгүүлд Австралийн эрдэмтдийн нийтлүүлсэн судалгааны ажилд “Оливын тосыг улаан лооль агуулсан хүнсэнд ашиглахад хүний бие улаан лоольд агуулагддаг ликопен ашигт нэгдлийг илүүтэйгээр шингээдэг” болохыг тогтоосон байна. Европын холбооны 2012 оны 05 дугаар сарын 16-ны Зарим хүнсний бүтээгдэхүүний хүнд үзүүлэх эерэг нөлөөг баталгаажуулсан баримт бичигт “Оливын тосны полифэнол нэгдлүүд нь хүнд ач тустай бөгөөд оливын тосыг хэрэглэх хэмжээ өдөрт 20 гр байвал зохино” гэсэн байна.Инжир жимс кальциар баялаг, сүүний харшилтай хүмүүс хэрэглэхэд зохимжтой гэх мэдээлэл үнэнХүрэн манжингийн шүүсийг сэргийлэх зорилгоор хэрэглэж болох ч нэгэнт бий болсон умайн хөндийн асуудлыг бүрэн эмчилж чадахгүй

Шалгаж буй баримтад дурдсан инжир жимсний ач тусыг баттай эсэхийг нягталлаа. Инжир жимс кальциар баялаг, сүүний харшилтай хүмүүс хэрэглэхэд зохимжтой гэх мэдээлэл үнэн байна. АНУ-ын эрдэмтдийн Инжир жимсний тухай судалгааны ажлыг Nature сэтгүүлд 1998 онд хэвлүүлж байжээ. Судалгааны ажилд “Инжир жимс нь 80 грамм тутамдаа 30 мг кальци агуулдаг бөгөөд бусад жимснээс дунджаар 3.2 дахин их кальцийн найрлагатай” гэсэн байна. БНСУ-ын Хүнс, шиж тэжээлийн нийгэмлэгийн 2020 онд хийсэн, 8,732 өндөр настныг хамруулсан судалгааны ажлын үр дүнд “Хүнсний нэмэлт кали болон кальци хэрэглэх нь яс сийрэгжилтээс хамгаалж байсан” гэж дурджээ. Туршилтын үр дүнд зөвлөсөн бүтээгдэхүүнүүд дунд инжир жимс багтсан байна. Инжир жимс нь бөөрний үйл ажиллагаанд сайн гэх тухайд 2019 Олон улсын судлаачдын чуулганаар хэлэлцсэн судалгааны ажлуудад багтсан Индонезийн эрдэмтдийн туршилтын тайланд “Индонез улсад ардын эмчилгээнд инжрийн навчийг бөөрний өвчний эмчилгээнд ашигладаг. Одоогоор үр нөлөөг бүрэн нотолсон шинжлэх ухааны ажлууд цөөн хийгдсэн” болохыг дурджээ. Пакистаны эрдэмтдийн 2017 оны судалгааны тайланг АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн архивд байршуулжээ. Цусны даралтыг бууруулахад инжир жимсийг ашигласан туршилтын үр дүнд “Инжир жимсний тогтмол хэрэглээ нь цусны даралт өндөр хүмүүсийн зүрхний өвчлөлийн эрсдэлийг бууруулж байсан” болохыг онцолсон байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document