Электрон тамхи утаат тамхинаас ч илүү химийн хор агуулдаг гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

2022 оны 10 дугаар сарын 3-нд TV6 Mongolia нэртэй пэйжид “ЭЛЕКТРОН ТАМХИ УРГАМЛЫН ГАРАЛТАЙ УТААТ ТАМХИНААС Ч ИЛҮҮ ХИМИЙН ХОР АГУУЛДАГ” гэх тайлбартай, телевизийн студид бэлтгэсэн мэдээллийн хөтөлбөрийн хэсгээс оруулсан нь 10 дугаар сарын 12-ны байдлаар 6,930 реакц, 2,030 сэтгэгдэл авч, 22,080 удаа цааш түгээсэн байна. Уг мэдээнд “ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникт амьсгалын замын цочмог үрэвсэл, уушги нь устсан, сүрьеэ туссан хүүхэд залуус ихээр ирэх болжээ. Тэдний өвчлөх болсон гол шалтгаан нь электрон тамхи” гэсэн ба “Химийн аргаар утаа гаргаж байгаа электрон тамхи нь ургамлын гаралтай утаат тамхинаас хэд дахин илүү хортойг эмч мэргэжилтнүүд сануулж байна” гэжээ. Мөн электрон тамхины үүсэл, нэршил, судлагдсан байдал зэргийг дурдаад, “ДЭМБ-ын тайлангаас үзэхэд цахилгаан тамхийг хоргүй гэж үзэж болохгүй төдийгүй, эмч нар тамхинаас гарах гэж байгаа хүмүүст зөвлөж болохгүй гэж сануулдаг байна. Учир нь электрон тамхины шингэний найрлагад глицерин, гликол, үнэр оруулагч зэрэг химийн бодисууд багтдаг байна… Их хэмжээний үнэртүүлэгчтэй холилдсоноор таатай амт, үнэр үүсгэдэг боловч уушги устах, цоорох, амьсгалын замын цочмог дутагдалд оруулж, улмаар амь нас эрсдэх аюултай ” гэжээ. Мөн мэдээнд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн яаралтай тусламжийн их эмч Б.Батмөнх гэх танилцуулгатай эмчийн яриаг оруулжээ. Уг ярианд “Vape-ийн нөлөөнд хатгаа үүсчихсэн, тэгэхэд 2-3 жилийн өмнө энэ онош байгаагүй. Тэгэхээр ямар хор уршигтай нь тодорхой” гэж хэлсэн хэсгийг таслан оруулсан байна. Сурвалжлагч “Сүүлийн асуулт. Уушгины өвчлөл, сүрьеэ энэ бүгдээс хамгаалахын тулд иргэд, хүүхэд залуус юун дээр анхаарах ёстой вэ. Электрон тамхийг огт татахгүй байх нь сэргийлэх хамгийн нэгдүгээр арга биз дээ тээ, ер нь” гэсэн асуултад “Тэгэлгүй яах вэ, тэр тамхийг огт хэрэглэхгүй байх нь өөрийн эрүүл мэндээ хамгаалах хамгийн нэгдүгээр тулгамдсан асуудал” гэжээ.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар шалгалт хийлээ.

АНУ-ын Өвчнөөс урьдчилсан сэргийлэх, хяналтын төв байгууллагын вэбсайтад тайлбарласнаар: “Электрон тамхи нь янз бүрийн хэлбэр, хэмжээтэй. Цэнэг хураагуур, халаагуур, шингэн хадгалах сав бүхий бүтэцтэй. Тамхины нийтлэг орц болох никотин агуулсан шингэнийг халааж хийн төлөвт дэгдээсэн аэрозолийг хэрэглэгч сорж хэрэглэнэ. Эргэн тойрны хүмүүс ч гэсэн дам байдлаар аэрозолийг амьсгалж байдаг. Электрон янжуур тамхи нь нэг удаагийн, цэнэглэж болдог, шингэнээ сольдог зэрэг төрлүүдтэй. Зөвхөн никотин биш бусад төрлийн мансууруулах бодисыг ч ууршуулан хэрэглэх боломжтой. Электрон тамхины аэрозол нь никотин, уушгинд очих бичил бөөмс, амт оруулагч, ууршимтгай органик нэгдлүүд, хавдар үүсгэгч бодис болон никель, цагаан тугалга, хар тугалга зэргийг агуулдаг. Одоогоор аэрозолд байгаа нэгдлүүдийг бүрэн тогтоогоогүй. Никотингүй гэж сурталчилж байсан электрон тамхинаас ч никотин илэрч байсан” гэжээ.

2022 оны 10 дугаар сарын 13-нд ХӨСҮТ-ийн хэвлэлийн төлөөлөгч М.Ариунмаралтай холбогдож шалгаж буй мэдээллийн талаар тодрууллаа. Тэрээр бидэнд: “ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникт янз бүрийн нөхцөл байдалтай олон өвчтөн үйлчлүүлдэг. Одоогоор тэднийг электрон тамхинаас болж өвдсөн эсэхийг тогтоосон зүйл байхгүй. Мэдээллийг нийтэлсэн редакцын сонгон авч ашигласан хэсэг, дүрс нь үзэгчдийг төөрөгдүүлэхүйц байсан. Тухайн ярилцлагыг өгсөн эмч дараа нь тайлбар хийж өөр хэвлэл мэдээллийн байгууллагад дэлгэрэнгүй хариулт өгч, агуулгыг залруулсан. Электрон тамхинаас шууд шалтгаалж уушги нь устсан нь тодорхой болсон өвчтөн одоогоор байхгүй, худал мэдээлэл тараасан байсан тул манай байгууллагаас ч тэдний редакцтай холбогдож сануулсан” гэх хариултыг өгсөн болно.

ДЭМБ-ын 2022 оны 05 дугаар сарын 25-ны электрон тамхитай холбоотой тодруулгад: “Тамхины навч ашигласан бүтээгдэхүүнүүд болон электрон тамхи ХОЁУЛАА ХҮНИЙ БИЕД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ. Бүтээгдэхүүний онцлог, хэрэглэгчийн хэвшил зэрэг хүчин зүйлээс хамаараад хүний биед учруулах хор хохирол янз бүр байна. Тухайн тамхийг хэрхэн үйлдвэрлэсэн, хэн, хэрхэн хэрэглэдэг, хэр давтамжтай хэрэглэдэг зэрэг ч бас нөлөөлдөг. Зөвхөн найрлага дахь химийн бодисын тоогоор нь электрон тамхийг шууд хор бага гэж дүгнэхэд учир дутагдалтай. Электрон тамхи болон утаат тамхийг хослуулан хэрэглэх тохиолдол ч нийтлэг тул анх электрон тамхи хэрэглэж буй хүүхэд, залуус цаашид утаат тамхи хэрэглэх зуршилтай болох магадлалтай гэдгийг ойлгож аль, алинаас нь зайлсхийх нь зүйтэй” гэсэн байна. АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төв байгууллагын вэбсайтад “Электрон тамхи нь утаат тамхинаас хор, хөнөөл багатай юу гэвэл тийм. Гэхдээ л хүний биед сөрөг нөлөөтэй. Электрон тамхины аэрозол нь янжуур тамхины утаанаас харьцангуй бага химийн бодис агуулдаг. Янжуур тамхины утаанд дунджаар 7000 гаруй бодис агуулагддаг. Электрон тамхины аэрозол ч мөн ялгаагүй хүний биед сөрөг нөлөө бүхий бодис агуулдаг гэдгийг ойлгох шаардлагатай” болохыг дурджээ. 2021 оны 10 дугаар сарын 07-нд Bloomberg агентлаг өөрсдийн вэбсайт дахь мэдээнд АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн электрон тамхитай холбоотой судалгааны тайлангаас эш татсан байна. Тайланд “Электрон тамхины аэрозолд 2000 гаруй химийн бодис байгаа” гэсэн байна. Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны вэбсайтад байршуулсан электрон тамхитай холбоотой мэдээлэлд: “Электрон тамхи ямар ч эрсдэлгүй бүтээгдэхүүн гэж хэлэх боломжгүй ч утаат тамхийг бодвол хоруу чанар нь харьцангуй бага. Утаат тамхи шаталтын үр дүнд бохины тортог болон нүүрстөрөгчийн дутуу исэл ялгаруулдаг, эдгээр нь хүний биед маш сөрөг нөлөөтэй. Мэдээж электрон тамхины аэрозол ч мөн адил аюултай химийн бодис агуулдаг, гэхдээ утаат тамхитай харьцуулбал бага түвшинд. Аль, аль төрлийн тамхинд агуулж буй никотин нь донтуулах шинж чанартай бодис. Гэхдээ тамхинд агуулагддаг бусад бодистой харьцуулбал тийм ч аюултай биш. Тамхинд никотиноос илүү хортой маш олон бодис ордог, тэр тусмаа утаат тамхинд илүү их хэмжээгээр агуулагдана. Утаат тамхины утаа эргэн тойрныхоо хүмүүсийг дам тамхидалтын өртөгч болгож байдаг бол электрон тамхины эргэн тойрондоо нөлөөлөх байдал мэдэгдэхүйц бага” гэсэн байна. 2022 оны 01 сарын 05-нд АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институтийн вэбсайтад нийтэлсэн мэдээнд: “АНУ-ын Хүнс ба эмийн агентлагийн Тамхины зохицуулалтын төв болон Мансууруулах бодистой тэмцэх үндэсний институтийн санхүүжилтээр хийсэн судалгааны үр дүнг 2021 оны 12 дугаар сарын 28-нд тайлагналаа. 2014-2019 оны хооронд цуглуулсан судалгааны өгөгдлөөр өдөр тутамдаа утаат тамхи хэрэглэдэг, тамхинаас гарах сонирхолгүй 1,600 хүнээс 6% нь тамхинаас бүрэн гарч, 4.5% нь өдөрт нэг ширхэг янжуур хүртэлх хэмжээнд хэрэглээгээ бууруулжээ. Судалгааны баг тэдгээр хүмүүсийн үр дүнд дүн шинжилгээ хийхэд электрон тамхи хэрэглэж эхэлсэн цагаас янжуур тамхинаас гарах хүсэл 8 дахин, янжуур тамхины хэрэглээгээ багасгах хүсэл 10 дахин нэмэгдсэн байжээ” гэсэн байна. АНУ-ын Цээжний хөндий судлалын нийгэмлэг 2020 онд электрон болон утаат тамхины дам тамхидалтын нөлөөллийн талаар мэдээлэл гаргасан байна. Үүнд “Тамхины утаа болон электрон тамхины аэрозол хоёул эргэн тойрны хүмүүсийн уушгинд амьсгалаар дамжин нэвтэрнэ. Утаат тамхины дам тамхидалтад өртсөн хүмүүсийн хавдар тусах, зүрх судас, уушгины өвчлөлөөр өвдөх, астматай болох, дутуу төрөх, нярай эндэх магадлалууд нэмэгддэг. Электрон тамхины ялгаруулж буй аэрозолийн бүрэн аюулыг цаашид судлах шаардлагатай” гэсэн байна. Их Британийн Үндэсний эрүүл мэндийн сэтгүүлийн тамхины хяналт хэсэгт нийтлүүлсэн АНУ-ын эрдэмтдийн судалгааны ажилд “Хэдийгээр электрон тамхи нь утаат тамхийг бодвол тааламжтай үнэр, амттай хэдий ч ялгаруулж буй уур нь ахуйн агаарын чанарт нөлөөлөхүйц бичил бохирдуулагчид агуулж байсан. Эрсдэлээс зайлсхийж электрон тамхийг ч тамхи татдаггүй хүмүүсийн дэргэд шууд хэрэглэхгүй байх нь зүйтэй” гэсэн байна.

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба электрон тамхийг утаат тамхины хамааралтай хүмүүст тамхинаас гарахад нь туслах боломжит хувилбар гэж үзэн зөвлөдөг байна. Харин ДЭМБ болон АНУ-ын Хүнс ба эмийн агентлаг, Хавдар судлалын нийгэмлэг зэрэг томоохон байгууллага үр дүн нь хангалттай тодорхой биш тул тамхинаас гаргах өөр аргуудыг санал болгодог байна. Тодруулбал ДЭМБ-ын 2022 оны 05 дугаар сарын 25-ны электрон тамхитай холбоотой тодруулгад: “Өнөөг хүртэл электрон тамхины үр нөлөөг судалсан судалгаануудаас электрон тамхийг утаат тамхинаас гаргах үр дүнтэй арга гэж үзэх боломжгүй байна. Нийтийн хэрэглээнд электрон тамхийг нэвтрүүлсэн ч утаат тамхины хэрэглээг бууруулах эсэх нь эргэлзээтэй. Тамхидалттай тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол засгийн газар хяналтаа сайжруулж, иргэдийг мэдээлэлжүүлэх арга хэмжээнүүд юм” гэсэн байна. АНУ-ын Хавдар судлалын нийгэмлэг электрон тамхины хэрэглээ ихэссэнтэй холбоотой байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хийж байжээ. Мэдэгдэлд “Хүүхэд, залуус тамхи хэрэглэж болохгүй. Аль хэдийнээ татаад эхэлчихсэн бол эрүүл мэндийн байгууллагад хандаж тусламж хүсэх хэрэгтэй. Хүнс ба эмийн агентлагаас электрон тамхийг тамхинаас гаргах үр дүнтэй, аюулгүй арга гэж үздэггүй. Үнэхээр үр дүнтэй юм бол электрон тамхи татаж буй хүмүүс цаашлаад утаат тамхины хэрэглээ рүү шилжихгүй байх, аль хэдийнээ утаат тамхи татдаг хүмүүс электрон тамхи хэрэглээд утаат тамхиа хаях зэрэг бодит үр нөлөө илрэх ёстой. Тиймээс одоогийн байдлаар электрон тамхи нь тамхинаас гаргах шууд үйлчилгээтэй гэж дүгнэх боломжгүй байна” гэсэн байна.

АНУ-ын Йелийн их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн вэбсайтад АНУ-д 2020 онд олон тоогоор илэрсэн EVALI өвчний талаар мэдээлсэн байна. “АНУ-д 2019, 2020 онд электрон тамхи хэрэглэгчдийн дунд “Электрон тамхины хамааралт уушгины гэмтэл” буюу EVALI өвчний 2800 тохиолдол бүртгэгдсэнээс 68 өвчтөн нас баржээ. АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төв байгууллага шалгалт явуулахад тухайн өвчтөнүүд сүүлийн 3 сар зэрлэг олсны өвсний мансууруулах үйлчилгээтэй THC бодисыг агуулсан электрон тамхийг идэвхтэй хэрэглэсэн байсан байна. Гол нь хэрэглэгчид албан ёсны ямар нэг брэндийн электрон тамхийг биш хар захаас худалдаж авсан нь их байжээ. Мансууруулах бодис агуулсан электрон тамхинд Витамин Е ацетат бодисыг нэмдэг байсан нь өвчлөлийн гол шалтгаан болсныг тогтоосон ба Витамин Е ацетат бодисыг электрон тамхинд ашиглахыг хориглож, гар дамжин зарагдаж буй баталгаагүй бүтээгдэхүүнүүдтэй тэмцэх арга хэмжээ авснаар тохиолдлуудыг эрс бууруулсан байна.” АНУ-ын Уушги судлалын холбооноос 2018 оны 01 дүгээр сард нийт 800 гаруй судалгааны ажил дээр дүгнэлт хийж электрон тамхины хор нөлөөг мэдээлж байжээ. Үүнд: -Электрон тамхины шингэнд агуулагдах пропилен гликол болон ургамлын глицерин нь хүний биеийн эсэд сөрөг нөлөөтэй -Электрон тамхи нь ацет алдегид, акролен, формальдегид зэрэг уушги болон зүрхний өвчлөл үүсгэх аюултай бодис ялгаруулдаг -Акролен нь зэрлэг олсны өвсийг устгахад ашигладаг бодис ба уушгины цочмог үрэвсэл, астма, уушгины хорт хавдар үүсгэж болзошгүй -Электрон тамхи ч дам тамхидалт үүсгэдэг. Электрон тамхины дам тамхидалтад өртөж буй хүн никотин, бичил тоосонцор, диацетил, никель, цагаан тугалга, хар тугалгаар амьсгалж байдаг зэрэг дүгнэлтэд хүрчээ.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst