НӨАТ-ын сугалаагаар 5 саяыг хожоод 5 хүнд 100 мянган төгрөг өгнө гэх мэдээлэл эвлүүлэг

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

НӨАТ-ын сугалаагаар 5 сая төгрөг хожлоо, 5 хүнд 100 мянган төгрөг бэлэглэнэ гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй мэдээлэлд ашигласан зураг нь эвлүүлсэн зураг байна.

2022 оны 10 дугаар сарын 12-нд “Жаргалын ээж” нэртэй хэрэглэгчийн хаягаас “Ээжүүд” группэд “Админ нь НӨАТ сугалаанаас 5 сая төгрөг хожлоо. Бүр итгэж өгдөггүй ээ. Тэгээд баяраа 5 бүсгүйтэйгээ хуваалцах гээд ВОО shop-т лайк дараад 5 группт шэйр хийсэн 5 сайхандаа 100к бэлэглэе” гэсэн тайлбартай ebarimt аппликейшны азтан болсон тухай мэдээлэл бүхий зургийг хавсаргасан пост оруулсан нь 10 дугаар сарын 14-ны байдлаар 133 реакц, 127 сэтгэгдэл авч, 239 удаа цааш хуваалцжээ.

Мөн 10 дугаар сарын 12-нд “Сайхан ээж” нэртэй хэрэглэгчийн хаягаар “НӨАТ сугалаанаас анх удаагаа азтан боллоо бүр супер дүпер азтан боллоо ёондоо юм аа. 30 сая төгрөгийн азтан болсондоо маш их баярлаад 10 хүнд 200к шууд шилжүүлье. ВОО shop лайк дараад ВВе shop лайк дараарай. share хийвэл азтан болох магадлал маш өндөр шүү“ гэх мэдээлэл оруулсан байна. Эдгээр групп нь худалдааны зорилготой, тус бүр 5.2 болон 1.3 мянган дагагч цуглуулсан байна. Хуурамч мэдээллээр хандалт цуглуулах зорилгоор олон нийтийг төөрөгдүүлсэн энэхүү үйлдэл нь залилангийн гэмт хэрэг хийх зорилгоор хувийн мэдээллийг авахыг санаархах шинж агуулаагүй ч MFCC-ийн “Баримт шалгах үйл ажиллагааны зарчим”-ын дагуу шалгаж, бодит мэдээлэл өгөх шаардлагатай ангилалд орж байгаа юм.

1. Зурагт засвар оруулсан

НӨАТ-ын сугалаа дахин зохион байгуулсантай холбоотойгоор азтан болсон иргэд өөрийн ebarimt апп дахь мэдээллийн зургаа цахим орчинд оруулсан байна. Тэдгээр зургийг шалгаж буй постын зурагтай харьцуулж үзэхэд нарийвчилсан түүл хэрэглэх шаардлагагүйгээр энгийн нүдээр ажиглаж болох алдаа гаргасан байна. Тухайлбал, азтан болсон хонжворын мөнгөн дүнгийн ард цацраг хэлбэрийн бүдэг дүрс байна. Харин шалгаж буй зурагт өмнөх тоог арилгахдаа фонтой ижил хөх өнгөөр будаж дарахдаа цацрагийг тасалсан байна. Ингээд дээр нь 5,000,000₮ гэсэн тоо оруулжээ. Нөгөө зурагт нь цацраг хийсэн бүдэг өнгөөр өмнөх тоог дарж, 30,000,000₮ гэсэн тоог оруулжээ. /зургаас харна уу/

2. Татварын Ерөнхий газраас тодруулахад:

10 дугаар сарын 14-нд Татварын Ерөнхий Газрын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “НӨАТ-ын сугалааны тохирлоор хэн гэж хүн азтан болоод, тэдгээр нь хувийн хаягаараа ямар мэдээлэл оруулсныг нь нягтлах, олон нийтэд мэдээлэх эрх бидэнд байхгүй. Тийм учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Мөн “энэ удаагийн тохирлоор 8 орон таарч, супер азтан болсон хүн баримтаа хамгийн бага ангилалд орох тоогоор бүртгүүлсэн байсан тул 30 сая төгрөг бус, 10 сая төгрөг хожих болсон” гэдгийг мэдэгдсэн юм. 2022 оны 10 дугаар сарын 12-нд Монголын Татварын Албаны албан ёсны сайтад “Сугалааны тохирлын мэдээ” оруулсан байна. Уг мэдээнд: Энэ удаагийн тохиролд 2022 оны 9 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 36,738,824 баримт хамрагдсанаас: 8 орон таарсан 1 7 орон таарсан 2 6 орон таарсан 40 5 орон таарсан 320 4 орон таарсан 3267 3 орон таарсан 32869 баримт тохиролд таарч азтан боллоо” гэжээ. Эдгээр нь хэдэн баримт бүртгүүлснээс хамаарч хонжворын хэмжээ өөр өөр байх юм.

Нэмэлт мэдээлэл:

Сангийн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 9-ний өдрийн А/185 дугаар тушаалын хавсралтаар “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ыг баталсан. Уг журмын Гуравт “Сугалааны тохирол явуулах зарчим”-ыг тодорхойлж өгсөн. Тохирлын талаар: “3.6.1.энэ журмын 3.5-д заасны дагуу сугалааны тохирол тодруулах найман /8/ бөмбөлгийн цифр нь сугалааны дугаарын цифртэй дараах байдлаар тохирч байвал сугалааны тохирлоор урамшуулал олгоно: 3.6.1.1.сугалааны дугаарын найман цифр нь энэ журмын 3.5-д зааснаар тодруулсан найман цифртэй дараалал болон утгаараа тохирч байвал нэгдүгээр /1 дүгээр/ зэргийн урамшуулал буюу супер шагналыг; 3.6.1.2.сугалааны дугаарын сүүлийн долоон цифр нь энэ журмын 3.5-д зааснаар тодруулсан сүүлийн долоон цифртэй дараалал болон утгаараа таарч байвал хоёрдугаар /2 дугаар/ зэргийн урамшууллыг; 3.6.1.3.сугалааны дугаарын сүүлийн зургаан цифр нь энэ журмын 3.5-д зааснаар тодруулсан сүүлийн зургаан цифртэй дараалал болон утгаараа таарч байвал гуравдугаар /3 дугаар/ зэргийн урамшууллыг; 3.6.1.4.сугалааны дугаарын сүүлийн таван цифр нь энэ журмын 3.5-д зааснаар тодруулсан сүүлийн таван цифртэй дараалал болон утгаараа таарч байвал дөрөвдүгээр /4 дүгээр/ зэргийн урамшууллыг; 3.6.1.5.сугалааны дугаарын сүүлийн дөрвөн цифр нь энэ журмын 3.5-д зааснаар тодруулсан сүүлийн дөрвөн цифртэй дараалал болон утгаараа таарч байвал тавдугаар /5 дугаар/ зэргийн урамшууллыг; 3.6.1.6.сугалааны дугаарын сүүлийн гурван цифр нь энэ журмын 3.5-д зааснаар тодруулсан сүүлийн гурван цифртэй дараалал болон утгаараа таарч байвал зургаадугаар /6 дугаар/ зэргийн урамшууллыг” гэж заасан байна. Мөн сугалааны ангилалын талаар: “3.6.2.азтаны энэ журмын 4.1.4-т заасны дагуу сугалааны хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд бүртгэсэн энэ журмын 4.2, 3.11-т заасан шаардлагыг хангасан төлбөрийн баримтын тооноос хамаарч дараах байдлаар сугалааны тохирлын ангиллыг тодорхойлж урамшууллыг олгоно: 3.6.2.1.төлбөрийн баримтын тоо нь нэг /1/-ээс арав /10/ хооронд байвал сугалааны тохирлын 3 дугаар ангилал; 3.6.2.2.төлбөрийн баримтын тоо нь арван нэг /11/-ээс тавь /50/ хооронд байвал сугалааны тохирлын 2 дугаар ангилал; 3.6.2.3.төлбөрийн баримтын тоо нь тавин нэг /51/ буюу түүнээс дээш байвал сугалааны тохирлын 1 дүгээр ангилал”-ын урамшуулал олгоно гэж заасан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document