Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 5 жил эрх хасаж, 30 хоног албадан хөдөлмөр хийлгэнэ гэх мэдээлэл #ХУДАЛ

2022 оны 10 дугаар сарын 24-нд Creative Mongolia фэйсбүүк хуудас “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол: Эрх 5 жил хасах, 10 саяар торгох, 30 хоног албадан хөдөлмөр хийлгэхээр болжээ! Таны санал?” гэх агуулгатай постер оруулсан. Тус пост нь мөн өдрийн байдлаар 1500 гаруй реакц, 229 коммент авч, 54 удаа цааш түгээгдээд байна.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол оногдуулах шийтгэлийн тухай мэдээлэл нь худал бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбогдсон хуулиудад дээрх зүйл, заалт байхгүй. Үүнд, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай хууль” зэрэгт дээрх хуулийн шийтгэлийн заалтууд байхгүй байна.

Харин тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 7 дугаар зүйлийн 3.1-т буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих хэсэгт зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” Энэ заалтын дагуу тухайн жолооч нэг жилийн хугацаагаар жолоо барих эрхээ хасуулж, 400 мянга төгрөгийн (1 нэгж = 1000 төгрөг) торгууль төлөх шаардлагатай болох юм. Түүнчлэн тус зүйлийн 6-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьсан тохиолдолд 7-30 хоног хүртэл баривчлах шийтгэл оногдуулахаар заасан. Мөн согтуугаар жолоо барьсан хүнийг 30 хоног албадан хөдөлмөр хийлгэх заалт дээрх хуулиудад байхгүй байхгүй байна.

10 дугаар сарын 24-нд Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхболдоос тодруулахад, “Тийм хуулийн заалт байхгүй. Зөрчлийн тухай хуулиар Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн тохиолдолд оноодог шийтгэл буюу 400 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг нэг жилийн хугацаатай хасах заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний зохицуулалт, Зөрчлийг шийдвэрлэх асуудлаар хуулийг чангатгах саналаа холбогдох газруудад өгөөд явж байгаа” гэв. Замын хөдөлгөөний тухай хууль зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7-д заасан хариуцлага хүлээж байна. Үүнийг УИХ-аар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үед л өөрчлөх боломжтой. УИХ-ын 2022 оны Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Замын хөдөлгөөний тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай агуулга ороогүй байна. УИХ-ын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг тогтоох журам”-ыг зааж өгсөн бөгөөд 10.2-д “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл болон батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан хууль, тогтоолын төслийг оруулна. Хэрэв нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж болно” гэж заасныг үндэслэн Замын хөдөлгөөний тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой байна. Тиймээс дээрх хуулийн процесс өрнөөгүй, энэ талаар мэдээлэл гараагүй байхад замын хөдөлгөөнд оролцох үед гаргасан зөрчлийг дур мэдэн өөрчлөх боломжгүй юм.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst