Украины 34 харуулыг хутгаар хөнөөж, олзлогдсон Оросын 100 цэргийг аварсан Тува дайчин гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Украины дайнд 34 цэргийг хөнөөж, 100 Орос цэргийг аварсан Тува цэргийн тухай мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хэдийгээр Мерген Донгак гэх Тува цэрэг байлдааны гавьяагаа шагнуулсан ч түүний хөнөөсөн болон аварсан хүнийг тоог дэгсдүүлжээ.

2022 оны 10 дугаар сарын 16-нд Нэргүй Дашзэвэг гэх фэйсбүүк хаягаар “Нүд баясам зураг, сэтгэл сэргэм түүх” группт “Тува нутгийн зоригт дайчин” гэх гарчигтай пост оруулжээ. Тус постод Украин дахь дайнд байлдсан гэх Тува цэрэг Мерген Донгакыг ОХУ-ын баатар цолоор шагнасан тухай мэдээллэжээ. Үүнд, тайлбарласнаар тэрээр Украины үндсэрхэг үзэлт 34 харуулыг хутгаар хөнөөгөөд, олзлогдсон Оросын цэргийн албан хаагчид болох: 60 орчим Чечень, 40 гаран өөр үндэстэн дайчдыг чөлөөлж чаджээ.” гэжээ. Мөн тус постод дээрээ ‘iz’ гэсэн логотой зурагт Оросын цэргийн ёслолын хувцас өмссөн, ёсолж буй Ази царайтай хүний зургийг ашиглажээ. Тус пост нь 2022 оны 10 дугаар сарын 21-ны байдлаар 1400 гаруй реакц, 197 коммент авч, 196 удаа цааш түгээгдээд байна. Бид үүнийг нийтэд нээлттэй тавигдсан мэдээллийн дагуу шалгахад, эх сурвалж дахь мэдээллийг гуйвуулсан, дэгсдүүлсэн агуулгатай байгаа нь олон нийтийг төөрөгдүүлэхээр байна.

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

1. Зургаар хайж, мэдээллийн бодит байдлыг нягтлах

Бид тус мэдээллийн дагуу Мерген Донгакын мэдээлэл болон постод ашигласан зургийг Yandex хайлтын систем дэх Reverse image search функцээр хайж үзэхэд түүний Оросын баатар цолоор шагнуулсан тухай мэдээллүүд гарч байсан. Тодруулбал, үүнд Оросын Батлан хамгаалах яам болон Известия, Лента зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд ахлах түрүүч Мерген Донгакыг Оросын баатар цолоор шагнагдсан гэдгийг 2022 оны 07 дугаар сарын 23-нд мэдээлсэн байна. Бидний шалгаж буй постод ашигласан зураг нь Известиягийн 07 дугаар сарын 23-ны “Герой России Донгак вернулся в родную Тыву” (Оросын баатар Донгак төрөлх Тувадаа буцаж ирэв) гэх гарчигтай мэдээнд ашигласан зурагтай таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ зураг нь түүнийг Бүгд Найрамдах Тува улсын нийслэл Кызылд нисэх онгоцноос буусны дараа авсан зураг гэдгийг Известиягийн мэдээллээс харж болохоор байна. Харин түүнийг ганцаараа 34 хүнийг хутгаар хөнөөж, ОХУ-ын 100 гаруй цэргийг олзноос чөлөөлсөн гэх мэдээлэл байхгүй байна.

2. Тува цэргийн удирдсан багийн тухай мэдээлэл

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр Мерген Донгакын удирдсан бүлэг цэрэг Украины 25 орчим цэргийг алж, 2 танк, 4 ачааны тээврийг устгасан ба өөр тохиолдлуудад түүний удирдсан цэргүүд 10 гаруй цэргийг алж, Украины талын зэвсэг, сумны нөөцийг устгах болон 20 орчим цэргийн байршлын мэдээллийг бригадын удирдлагад мэдээлсэн байна. Тус мэдээлэлд Донгак Украины цэргүүдийг хутгаар алсан болон олзлогсдыг аварсан талаарх мэдээлэл байхгүй. Харин 2022 оны 06 дугаар сарын 14-нд Оросын талыг баримталсан Украины дайны талаарх мэдээллийг хүргэдэг “Za нами правда” Телеграм сувагт түүнийг байлдааны үеэр шархдсан салааны захирагчаа байлдааны галаас хамгаалж, салаагаа удирдан Украины дайралтыг зогсоосон гэж мэдээлсэн байна. Түүний байлдааны гавьяаг үнэлэн 2022 оны 06 дугаар сарын 09-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путин түүнийг Оросын баатар цолоор шагнасан гэж Төрийн думын дэд дарга Шолбан Кара-оол мэдээлсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document