Эрхүүд онц байдал зарласан гэх мэдээлэл бүрэн бус

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Эрхүү хотод онц байдал зарласан тухай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Эрхүү хотод зарлагдсан нь Онцгой байдлын горим (режим чрезвычайной ситуации) бөгөөд байгалийн болон хүний гараар бүтсэн гамшиг, онцгой байдлаас шалтгаалан ОХУ-ын орон нутагт онцгой байдлын горимыг зарлах тохиолдол нийтлэг байдаг.

2022 оны 10 дугаар сарын 23-нд Мөнхчулууны Зоригт фэйсбүүк хаягаар “Эрхүүд онц байдал зарлаж байх юм” гэсэн пост оруулсан. Тус пост нь 2022 оны 10 дугаар сарын 24-ны байдлаар 425 реакц, 85 коммент авч, 19 удаа цааш түгээгдээд байна. Мөн тэрээр тус постдоо Оросын мэдээллийн “Коммерсантъ” вэб сайтын “Эрхүү хотод Су-30 унасан газарт онц байдал зарлав” (В районе падения Су-30 в Иркутске введен режим ЧС) гэсэн гарчигтай мэдээг коммент хэсэгт постолсон байна.

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

1. ОХУ-д Онц байдал зарлах тухай хуулийн зохицуулалт

1994 онд батлагдсан “Хүн ам, нутаг дэвсгэрийг байгалийн болон хүний гараар бүтсэн онцгой байдлаас хамгаалах тухай” (О защите населения и территорий от чрезвычайных ситуаций природного и техногенного характера) хуулиар ОХУ-д онц байдлын дэглэм нь гурван ангилалд хуваагддаг. Үүнд, Өдөр тутмын дэглэм (повседневный режим), Өндөржүүлсэн бэлэн байдал (режим повышенной готовности), Онцгой байдлын горим (режим чрезвычайной ситуации) гэсэн 3 ангилал байдаг. Онцгой байдлын горим нь засаг дарга болон орон нутгийн удирдлагууд орон нутгийн түвшиндээ зарлах эрхтэй. Үүнд, зорчих эрхийг хязгаарлах, зохицуулах болон улсын нөөцийг ашиглах зэрэг эрх мэдэл хадгалагддаг. Харин энэ 3 дэглэмээс гадна ОХУ-ын Үндсэн хуулиар Онц байдал (режим чрезвычайного положения) зарлах эрх мэдэл зөвхөн ерөнхийлөгчид байдаг. Ерөнхийлөгчийн зарладаг Онц байдлын дэглэм нь улс даяар эсвэл тодорхой бүс нутгийг хамарсан байж болох ба Онцгой байдлын горимтой андуурагдах тохиолдол их байдгийг ТАСС агентлаг мэдээлжээ. Эрхүү хотод зарлагдсан нь Онцгой байдлын горим (режим чрезвычайной ситуации) бөгөөд байгалийн болон хүний гараар бүтсэн гамшиг, онцгой байдлаас шалтгаалан ОХУ-ын орон нутагт онцгой байдлын горимыг зарлах тохиолдол нийтлэг байдаг байна.

2. Эрхүү хотын нэгэн дүүрэгт онц байдал зарласан

10 дугаар сарын 23-нд Эрхүүгийн Онцгой байдлын яам Су-30 онгоц хувийн байшин дээр осолдсон тухай мэдээлсэн. Ослын шалтгааныг одоогийн байдлаар эцэслэн тогтоогоогүй бөгөөд 10 дугаар сарын 24-нд Оросын прокурорын (Следственный комитет Российской Федерации) мэдээлснээр туршилтын нислэгийн үед онгоцны техникийн доголдол, нисэгчийн буруугаас болж онгоц осолдсон байж болох таамаг дэвшүүлснийг ТАСС агентлаг мэдээлжээ. Ослын үед байшинд хүнгүй байсан ба онгоцны хоёр нисгэгч амь үрэгдэж, ойролцоох 150 айлын цахилгаан шугам сүлжээ тасарсан гэж мужийн захирагч Игорь Кобзев өөрийн Телеграм сувгаараа мэдээлжээ. Эрхүү хотын дарга Руслан Болотов ослоос үүссэн нөхцөл байдлыг зохицуулахаар хотын Ленинский дүүргийн нутаг дэвсгэрт Онцгой байдлын горим зарлан ажиллаж буй бөгөөд 150 айлын цахилгааны шугам сүлжээг сэргээн засварлан, ослын галыг унтраасан талаар 2022 оны 10 сарын 24-нд “Московский Комсомолец” мэдээлсэн байна. Одоогийн байдлаар Онцгой байдлын горимыг цуцалсан мэдээ байхгүй байна. Гэхдээ 10 дугаар сарын 23-ны орой Эрхүү хотын дарга Руслан Болотов “аюул байхгүй болсон” гэж өөрийн Телеграм хуудсаараа мэдэгдсэн. Мөн 10 дугаар сарын 24-нд Эрхүүгийн Онцгой байдлын яам ослын газар дахь ажлаа дуусгасан гэж мэдэгдсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document