IKEA 360 хүнд 10,000₮ өгнө гэх мэдээлэл #ХУДАЛ

2022 оны 10 дугаар сарын 14-нд “𝐈𝐊𝐄𝐀 𝐌𝐨𝐧𝐠𝐨𝐥𝐝” нэртэй пэйжид “Өнөөдөр IKEA багийнхан [555]-аас өөр дугаарыг мэдсэн эхний 360 хүнд ₮10,000 ваучер тараав. 10-р сарын 17-ны 18 цагаас өмнө!!” гэсэн тайлбартай зураг оруулсныг 10 дугаар сарын 18-ны байдлаар 122 реакц, 1.5 мянган сэтгэгдэл өгч, 1.6 мянган удаа цааш түгээжээ. Уг постны сэтгэгдэл хэсэгт “Энэ бичлэгийг 17 өөр фэйсбүүк групп дээр хуваалцаж, миний мессежийг илгээж шагналаа дуусгахаас өмнө аваарай. Ялах сүүлчийн алхам бол нэрээ бүртгүүлэх явдал юм. Энд бүртгүүлнэ үү… Хэрэв та холбоос дээрх бүх алхмуудыг зөв дагаж мөрдвөл нэр автоматаар хадгалагдах болно. Шагналыг амжилттай бүртгүүлснээс хойш хэдхэн минутын дотор шууд илгээнэ. тэмцээн дуусахаас өмнө одоо хий” гэжээ.

#FactCheckedByMFCC

🔍Дараах байдлаар анхан шатны баримт шалгалтаар хуурамч хаягийг таньж сураарай. Мөн хувийн мэдээллээ өгч, залилах гэмт хэргийн золиос болохоос сэргийлээрэй.

Урамшуулал амласан, азтан болохыг уриалсан, үнэгүй бэлэг тараах талаар мэдээлэл оруулсан хаягуудыг “Page transparency” буюу пэйжийн мэдээллийг ил тод харуулах зорилготой цэсийг дарж хардаг байгаарай. Шалгаж буй мэдээллийг оруулсан “𝐈𝐊𝐄𝐀 𝐌𝐨𝐧𝐠𝐨𝐥𝐝” нэртэй пэйжийг 2022 оны 10 дугаар сарын 14-нд нээсэн, 79 дагагчтай болсон байна. “IKEA Mongold” гэсэн нэрийг Facebook-ийн хайлт хэсэгт оруулахад 2015 оны 09 дүгээр сарын 18-нд нээгдсэн, Монголоос 3 админ удирддаг, 195 мянган дагагчтай пэйж гарч ирсэн нь хамгийн удаан үйл ажиллагаагаа явуулж буй, албан ёсны хаяг байна. Мөн IKEA брэндийн бараа бүтээгдэхүүн оруулж ирж худалдаалдаг, захиалга авдаг пэйжүүд байна. Эдгээр нь танилцуулга, мэдээллээ ил тод бичиж, хаяг байршил, холбоо барих утасны дугаараа оруулсан байна. Дээрх албан ёсны хаягт тоон дундаас өөр тоог олоход 10,000 төгрөг өгнө гэх урамшууллын тухай мэдээлэл байхгүй байна.

Шалгаж буй постод шагнал авахын тулд 17 группэд шэйрлэх, мөн бүртгэл хийлгэж үүнийгээ баталгаажуулах тухай заасан байна. Хамгаалалтгүй холбоосоор орж, хувийн мэдээллээ бүртгүүлнээр таны нэр, хаягийг ашиглан банкны дансанд чинь нэвтрэх, таны нэрийн өмнөөс бусдаас мөнгө залилах гэх мэт гэмт хэргийн золиос болгох боломжтой болох юм. Мөн тухайн мэдээлэлп сэтгэгдэл бичиж идэвхжүүлэх, линкийг хуулах зэргээр үйлдэл хийлгэх замаар таны хаяг руу нэвтрэх боломжтойг Facebook-ээс анхааруулсан. Ийм тохиолдолд тухайн луйврын шинжтэй мэдээллийг мэдэгдэх аргыг зааж өгсөн байдаг. /эх сурвалж хэсгээс харна уу/ Тэгэхээр та баталгаагүй мэдээлэлд автаж, азтан болохыг хүсэн шэйр хийж, сэтгэгдэл хэсэгт тоо, тэмдэгт оруулсан бол цахим луйварт өртөх магадлалтай гэсэн үг.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst