Сонгино өөртөө хорт бодисыг соронзон мэт хураах чадвартай гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #271

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Арилгасан сонгиныг өрөөндөө тавьснаар өөртөө хорт бодисыг татах чадвартай гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Сонгино нь аливаа өвчнийг өөртөө татах үйлчилгээгүй бөгөөд сонгино өвчин үүсгэгч нянг өөртөө татдаг гэх түүх нь мухар сүсэг, аман түүх юм.

2022 оны 10 дугаар сарын 12-нд Tovch medee.mn фэйсбүүк хуудас “Мэдэхэд илүүдэхгүй” гэж гарчигласан сонгины “өвчин сорох” чадварын талаар хуурамч мэдээлэл постолсон. Уг мэдээлэлд 1919 онд халдварт ханиадаар 40 сая хүн нас барж байхад зөвхөн нэг айл арилгасан сонгино өрөө болгондоо тавьж ханиадны вирусийг наалдуулсан учир амьд үлдсэн гэж сонгины ач холбогдлыг тайлбарлажээ. Энэ мэдээлэл нь тодорхой эх сурвалжгүй зөвхөн Манлай Энх гэж хүн орчуулсан гэсэн ба сонгины ач холбогдлыг худал тайлбарласан байна. Тус мэдээлэл нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны байдлаар 1300 гаруй реакц, 69 коммент авч, 1300 гаруй удаа цааш түгээгдээд байна.

Сонгино нь аливаа өвчнийг өөртөө татах үйлчилгээгүй бөгөөд сонгино өвчин үүсгэгч нянг өөртөө татдаг гэх түүх нь мухар сүсэг, аман түүх юм.

Шалгагдсан мэдээлэл нь хуурамч бөгөөд Snopes, USA TODAY, AP News, Vera Files, The Quint зэрэг Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-ний баталгаажуулалттай баримт шалгаж байгууллагууд тус мэдээллийг шалган худал гэдгийг нь тогтоосон. USA TODAY-д мэдэгдсэнээр дээрх мэдээлэл олон жилийн турш интернетэд тархаж байгаа бөгөөд 2009 онд гахайн ханиад буюу “H1N1” вирус тархаж байх үед тархаж байсныг Snopes, Wall Street Journal зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд баримт шалгалт хийжээ. Бидний шалгаж буй энэ мэдээлэл нь дээрх мэдээллийн монгол хэлээр орчуулсан хувилбар юм.

Хэдийгээр сонгинод агуулагддаг олон төрлийн бодис нь эрүүл мэндэд ач холбогдолтой ч сонгино нь хорт бодисыг өөртөө соронз мэт татах чадваргүй юм. Сонгины үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой АНУ-ын Үндэсний Сонгины Холбоо (National Onion Association) бидний шалгаж буй мэдээллийг няцаасан мэдэгдэлдээ “арилгасан сонгино нянг сорох эсвэл агаар дахь хорт бодисыг сорж, арилгадаггүй” гэж мэдэгдсэн. Мөн ижил мэдээллийг шалгасан Wall Street Journal-н нийтлэлд мэдэгдсэнээр “вирус нь амьд организмд орших шаардлагатай байдаг ба биеэс гаран өрөөгөөр тэнэх боломжгүй” гэж мэдэгдсэн байна. Олон жилийн турш тархсан “Сонгино өвчин үүсгэгч нянг өөртөө татдаг” гэх мухар сүсгийн талаар бүр 1900 онд “Chambers’ Journal” сэтгүүлд бичиж байсныг “Snopes” баримт шалгах төв мэдээлжээ. Тийм учраас арилгаж хонуулсан сонгино нь хор болохгүй эсрэгээр сонгино нь микробын эсрэг үйлчилгээтэй учир нянг татахгүй юм. Хэдийгээр сонгино бусад хүнсний бүтээгдэхүүний адил муудах ч таарсан нөхцөлд буюу битүүмжилсэн саванд 7 хоног хүртэл хадгалж болно гэж АНУ-ын Жиоржиагийн их сургуулийн Хүнсний Аюулгүй байдлын төвийн мэдээлэлд сануулсан байна. Түүнчлэн сонгино дэргэдээ тавьж унтах нь уушгины өвчинг эдгээхгүй тул хэрвээ ямар нэг уушгины өвчин нь хүндэрсэн тохиолдолд дээрх “гэрийн эмчилгээнд” найдалгүй эмчид хандах нь зүйтэй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document