Нийслэлд байгаа ажлын байруудад яг одоо бүртгүүлээрэй гэх мэдээлэл #ХУДАЛ

2022 оны 10 дугаар сарын 17-нд “Jobs now” нэртэй пэйжид “Нийслэлд байгаа урамшуулалтай цалин, даатгалтай ажлын байрууд яг одоо бүртгүүлээрэй” гэх тайлбартай, Мэргэжлийн хяналтын газрын лого болон “Сул орон тооны зар” гэсэн бичигтэй зургийн хамт оруулсан нь 10 дугаар сарын 20-ны байдлаар 442 реакц, 188 сэтгэгдэл авч, 102 удаа цааш түгээгээд байна.

#FactCheckedByMFCC

🔍Анхан шатны баримт шалгалтаар хуурамч болохыг мэдэж болох энэ төрлийн постод итгэхгүй, хэрсүү байж, хувийн мэдээллээ бүү өгөөрэй

Уг постыг оруулсан Jobs now гэх хаягийг дарж ороход 09 дүгээр сарын 20-нд араб хэлээр ستايلست_فاشون буюу Google translate-ээр орчуулж харахад “стилист_загвар” гэх утгатай нэрлэсэн байсныг 10 дугаар сарын 16-нд Jobs now болгон өөрчилсөн пэйж байна. Пэйжийн түүхийг үзэхэд 10 дугаар сарын 16-нд “Яг одоо боломжоо ашиглаад асар их санхүүгийн комисстой олон боломжийг санал болго” гэсэн тайлбартай, ам.долларын дэвсгэртийн зураг оруулснаар өөр мэдээлэл байхгүй байна. Пэйжийг Индонез, Энэтхэгээс тус бүр нэг, Египетээс 6 хаяг удирддаг гэж бүртгүүлжээ. Тэгэхээр ийм бүртгэлтэй хаягаар Монгол Улсын нийслэл, Улаанбаатар хотод ажлын байр бүртгэх боломжтой эсэхийг өөрөөсөө асуугаад үзээрэй.

Эргэлзэж буй мэдээлэл чинь зурагтай байвал түүнийг нь Google-д хайж үзэхэд өмнө нь ашигласан тохиолдлууд гардаг. Хэрэв та компьютерээс хандаж байгаа бол маусын баруун товчийг дарж, Image search with Google Lens цэсээр орж хайж болно. Харин гар утсаар орж байгаа бол зургийг скрийншот хийж аваад Google Lens апп-д оруулж хараарай. Шалгаж буй мэдээллийн зургийг 2020 оны 05 дугаар сарын 15-нд Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан ёсны вэбсайтад “Сул орон тооны зар” гарчигтай, Ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн сул орон тоо гарсан талаарх мэдээлэлд оруулж байсан байна.

Шалгаж буй постын дор “Apply now” буюу “Одоо бүртгүүл” гэсэн бичигтэй дарж ороход линк рүү үсэрдэг цэс нэмсэн байна. Уг линкээр ороход хамгаалалтгүй сайтад нэвтэрч таны мэдээллийг автоматаар хуулж авах магадлалтайг Facebook-ийн Тусламжийн хэсэгт анхааруулсан байдаг. Мөн сэтгэгдэл хэсэгт ажилтан авахыг хүссэн болон ажил хайж байгаа хүмүүс утасны дугаар, хаяг зэрэг хувийн мэдээллээ оруулсан байна. Энэ мэдээлэл нь банкны данс, хувийн хаяг зэрэгт ашигладаг бол алдах эрсдэл үүсгэж байгаа юм.

Хуучнаар Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь одоогоор Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон шинэчлэн зохион байгуулагдаж байна. Тус байгууллагын албан ёсны пэйж болон вэбсайт дахь Ажлын зар цэсэнд ажлын байрны заруудыг оруулдаг байна. Нийслэлээс гадна 9 дүүрэгт тус бүр Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс ажлын зар явуулахаас гадна хувийн хөдөлмөрийн биржүүд ажилладаг. Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яамны вэбсайтад 2022 оны 03 дугаар сарын 7-нд шинэчилсэн “Хувийн хөдөлмөрийн биржийн жагсаалт 2021” баримт бичигт нийт 70 биржийн мэдээлэл байна.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst