Владимир Путины дэлхий дахинд илгээсэн захидал гэх мэдээлэл #ХУДАЛ

2022 оны 10 дугаар сарын 09-нд Dashpurev Ojunchimeg “Нигүүлсэл бол ҮНЭН! Владимир Путины дэлхий дахинд илгээсэн захидал” гарчигтай пост оруулсан. Тус постдоо Владимир Путин Украины дайнтай холбогдуулан Украин болон Барууны орнуудыг буруутган, Оросын үйлдлүүдийг зөвтгөсөн мэдээллүүд оруулжээ. Тус мэдээллийн агуулгад “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин би танай дипломатууд, удирдагчид, сэтгүүлчдийг тойрон шууд тантай уулзахаар шийдлээ. Орос улсад худал хэлэх, хууран мэхлэх, хэтрүүлэхийг хориглодог "амнаас ам дамждаг" зүйл байдаг. Тиймээс миний үг үнэн гэдэгт хүн бүрт итгүүлэхийн тулд би маш шударга ярих болно. Орос бол том, баян улс. Үүний хамгийн чухал үнэ цэнэ нь 146 сая гаруй хүн үнэнийг нэгдүгээрт тавьдаг газар нутагт амьдарч байгаа явдал юм. Бидэнд шинэ газар хэрэггүй, бидэнд байгаа эрчим хүч болон бусад бүх нөөц баялаг. Аугаа их Татар, аугаа Монголчуудын үеэс Хойд Евразийн ард түмэн Америк, Африк, Энэтхэг, Хятадын загалмайтны аян дайн, колоничлолоор хөгжөөгүй, харин хичээл зүтгэл, энх тайвнаар хөгжсөн” гэж тайлбарласан байна. 2022 оны 10 дугаар сарын 17-ны байдлаар тус пост нь 1800 гаруй реакц, 621 коммент авч, 1100 гаруй удаа цааш түгээгдээд байна.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ийм захиаг бичин олон нийтэд хүргээгүй юм. Түүнчлэн энэ захианд хаана, хэзээ бичиж нийтлэснийг тодорхой дурдаагүй ба ийм агуулгатай захиа эсвэл мэдэгдэл гаргасан баримт Кремлиний мэдээллийн сувгуудад байхгүй байна. Үүнд, Кремлиний албан ёсны вэб сайт болон Телеграм, Твиттер, Youtube сувгуудад Путины бичсэн захидлын талаарх мэдээлэл байхгүй байна.

Цаашлаад энэ мэдээллийг Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-ний баталгаажуулалттай Faktograf, Raskrinkavanje, Newstral, Vistinomer, Taiwan FactCheck Center зэрэг баримт шалгах байгууллага худал гэдгийг нь тогтоосон. Тухайлбал, Хойд Македоны баримт шалгах байгууллага Вистиномерийн (Vistinomer) мэдээлснээр “Оросууд Украин руу довтолж эхэлснээс хойш Путины захиа гэх мэдээллийн гучин өгүүлбэрийн нэгийг ч Путин хэлээгүй. Бидний баримт шалгалтаар бүх өгүүлбэр нь зохиомол, хуурамч болох нь батлагдсан” гэжээ. Путины захиа гэх мэдээлэл анх 04 дугаар сарын эхэн үед интернетэд тархаж эхлэсэн байх боломжтой байгаа ба зүүн Европын орнууд болон испани, хятад хэл дээр тус мэдээлэл тархсан нь дээр дурдсан байгууллагуудын баримт шалгалтаар тогтоодсон байна. Тодруулбал, Босни ба Херцеговина улсын баримт шалгах байгууллага Raskrinkavanje-н мэдээллэснээр Путины захиа гэх мэдээлэл нь хамгийн эртдээ 2022 оны 04 дугаар сарын 09-нд Оросын сошиал медиа платформ VK-д постлогдсон байсныг дурдсан байна. Мөн ижил агуулгатай мэдээлэл олон улсын хэвлэлүүдэд байхгүй байгааг Taiwan FactCheck Center мэдэгджээ.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst